Б.Хурц нарын шүүх хурлын үеэр хэн юу хэлэв

2019-08-12

С.САРУУЛ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Ц.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймгийн шүүхэд үргэлжилж байна.

Хуралд ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын 9 хүн шүүгдэгчээр оролцож байгаа. Мөн өнөөдрийн хуралд С.Зориг агсны эхнэр Б.Булган оролцож байгаа юм.

Энэ удаагийн хуралд УИХ-ын түр хорооны гишүүд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч шүүгчид хүлээж аваагүй.  Мөн Шүүх хуралдааны танхимын гадна тайлбад иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм.

Ингээд шүүх хурлын үеэр хэн юу хэлснийг тоймлон хүргэе.

Өмгөөлөгч Б.Мэргэн

-Хурал хэвийн үргэлжилж байна. Шүүх хуралдааныг хаалттай, нээлттэй явуулах тал дээр нилээд маргаан үүсээд байх шиг байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. Маш нууцын зэрэглэлтэй хэрэг учраас үүнийг шүүх шийдэхгүй. Засгийн газрын 115 дугаар тогтоолд энэ хэсгийн гээд жаахан хэсгийн тасдаж аваад олон нийтэд ил болгосон шүү дээ. Бусад 30 гаруй хавтаст хэрэг нууц хэвээрээ байгаа. Энэ хэргийн нууцыг ил болгох асуудлыг Тагнуулын ерөнхий газрын саналаар Засгийн газар шийдвэрлэх ёстой. Тэрнээс биш шүүхийн байгууллага шийдэхгүй. Тэгэхээр шүүхээс хамаарч энэ хэргийг хаалттай хэлэлцээд байгаа юм биш.

С.Зориг агсны гэргий Б.Булган:

-Би барагтаа юм ярьж болохгүй. Хурал эхэлсэн учраас дуусах ёстой. Одоо хойшилно гэж байхгүй. Тиймээс шийдэгдэх байх гэж бодож байна. Хэтэрхий олон хүн байна. Есөн хүн байна, тэдний өмгөөлөгч нар үг хэлнэ гэхээр өнөөдөртөө багтах болов уу. Би шүүх хуралд хохирогчоор оролцож байгаа.

-Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа:

-Энэ хэргийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Гадаадын хүний эрхийн байгууллагууд ч гэсэн энэ хэргийн талаар мэддэг боллоо.  Жирийн иргэнийг 100 хувь хэлмэгдүүлж, өчнөөн зодуур, нүдүүрийн арга хэрэглэлээ. Б.Хурц яахаараа ингэж зүтгээд байдаг хүн бэ.  Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг л түргэн суллахгүй бол одоо бие нь улам муудаж байна. Одоо дөрвөн жил боллоо шүү дээ. Сар болоод нэг удаа хүүтэйгээ уулздаг юм. Сүүлд 20-иод хоногийн өмнө хүүтэйгээ уулзсан. Би өнөөдрийн шүүх хурлыг үнэн зөв шийдэх байх гэж бодож байна. Би хохирогч хэдий ч шүүх хуралд орж чадахгүй, оруулахгүй байгаа. Яагаад оруулахгүй байгаа юм бэ. Өөрсдөө хуйвалдаан зохион байгуулах гээд ингэж байгаа юм болов уу гэж хардаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ