С.Цэрэндэмбэрэл: Гадаадад амьдарч буй иргэд сонгууль өгч, даатгалд хамрагдаж чаддаггүй

2019-08-01

Б.ДАРЬСҮРЭН

Энэ оны эхний зургаан сарын байдлаар хилийн чанадад манай улсын 180 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч байна. Үүнээс 50 мянга нь БНСУ-д, 40 мянга нь Европын орнуудад, 40-50 мянга орчим нь АНУ-д амьдардаг бол үлдсэн 40-50 мянга нь бусад орнуудад суурьшдаг аж. Хилийн чанад дахь иргэдийн талаар болон тэдэнд тулгамдсан асуудлаар “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”, Гадаад харилцааны яам хамтран мэдээлэл өглөө. Энэ жил “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн таван жилийн ой тохиож байгаа юм.

 

Н.Номун-Эрдэнэ: Гадаадад амьдарч буй иргэдэд мэдээлэл өгөх 140 гаруй ТББ ажиллаж байна

/ Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн /

 

-Энэ оны байдлаар гадаадын улс орнуудад байгаа иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, тусламж үзүүлэх зорилгоор 47 оронд 140 гаруй ТББ үйл ажиллагаа явуулж байна. 2016 онд Монгол Улсын Засгийн газраас “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг зохион байгуулсан. Үүнд боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр, мөн гадаад сурталчилгааны болон эх орондоо эргэн суурьшиж буй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар тусгасан байгаа. “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” –ийн анхдугаар чуулга уулзалтыг 2014 онд ГХЯ-ны дэмжлэгээр зохион байгуулсан. Энэ уулзалтын үр дүнд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй холбоо, ТББ-уудтай нэгдсэн сүлжээгээр харьцах  зарчимд  нэгдсэнээс хойш тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн 30 гаруй оронд манай 60 орчим боловсролын байгууллага, мөн хэл соёлын талаар ажиллаж буй багш нарын талаар Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яамтай хамтран сургалтын жишиг хөтөлбөрийг багш нараа сургаж, бэлтгээд байна. Манай иргэдэд гол тулгамдаад байгаа нь нийгмийн асуудал. Ялангуяа хилийн чанадыг зорьж буй оюутан залуусын асдуудал байдаг.Тэд зөв мэдээллээр сургуулиа сонгон суралцах шаардлагатай. Хэн нэгний ам дамжсан яриагаар буруу сургуульд элсчихдэг. Дараа нь асар их хохирол амсдаг. Тэдэнд мэдээлэл өгөх зорилгоор мэдээлэл сурталчилгааны өдөрлөг, бусад үйл ажиллагааг зохион байгуулсаар байна. Өөр нэг анхаарах зүйл бол өсвөр үеийнхний хэл соёлын асуудал. Үүн дээр өнгөрсөн жил Ерөнхий сайдын ивээл дор ТББ-уудын III чуулга уулзалт зохион байгуулахдаа холбогдох яам, байгууллагуудтай ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.

 

Х.Мандахцэцэг: Гадаадад байгаа иргэдийн асуудлыг  хариуцсан тусгай баг хүртэл ажиллуулж байна

 / ГХЯ-ны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал /

 

-Монгол Улсын иргэн хаана амьдарч буйгаас үл хамааран эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс өнгөрсөн таван жилийн хугацаанд “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтарч ажиллалаа. Хамтран гүйцэтгэсэн ажлаа эргэн харахад, олон ажил дээр үр дүн гарчээ. Хамтын ажиллагаа эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад, иргэд болон төр хоорондын харилцаа нээлттэй, ил тод болсон. Учир нь Консулын газар болон Элчин сайдын яамдад хандах иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Мөн төр засгаас иргэдийнхээ асуудлыг нухацтайгаар хөндөх болсон. Асуудал яригдана гэдэг цаашдын үйл ажиллагааны үндэс болж, ажил хэрэг болдог. Дараагийн үр дүн гарсан нь гэвэл төр өөрөө иргэдээ анхаараад, тэдэнтэй хамтарч ажилласнаар цаашдын эдийн засгийн болон бусад салбарын бодлого дээр  хүмүүсийн туршлагыг авч болох нь ээ гэсэн ойлголтыг өгч чадсаны үндсэн дээр төрийн байгууллагуудын үйл ажиллагаа эрчимжиж байна. Өмнө нь гадаадад байгаа иргэдийн асуудлыг  хариуцсан алба, газаргүй байсан яамд маань тусгайлан газар нэгжүүд байгуулж, цаашлаад тусгай баг хүртэл ажиллуулж байна. Ингээд ирэхээрээ ажил  нэлээн сайн урагштай явж, үр дүн гарч байгааг харлаа. “Дэлхийн монголчууд-II” хөтөлбөрийг ирэх онд зохион байгуулахаар ажиллаж байна.

 

С.Цэрэндэмбэрэл: Онлайн, захидлаар  санал өгөх зэрэг олон аргууд байгаа

 / Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн нийгмийн бодлогын хорооны дарга /

 

-Бид таван жилийн ой гэж баярлахаас илүү ажил хэрэгч байдлаар өнгөрүүлэхийг зорьж байна. Хилийн чанадад Монголын харьяалалтай 60-аад сургуульд ойролцоогоор 4000 орчим оюутан сурагчид суралцаж байна. Тэдэнд зориулж, БСШУЯ, багш нарын мэргэжлийн институт, МУИС-тай хамтран хоёр өдрийн семинар энэ сарын 1-ний өдөр МУИС дээр эхэлсэн бол 2-ны өдөр багш нарын мэргэжлийн институт дээр явагдах юм. Гадаадад  суралцдаг залуус  зуны улиралд эх орондоо ирж амрахыг эрмэлздэг. Тэдэнд зориулж, энэ сарын 2-12-ны өдрүүдэд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон ОУ-ын хүүхдийн “Найрамдал” төвтэй хамтран тусгай ээлжийг бий болгоод байгаа. Дараагийн асуудал бол нийгмийн даатгалын шимтгэл. Учир нь хилийн чанадыг зорьсон иргэд нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаж чаддаггүй. Гадаад олон жил болж ирээд, ямар нэг нийгмийн хамгаалал байдаггүй асуудал байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Үр дүнд нь Польш, Турк, Чех улсуудтай олон улсын нийгмийн хамгааллын хэлэлцээ хийж, хоёр улсын хооронд зорчсон иргэд эх орондоо ирээд, тэтгэврээ авдаг, нийгмийн даатгалдаа хамрагдах ийм хэлэлцээрийг байгуулсан . Өмнө нь БНСУ, Унгар улсуудтай байгуулсан. Эдгээр нь Засгийн газрын түвшнийх боловч гол хөшүүрэг болдог хэсэг нь тухайн улсад амьдарч буй иргэд юм. Мөн дээр хэлсэнчлэн сонгуульд санал өгөх явдал юм. Үндсэн хуульд заасан иргэний эрхийнхээ дагуу сонгох эрх гэж бий. Сонгуулийн тогтолцооноос хамаараад, зарим сонгуульд гадаад дахь иргэд оролцож чадаагүй. Жишээлбэл 2016 оны парламентийн томсгосон тойрогтой сонгуульд оролцоогүй. Харин 2012 оны парламент, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд сонгогчид ЭСЯ-нд онлайнаар болон факсаар эсвэл өөрийн биеэр бүртгүүлээд, дараа нь дахиж биеэр очиж саналаа өгч байсан. Хөгжил дэвшлийн энэ зуунд саналаа өөрөөр өгөх боломж бий. Онлайнаар, захидлаар аль эсвэл бие төлөөлөгчөөр өгөх зэрэг олон аргууд байгаа.

Эцэст нь гадаад руу явахаар төлөвлөж буй иргэдэд хэдэн зүйлийг анхааруулмаар байна. Зуучлагч байгууллагаар үйлчлүүлж байгаа бол албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг нягтлах, мөн тухайн очих улсынхаа ёс заншил, нийгмийн талаар зөв эх сурвалжаас мэдээлэл авах шаардалагатай. Эдгээрийг мөрдөөгүйгээс өөрөө асуудалд холбогдох эрсдэл бий болдог” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ