Их Британийг буруушаалаа

2019-08-11

Х.ОЮУНБОЛД

БНХАУ дотоод асуудалд нь хөндлөнгөөс оролцох гэсэн бүх алхмыг эсэргүүцсэн байр суурийг баримталж байгаагаа мэдэгджээ. Ялангуяа, Хонгконг, Макао, Тайваньтай холбоотой асуудалд хөндлөнгөөс бусад орон оролцож байгааг буруушааж байгаа аж.Тодруулбал,энэ улсын Гадаад харилцааны яам Их Британи хамгийн сүүлд тусгай засаг захиргааны бүс Хонгконгийн асуудалд хөндлөнгөөс оролцсоныг шүүмжлээд, Лондонг үүнийгээ зогсоохыг уриалжээ. Хятадын Гадаад харилцааны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунин Их Британиас БНХАУ болон Хонгконгийн дотоод асуудалд оролцож байгаагаа даруйхан зогсоохыг шаардлаа. Тэрээр энэ мэдэгдлээрээ Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Раабийн өнгөрсөн пүрэв гаригт Хонгконгод болсон эсэргүүцлийн жагсаалын талаар хийсэн мэдэгдлийг эсэргүүцсэн байна. Мөн тэнд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэхийг энэ арлын захирагч Кэрри Ламд уриалжээ. Хуа Чунин “Хонгконг нь одоо БНХАУ-ын тусгай захиргаатай бүс нутаг. Их Британийн колони мэдэлд нь байсан өдрүүд ард хоцорсон” гэж хэлсэн байна. Тиймээс Их Британи энэ арлыг захирах, шүүх эсвэл хянаж шалгах эрх байхгүй гэж нэмж мэдэгджээ. Хуа Чунин Их Британийн Засгийн газрыг дарамт үзүүлэх, Хонгконгийн талаар үндэслэлгүйгээр гүтгэлэг хийж байгаагаа болихыг шаардсан байна. Үүний өмнө БНХАУ АНУ-ыг Хонгконгийн асуудалд ялангуяа, сүүлийн саруудад гэмт хэрэгтнийг нутаг буцаах хуулийг шинэчлэх төслийг эсэргүүцсэн жагсаал энэ аралд газар авч байгаа үеэр оролцож байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ