Даланжаргалан сумынхан химийн хаягдал дунд амьдарч байна

2019-07-23

Б.БАЯРЖАВХЛАН

Дорноговь аймгийн Даланжаргалан сум уул уурхайн лиценз хамгийн олонтой. Тэр дундаа жоншны уурхай, үйлдвэрийн тоогоороо тэргүүлдэг.Үйлдвэрийн хаягдал усны өмхий үнэртэж, сумынхан хордож байна гэсэн иргэдийн гомдлын дагуу бид дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм. Сумын төвтэй ойрхон байдаг жоншны үйлдвэрийн хаягдал усны далан саяхан задарчээ. Тодруулбал, сумаас 2-3 км-ийн зайд байрлах “Кевин инвест” компанийн жонш угаах үйлдвэрийг түрээслэгч “Эко хэлхээ” компанийн хаягдал усны далан өнгөрсөн дөрөвдүгээр сард задарч гурван төрлийн химийн хортой бодис агуулсан ус урсаж сумын иргэдийн эрүүл мэнд болон малын бэлчээрт аюул учруулах хэмжээнд хүрлээ гэсэн мэдээлэл ирсэн юм. Тухайн үед аймгийн мэргэжлийн хяналт болон онцгой байдлын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон боловч саяхнаас ажиллаж эхэлсэн байна. Иргэдийн хэлж байгаагаар мэргэжлийн хяналтын байгууллага лацаа өөрсдөө авсан гэж байлаа. Үйлдвэрийн ажил эхлэнгүүт өнөөх өмхий үнэр дахин гарч эхэлсэн талаар иргэд хэлж байлаа.

 

Үйлдвэрийн ажиллагаа хэвийн болоход үнэр арилна гэв

 

Энэ талаар Даланжаргалан сумын байгаль хамгаалагч С.Дандарбаатараас тодруулахад “Би энэ ажлыг аваад хоёр сар болж байна. Хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудыг өмнө нь байсан байцаагч овоо цэгцэлсэн байдаг. Уг нь одоо бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулж байгаа газар байхгүй. Байгаль орчны байцаагч хязгаарлагдмал эрхтэй. Бичиг баримтаа бүрдүүлсэн компанид байгаль орчны байцаагчийн зүгээс ямар нэгэн хориг саад тавих эрхгүй. Тэгвэл ашиг сонирхлын зөрчил болно гэж үздэг. “Эко хэлхээ” компанийн хувьд хуулийн  дагуу олборлолт хийх эрхтэй. Үйл ажиллагааных нь явцад жонш угаасан усны далан задарсан. Энэ тухай мэдээд мэргэжлийн хяналт онцгой байдал дуудаж тухайн өдөр нь дээж авч мэргэжлийн компаниар дүгнэлт гаргуулаад үйл ажиллагааг нь зогсоосон. Мөн нөхөн сэргээх явцыг нь баталж өгөөд түүний дагуу нөхөн сэргээлтийг хийлгэсэн.  Ингээд өнгөрсөн сард нөхөн сэргээлтээ хийж дууслаа гээд биднээр дүгнэлт гаргуулаад явсан юм.  Мэргэжлийн хяналт ирээд лацыг нь авч үйл ажиллагааг хэвийн болгосон байсан. Энэ талаар би саяхан мэдсэн” гэж хариуллаа. Байгаль хамгаалагчийн зүгээс хортой агаарын шинжилгээ хийлгэхээр бодсон боловч хүнд үзүүлж буй хор нөлөөллийнх нь талаар тодорхой хариу тус шинжилгээгээр гардаггүй учир больсон талаараа бидэнд хэллээ. Тус компанийн үйлдвэрээс одоо гарч буй үнэрийн хувьд үйлдвэрийн үйл ажиллагааг нь лацдаж зогсоосны улмаас шүүсэн ус нь эргэлтэд орохгүй байсаар өмхийрч муудсан гэсэн тайлбарыг тэрээр өгсөн юм. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа нь жигдрээд ирвэл энэ үнэр зүгээр болно. Химийн хортой усыг зөөх боломж байхгүй тул далангаар хамгаалахаас өөр арга алга гэж байлаа.

 

Ганцхан суманд 97 лиценз байна

 

Даланжаргалан сумын талаар мэдээлэл өгөхөд тус сум нь Улаанбаатар хотоос 370 км зайтай бөгөөд 400 мянган га талбай, 2800 хүн ам, 820 гаруй өрх, 126 мянган толгой малтай. Их нартын тусгай хамгаалалтын газартай. Энэ нь аргалийн сүргийн нягтаршлаараа дэлхийд нэгдүгээрт ордог газар нутаг юм. Сумын нутаг дэвсгэрээр Ази, Европ тивийг холбосон авто болон төмөр зам дайран өнгөрдөг. Эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй.  Гэтэл сүүлийн жилүүдэд тус сумын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь уул уурхайд өртөөд байгаа юм. Энэ оны байдлаар зөвхөн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт хайгуулын 97 лиценз байгаагаас 23 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Сумын оршин суугчдын амьжиргааны голлох салбар болох мал аж ахуй, уул уурхайгаас болж их хумигдсан. Ялангуяа, сумын төвөөс хойд зүгт оршдог Элдэв багийн эргэн тойронд ихэнх уурхай төвлөрсөн байдаг аж.

Даланжаргалан сумын хэмжээнд ухагдаж орхигдсон 55 мянга гаруй га талбай, 353 нүх байгаа байна.  Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага гэж байдаг. Тэгвэл тус суманд энэ олон уурхай, баяжуулах үйлдвэрүүдээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэж нэг цэцэрлэг, нэг ухаалаг худаг өгснөөс өөр бүтээн байгуулалтыг хийгээгүй л байна.

Сумын иргэдийн хувьд уул уурхайн компаниудын хортой нөхцлийг эсэргүүцдэг ч яаж ч чадахгүй энэ хүртэл явж ирснийг бидэнтэй уулзах үеэрээ хэлж байв. Мал аж ахуйн салбар нь нэгэнт хумигдсан тул уурхайд ажиллахаас өөр сонголтгүй болсон залуус тэнд олон байна. Сурвалжлагын эхэнд дурдсан хаягдал усных нь далан задарсан “Эко хэлхээ” компанийн ажилтан залуутай бид уулзсан юм. Тэрээр 650 мянган төгрөгийн цалин авдаг. Уул уурхайд ажиллахаас өөр сонголт байхгүй талаар хэлж байлаа.Түүнчлэн хүнд, хортой нөхцөлд ажилладаг компанийн зүгээс хор тайлах вакус л өгдөг гэж байв.

 

“Сүүлийн жилүүдэд эрүүл уушгитай мал олдохоо больсон”

 

“Манай багийн малчид сүүлийн жилүүдэд уул уурхайн хор уршгийг ихээр хүртэж байна. Мал уурхайн нүхэнд унаж үхэх, хамгаалалтын торонд биеэ урах, хортой ус уух гээд хохирох нь элбэг. Үүнээс гадна шууд бус хохирол их байна. Машины тоосжилт, хөл хөдөлгөөнөөс үүдэн манай нутагт зун ирэхээ байлаа. Бэлчээр багасч, ундны ус ховордсон. Манайхаас сүүлийн хэдэн жил эрүүл уушгитай мал гарахаа больсон. Мал хийх бүрт уушги нь өвчтэй гарах болсон. Ямар сайндаа хэдэн малаа нядлаад төв суурин газар бараадах талаар бодож байна” гэж Даланжаргалан сумын Элдэв багийн малчин Э ярилаа. Мөн тус багийн иргэн Б.Дашцэрэн “Амаараа сагадаг байсан худаг ширгэж адуу, үхэр далдардаг байсан хөндий хөхөрч байна. Малаа услах нь битгий хэл өөрсдөө ч уух амны усгүй болоод байна. Амьд явах, амьдрах эрхээрээ хохирч байна” гэсэн юм.

Түүнчлэн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн иргэд тоосжилтоос болж хэцүүхэн нөхцөлд амьдарч байна. УБТЗ-ын чулуу бутлах үйлдвэр, нүүрс ачилтын дөрвөн том зам, цемент боловсруулах үйлдвэр, жонш бутлах, савлах ачих газар, тэдгээрийн тээвэрлэлт хийдэг 1000 гаруй том оврын ачааны машины тоос, тортгийн хамгийн оргил бөөгнөрөл энд байдаг. Тал бүрт бутлах үйлдвэр конвейрийн дуу чимээ, тоосжилт бас дээр нь тэсэлгээ, галт тэрэг болон сэлгээний ажлын дуу чимээ гээд хуримтлагдах сөрөг байдлын нөлөөлөл хэдий хэмжээтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.Нутгийн залуучууд хэрэндээ тэмцсээр байгаа аж.  Даланжаргалан сумын нутгийн зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбаяр “Байгаль хамгаалах иргэдийн бүлгэм байгуулж ажиллаж байна. Энэ бүлгэм нь уул уурхай болон үйлдвэрүүдийг хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг иргэдийн зүгээс  хянуулах зорилготой. Бидний зүгээс сумын ойр орчимд хортой бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байгааг болиулах, хэрэв үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулбал дэлхийн жишигт нийцүүлэн далан болон бусад хамгаалалтын зүйлсээ барьж байгуулахыг шаардаж байгаа” хэмээн ярилаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.23  МЯГМАР  №145  (6112)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ