Олон улсын цэргийн багийнхан зүс ижилссэн мориор уралдана

2019-07-23

С.САРУУЛ

“АРАВТ” олон улсын морин цэргийн уралдаан эхлэхэд 13  хоног үлдээд байна. Уралдаанд оролцох Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчид унах морьдоо сонголоо. Уралдааныг будлиангүй, шударга, ил тод явуулахын тулд зүс ижилссэн мориор уралдуулах шийдвэрийг ЗХЖШ-аас гаргасан юм. Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын ЗХЖШ-ын даргын тушаалаар уралдаанд оролцох морьдыг зүүн гурван аймгаас сонгон шилж, худалдаж авсан бөгөөд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан уналгад бэлдэх, арчлах тордох, номхруулах үүргийг гурван сарын туршид гүйцэтгэж байна.

Дээр дурдсанчлан уралдааныг шударга, маргаангүй зохион байгуулахын тулд уналгад бэлтгэсэн морьдыг зүс зүсээр нь ижилсүүлэн, оролцогч орнуудын багийн ахлагч нараар сугалуулсан юм. Сугалаа ёсоор Монгол Улсын Зэвсэгт хүчний баг бор зүсмийн морьд, ОХУ-ын Зэвсэгт хүчний баг алаг зүсмийн морьд, Казахстан улсын Зэвсэгт хүчний баг хул хонгор зүсмийн морьдыг сугалж, уралдаандаа оролцохоор боллоо. Морьдоо сонгож уралдааны эхний шангаа татсан баг тамирчдад “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны Ерөнхий зохион байгуулагч, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар баяр хүргэж, цаашдын сургалт бэлтгэлд нь амжилт хүссэн юм. Өнөөдрөөс /2019.07.23/  уралдаанд оролцох багууд морьтой хийх дадлага сургалтаа эхлүүлнэ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ