Бага ангийн сурагчдад даалгавар ял шийтгэл мэт тусч байна

2019-08-13

Ө.ТҮМЭНДАРЬ

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Бага ангийн сурагчдын хувьд зуны амралтаараа хийх даалгавар аван зуны турш хийж өнгөрүүлдэг. Энэ нь тухайн хүүхдийн онцлог, насанд тохироогүй хэт их даалгавар өгөх, залхаах, амралтаар нь ачаалал үүсгэж байна. Энэ зуны амралтаар монгол хэл, математик, хүн ба байгалийн ухаан хосолсон даалгаврын ном ерөнхий боловсролын сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчдад өгсөн. Мөн амралтаараа бодох ёстой 100 бодлого нэмэлтээр өгсөн байна. Энэ талаар эцэг эхчүүдээс лавлахад “Хүүхдүүдэд хэтэрхий их даалгавар өгдөг. Өөр зүйлд зарцуулах цаг бололцоо гарахгүй, хүүхдүүд хичээлээс залхаад юун сурах халтуурдаж сурч байна” гэв. Мөн амралтын даалгавар ч гэлтгүй бага насны хүүхдүүдийг хичээлээр их дарж байна. Олон улсын жишигт нийцүүлэх хэрэгтэй хэмээн яриандаа дурдаж байлаа. Тэгвэл олон улсын жишиг гээд байгаа хөтөлбөрийг манай улс аль хэдийнэ туршиж үзсэн билээ. Кембрижийн стандарттай хөтөлбөр эхлүүлж лабортори сургуулиуд дээр туршиж эхэлсэн. Гэвч өндөр өртөгтэй сургуульд эцэг эх бүр хүүхдээ өгч чадахгүй. Бүх сургуулиа тийм стандарттай болгоё гэвэл хэдэн зуун жил шаардагдана. Хамгийн сүүлд 2014 оноос хэрэгжиж эхэлсэн цөм хөтөлбөрөөр бүрэн дунд боловсролын хичээлийг явуулах болсон. Гэсэн ч сурагчдад ачаалалтай даалгавар өгөх нь өөрчлөгдөөгүй хэвээр байсаар байна. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарт цөм хөтөлбөрийн хэрэгжилт дутуу дулимаг санагддаг гэж байлаа. Тухайлбал, хөтөлбөрийн зарим агуулга асуудалгүй боловч хөтөлбөртөө тохирсон сурах бичиггүйгээс асуудал үүсдэг байна.

“Багш сургалтаас сурагч төвтэй тогтолцоонд шилжүүлнэ” гэсэн ч хүүхдийг бие даан хөгжүүлэх дасгал, бодлого сурах бичигт бага орсон. Нэг сэдвийг удаан давтаж байж сайн эзэмшдэг байтал өдөр бүр шинэ хичээл үзэх шахуу хуваарьтай. Гэтэл үүнээс үүдээд хүүхдүүд ачаалалтай байх нь аргагүй. Даалгавар өгөхгүй л бол хүүхэд өдөр бүр шинэ мэдээллээ гэртээ давтахгүй сураад байвал эхнээс нь мартана. Ийм аргаар бага ангийн сурагчид сурч байна. Бага насны хүүхдийн тархины хөгжил, мэдээллийг боловсруулах чадвар, бие физиологийн онцлогт тулгуурлаж хичээл заах хэрэгтэй. Үүнийг Нийслэлийн боловсролын газрын бага боловсрол хариуцсан мэргэжилтнээс тодруулахад “Өмнө нь хичээлийн агуулга их байсан учраас багш нар шахуу хуваарьтай ажиллаж даалгавар их өгдөг байсан. Энэ жил боловсролын яамнаас цөм хөтөлбөрийн сайжруулалт гээд өөрчлөлт хийж эхэлсэн. Дөнгөж хэрэгжиж эхлэх гэж байна. Манай зүгээс багш нарыг аль болох бага даалгавар өг гэж хэлдэг ч энэ нь тухайн багшийн заах арга барилаас шалтгаалаад багш бүр өөр даалгавар өгдөг. Тухайн багшийн л шийдвэр” гэлээ. Тэгвэл багш нарын зүгээс ч мөн сурагчиддаа анхаарал хандуулж, хамтран ажиллаж хүүхдийнхээ суралцах үйл явц, сэтгэл зүйг сайн анзаарч ачааллыг бууруулах хэрэгтэй болж байна.

 

Хичээлийн агуулгыг сонирхолтой байдлаар заах хэрэгтэй

 

Энэ талаар Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач, боловсрол, гэр бүл, хүүхэд сэтгэл зүйн албаны дарга Ундармаагаас тодруулахад “6-10 настай хүүхдийн нойр сэргээд тархи бүрэн идэвхжих үе 09:00-11:00 цагт байдаг. Энэ цагт мэдээллийг амархан ойлгож авч чадна. Ингэхдээ хүүхдийн биеийн хэсгүүд, гарын нарийн булчингуудыг ажиллуулсан, тархины хөгжлийг аль аль талаас нь дэмжсэн хөтөлбөртэй байвал юмыг сайн ойлгоно. Хичээлийн агуулгыг аль болох сонирхолтой арга барилаар заах хэрэгтэй байгаа юм. Бага насныхны хувьд дээд тал нь 20 минут л анхаарал нь төвлөрдөг. 20 минутын 5-6 минутад хамгийн дээд цэгт анхаарал нь төвлөрч мэдээллийг боловсруулж цааш мэдлэг болгон ашиглаж чаддаг. Аливаа мэдээллийг мэдлэг болгон авч ашиглаж сурахад тоглоомоор буюу сонирхлыг нь татсан үйл ажиллагаагаар заахгүй бол анхаардаггүй. Хатуу аргаар заах нь буруу юм. Гэтэл зуны даалгавар хүүхдийн хувьд ч эцэг эхийн хувьд ч бараг шийтгэл шиг санагддаг. Насны онцлогт нь тохирсон мэт харагддаг ч багш яаж хийх зааврыг нь өгөөгүй хэт их даалгавар өгснөөр эцэг эхчүүд буруу арга барилаар хийлгэдэг. Үүнээс үүдэн хичээлээс залхах эрсдэл үүсдэг. Өдөрт хүүхдэд 1-2 цагийг зарцуулахуйц даалгавар өгөх нь зүйтэй. Эхний 20 минут даалгавар хийлээ дараагийн 20-30 минутад амарч тоглуулж, тааваар нь байлгах үлдсэн цагт бусад юмаа хийж дуусгахаар цагийг нь тохируулах ёстой. Багш нар ямар нэгэн байдлаар хүүхэд бүрийн даалгаврыг шалгаж тодорхой хэмжээнд урамшуулж, шагнаж байх хэрэгтэй. Ингэхгүй бол хүүхэд хийсэн хийгээгүй ямар ч хэрэггүй юм байна гэсэн ойлголт сууж урам нь хугардаг” гэж байлаа. Тэгэхээр энэ жил багш нарын арга барил болон хөтөлбөрийн сайжруулалтын үр дүнг хүлээж суух л үлдэж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ