Долоо хоногийн фото тойм

Л.Батдорж

2019-07-28

Даваа гариг 7 сарын 22

Үндсэн хуулийн талаарх Н.Энхбаярын асуултад ажлын хэсгийнхэн хариулж чадсангүй

Үндсэн хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах төсөлтэй Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал, төсөл болон улс төрийн намуудын байр суурийг нэгтгэх хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийлээ. Нийт таван удаагийн хэлэлцүүлэг явуулах бөгөөд өнөөдөр “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” сэдвээр талууд байр сууриа илэрхийлж, асуулт хариулт өрнүүллээ.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулж   МАХН-ын дарга Н.Энхбаярын тавьсан асуултууд   анхаарлын төвд байсан юм Тэрээр:

“УИХ, ЕТГ  хамтран  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг хийж байгаа нь сайн хэрэг. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ, Засгийн газрын гишүүд хоорондоо хэлэлцээд батлах гээд байгаа нь учир дутагдалтай гэж үзэж  энэхүү хэлэлцүүлгийг шаардаж байсан” хэмээн байр сууриа тодотгож байсан. Тэрээр  асуулт тавьсан ч ажлын хэсгийнхэн, хэлэлцүүлгийг зохион байгуулагчид бүрэн дүүрэн  хариулт өгч чадаагүй юм.

 

Мягмар гариг 7 сарын 23

“УАА” серийг зөвхөн импортын автомашинд олгоно

Улсын хэмжээнд нийт 1003922 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй 2012 оноос хойш тээврийн хэрэгслийн улсын дугаарын сери шинээр  олгогдоогүй бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 серийн 499950 дугаар байдгаас өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэлд олгох дугаарын хомсдол үүсээд байгаа аж. Иймд нийслэл хотод олгогдох дугаарын нөөц дууссантай холбоотой шинээр улсын дугаарын сери болох “УАА” серийг 07.24 олгохоор болжээ. Энэхүү серийг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгох юм.

 

Лхагва гариг 7 сарын 24

Үндсэн хуулийг шинэчлэн найруулах асуудлаар 14 нам Ерөнхийлөгчид хандлаа

Парламентад суудалгүй намууд, зарим иргэний хөдөлгөөнтэй  хамтран Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт бус шинэчилсэн найруулга хийх ёстой гэсэн байр сууриа нэгтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар албан бичигт гарын үсэг зурлаа. Мөн Үндсэн хуулийг өөрчлөх хэлэлцүүлгийг ил тод, нээлттэй  байлгах шаардлагыг  тавьж, олон талыг оролцоог хангасан мэтгэлцээн явуулж өгөх хүсэлтийг  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, МҮОНРТ-д бичгээр хүргүүлэхээр болов.

 

Пүрэв гариг 7 сарын 25

Хэлэлцүүлэг 4: Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбогдох хэсгийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэгт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон 21 аймгаас 38, нийслэлийн 9 дүүргээс 16 оролцогч, түүнчлэн зарим сум, баг, хорооны төлөөллүүд, мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцохоор хүсэлтээ ирүүлснээс хэлэлцүүлгийг нээлтэд 120 гаруй нь хүрэлцэн ирээд байгааг хэлэлцүүлгийг даргалагч танилцууллаа.

 

Баасан гариг 7 сарын 26

Элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд 3700 иргэнийг хамруулжээ

ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүллээ.

Элэгний эхо үзлэг, В, С вирусын илрүүлэх шинжилгээнд 3700 гаруй хүн хамрагдсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудын 200 орчим ажиллагсад үйлчиллээ. Эрүүл мэндийн даатгалтай болон даатгалгүй иргэд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн асарт бүртгүүлснийхээ дараа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдан, шинжилгээний хариугаа 30 минутын дараа авч байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ