Долоо хоногийн фото тойм

Л.Батдорж

2019-08-11

Даваа гариг 8 сарын 5

Их хэмжээний хөгцөрсөн цагаан будааг илрүүлэн, буцаалаа

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ-аас нэр бүхий компанийн импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас хөгцөрсөн байсныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн таслан зогсоож, экспортлогч оронд нь буцаалаа.

Фото@Zasag.mn

Мягмар гариг 8 сарын 6

Үндсэн хуулийг өнгөцхөн өөрчлөх үү?

1992 онд батлагдсан Үндсэн хуулиас хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдсөн, алдаа оноо нь юу байв.  Одоо хэлэлцэж буй эрх баригч намын 62 гишүүний санаачлан боловсруулсан Үндсэн хуулийн төсөл, Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулийг өөрчлөх санал,  МАХН-аас боловсруулсан  Шинэ дээд Үндсэн хуулийн үзэл санаа гэсэн асуудлуудыг энэ удаагийн нээлттэй хэлэлцүүлэг онцолжээ.

“ТВ-9” телевизийн зохион байгуулсан хэлэлцүүлэгт Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном, Ардын Их хурлын дэд дарга асан Ж.Гомбожав, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, эрдэмтэн зохиолч Л.Дашням, “ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга, хуульч П.Баттөр,  МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр нар оролцлоо

Лхагва гариг 8 сарын 7

2021 оны наадмыг шинэ цэнгэлдэхэд үзнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар шийдвэрлэлээ.

Засгийн газрын хэвлэлийн албанаас өгсөн мэдээллээр, Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарлах юм байна.

Пүрэв гариг 8 сарын 8

“Аравт”-д Монгол Улсын баг тэргүүллээ

“Цэргийнхэн дайн тулааны талбарт бус харин тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой” гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн “Олон улсын цэргийн наадам” манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг Монгол Улс амжилттай зохион байгууллаа. “Аравт” анхдугаар уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс үндсэн оролцогчоор, БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве зэрэг орнууд ажиглагчаар оролцсон бөгөөд уралдааны тэргүүн байрт ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын баг тэргүүлж, Казахстаны баг хоёрдугаар байрт, Киргиз, ОХУ-ын баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа. “Аравт” уралдааны хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, морьтон дайчдад баяр хүргэлээ.

Баасан гариг 8 сарын 9

Пентагоны тэргүүн манай улсад айлчиллаа

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер манай улсад айлчилж байна. Тэрээр саяхан АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон бөгөөд анхны айлчлалаа Азийн таван орноос эхэлж байна. Түүнийг өчигдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд угтан авч, хүндэтгэл үзүүлэв. Сайд нар Монгол Улс Энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож байгаа болон хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар  ярилцлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ