Долоо хоногийн фото тойм

Л.Батдорж

2019-08-04

Даваа гариг 7 сарын 29

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп манай улсад айлчиллаа

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп манай улсад айлчлан ирлээ. Түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс угтан авч хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Тиймээс Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп энэ удаагийн айлчлалдаа нэлээд ач холбогдол өгч байна.

Хоёр орны  Их хурлын дарга нар уулзаж, эхний хэлэлцээг хийлээ.  Парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгэм эдийн засаг, иргэний нисэх, аялал жуулчлал тэргүүтэй олон салбарт хамтрах талаар санал солилцсон байна. Тухайлбал хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг дэмжих, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хоёр орны зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтлоо.

Мягмар гариг 7 сарын 30

Андрей Кухарук: Монгол Улсад авлига газар авсан байна

Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний зөвлөх Андрей Кухарук “Монгол Улсад том хэмжээний авлига газар авсан байна. Энэ нь манай улсад томоохон асуудал болно. Улс төрийн өндөр албан тушаалтанд хамаарах шударга байдал, ёсзүйн горим журмыг мөрдүүлэх чиглэлээр дорвитой ажиллаагүй гэсэн дүгнэлтийг хийснээ хэллээ. Тиймээс Монгол Улс энэ чиглэлээр том хэмжээний реформ хийх мөн авлигыг мэдээлэгч буюу “шүгэл үлээгч”-ийг хамгаалах эрхзүйн орчин бүрдээгүй байна.

Лхагва гариг 7 сарын 31

100 сая долларын санхүүжилтийг баталлаа

Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр дахь удаагийн санхүүжилт болох 100 сая ам. долларыг баталжээ.  Уг санхүүжилтийг Дэлхийн банкны Эдийн засгийн удирдлагыг дэмжих цуврал хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа юм.

Эхний хөтөлбөр 2017 оны арваннэгдүгээр сард батлагдаж байсан бол энэ удаагийнх эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, улсын төсөв, санхүүг  бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чухал үүрэгтэй юм. Эдийн засгийн удирдлагыг дэмжих цуврал хөтөлбөр нь өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэдэг байна.

Пүрэв гариг 8 сарын 1

УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн байгууллагын удирдлагуудад шаардлага хүргүүлэв

УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, УДШ-ийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарт албан бичиг илгээлээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ял завших боломж олгох, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож буй талаарх асуудлыг шалгаж, яаралтай арга хэмжээ авахыг албан бичгээр сануулсан байна.

Баасан гариг 8 сарын 2

Төмөр замчид түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж байна

Монгол-Оросын төмөр замчид өнөөдөр хоёр улсын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулсны түүхэн 70 жилийн ойн баяраа тэмдэглэж байна.

Монголын төмөр замчдын баяр төмөр замын ахмад зүтгэлтэн Н.Цэрэнноров агсны дурсгалын хөшөөнд УБТЗ-ын удирдлага, хамт олон цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлснээр эхлэв.

“Улаанбаатар” зангилааны бүх салбар нэгжийн төлөөлөл ажилтнууд Зорчигч үйлчилгээний төв буудлаас Төмөр замчдын Соёлын ордон хүртэл баярын парадаар жагссан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ