Т.Билгүүнбат : Цам бүжиг нь соёл урлагийн нандин өв юм

2019-07-22

Б.НАМУУНТАМИР

ММСУХ-оос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг “Их хурд -8” Монгол туургатны морьтны өв соёлын наадмаар сүүлийн гурван жилд улс, аймаг, бүсэд айраг түрүү авсан газар газрын шигшмэл хурдан хүлгүүд цугласан сайхан наадам нар хур тэгширсэн өдрүүдэд  Хүй долоон худагт боллоо. Энэ үеэр цам харайх буюу монгол оронд дорно дахины “тойрон бүжих” ухаан буюу “цам” хэмээх нууц тарнийн бясалгал, зан үйлийн ёслол болж цугласан наадамчин олны нүдийг баясгаж сэтгэлийг ариусгалаа.

Энэ үеэр цам харайх ёслолд оролцож буй шашны 112 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч, хуварга Т.Билгүүнбат “ Анхны жилдээ оролцож байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Зөвхөн монголчууддаа мартагдаад буй энэ зан заншлаа таниулаад зогсохгүй, жуулчдад бас сурталчилж байгаадаа баяртай байна. Энэ зан үйл нь урт цагаан сахалтай, цагаан дээлтэй өвгөний дүр бүхий багтай хүн буюу урт наст Цагаан өвгөн урт нас, удаан жаргал, өлзий хутга, буян хишгийг олон түмэнд түгээн элгэмсүү дотноор цамнан бүжиж хишиг буянаа хайрлан сүсэгтэн олонд идээ будаа тараан өгдөг. Цам бүжиг нь нэг талаасаа соёл, урлагийн нандин өвөөс гадна нөгөө талаасаа аливаа зовлон зүдгүүр, муу бүхний үндсийг таслан амирлуулах, байгаль дэлхийгээ аргадах бэлгэдэл, зорилготой шашны зан үйл юм. Цам үзсэн хүний сэтгэл ариусаж, нэгэн насны буян заяаг нь дээшлүүлдэг гэж бэлгэддэг тул сүсэгтнүүд энэхүү ёслолд олноор ирдэг. Цам харайх бүжгийн төгсгөлд сор залах ёслол буюу тохиолдож болох бүхий л гай саадыг арилгах бэлгэдэлтэй жахрын балин, сорын балин шатаах үйл болно. Сүсэгтэн олон өөрийн бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөнө. Ингэснээр муу муухай бүхэн ариусдаг хэмээн үздэг” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ