Гишүүдийг ажиглагчаар оролцуулах эсэхийг шүүгчид шийдвэрлэнэ

2019-08-12

С.САРУУЛ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Ц.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймгийн шүүхэд эхлэх гэж байна. /2018.08.12/ Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм.

Уг хүсэлтийн дагуу шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шүүгдэгчийн хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзсан билээ. Тиймээс  өнөөдрийн шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцохоор болжээ. Өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасны дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн, ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нар шүүх хуралд оролцсон юм.

Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар Олон Улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлтийг дагуу байгуулагдсан УИХ-ын түр хороо өнгөрсөн Баасан гаригт тус шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өгсөн юм. Тус хорооны даргаар Ж.Батзандан ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Санжмятав, Л.Болд, А.Сүхбат,  Ө.Энхтүвшин нар багтаж буй. Тэднийг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн удахгүй шийдвэрлэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ