Түрээсийн орон сууцаны сонгон шалгаруулалт эхэллээ

2019-08-09

Б.БАЯРЖАВХЛАН

“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан юм.  Тэгвэл Өнөөдөр сонгон шалгаруулах комисс хуралдаж, эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг нээлттэйгээр хэлэлцэж, сонгон шалгаруулалтыг хийж байна. Сонгон шалгаруулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, өрхийн ам бүлийн тоо гэх мэтээр эрэмбэлээд явж байна. Сонгон шалгаруулалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн таван төрлийн холбоодын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан оролцож байна. Сонгон шалгаруулалт хэвлэлийнхэнд ч нээлттэй байгаа. Танил тал, авилга авах зэрэг хэн нэгэн давуу эрхтэйгээр орон сууцанд орох ямар ч боломж байхгүй. Бүх процесс нээлттэй явагдаж байгаа. Шалгаруулалтад тэнцээд сонгогдож байгаа иргэд материал бүрдүүлж өгөх ёстой. Бүрдүүлсэн материал нь шаардлага хангахгүй байна гэж үзвэл шууд дараагийн иргэнийг оруулах зохион байгуулалттай явж байгаа. Сонгон шалгаруулалт өнөө маргаашдаа дуусна. Ирэх долоо хоногт материал бүрдүүлэх ажилдаа орно. Сонгон шалгаруулах комисс есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” хэмээн ярилаа.

Тэгвэл энэ үеэр Тэргэнцэртэй иргэдийн холбооны санхүүгийн ажилтан Б.Болормаа “Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт ил тод, шударга, нээлттэйгээр явагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, шалгаруулалтын явцад оролцож, хяналт тавьж байгаа учраас үнэн бодитой ил тод байгааг харуулж байна. Миний хувьд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй байгаа” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ