Мэдээллээ худал бөглөвөл “хар жагсаалт”-д орно

2019-07-22

Б.ДАРЬСҮРЭН

“Нийслэлийн орон сууцны корпораци”-аас Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрт  оролцох хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 5-ныг хүртэл цахимаар бүртгэх юм. “Буянт-Ухаа-2” хороололд олгогдох 18 блок, 972 айлын орон сууцанд иргэдийг бүртгэнэ.

Үүнтэй холбогдуулан НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм “Орон сууцыг түрээсийн болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр ангилалтай буюу 30 хувь нь энгийн түрээс, 40 хувь нь орон сууцанд хамрагдах зорилгоор газар чөлөөлтөд хамрагдсан гэр хорооллын иргэдэд олгох бол үлдсэн 30 хувь нь таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх юм. Ингэхдээ зорилтот бүлэг буюу ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдийг хамруулахаар ажиллаж байна.

Цаашлаад нийслэлийн  агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс хамрагдах иргэд нь Улаанбаатар хотын харъяат байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд амьдардаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх зэрэг үндсэн шаардлагуудыг тавьж байгаа” гэв. Түрээсийн орон сууцны талаарх зарим мэдээллийг хүргэе.

 

Нэмэлт бичиг баримт бүрдүүлэх үү?

 

Цахимаар бүртгүүлэхийн давуу тал нь ил тод, хүсэлтийг цаг тухайд нь хүлээн авахаас гадна хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Иргэд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж, олон газрын хаалга татах шаардлагагүй. Шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна. Харин иргэд цахим анкетыг үнэн зөв бөглөх ба худал мэдээлэл өгсөн тохиолдолд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцохгүй болно. Мөн иргэд заавал 22-ныг дуусахаас өмнө гэлгүй наймдугаар сарын 5-ны дотор хэдийд ч хамаагүй www.nosk.ub.gov.mn сайтаар анкетаа илгээж болно. Харин гэр бүлийн гишүүдтэйгээ сайтар тохиролцож байж бүртгүүлэхгүй бол давхар бүртгүүлбэл “хар жагсаалт”-нд орох эрсдэлтэй.

 

Иргэдэд тавигдах шаардлага юу вэ?

 

УБ хотод байнга оршин суудаг, эрх зүйн бүрэн чадамжтай насанд хүрсэн, гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй, түрээсийн төлбөр барьцаа, ашиглалтын зардлаа төлөх хэмжээний тогтмол орлоготой, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийн үүрэг хүлээгээгүй.  Мөн банк болон ББСБ-д чанаргүй зээлийн түүхгүй байх шаардлагуудыг хангасан байна.  Хүсэлт гаргасан  иргэдэд шалгарсан болон шалгараагүй гэсэн мэдэгдэл хүргүүлнэ. Дараа нь шаардагдах бичиг баримтуудыг хүлээн авах ба эцэст нь ажлын гурван өдрийн дотор гэрээ байгуулж, байрандаа орох юм.

 

Орон сууц нь талбайн хэмжээ, үнийн хувьд ямар сонголттой байгаа вэ?

 

Түрээсийн орон сууц нь хэмжээний хувьд 68.59 м.кв гурван өрөө, 39.3 м.кв болон 49.23 м.кв хоёр өрөө. Метр квадратаас шалтгаалан түрээслээд өмчлөх хэлбэр нь урьдчилгаа төлбөрөөс хамаараад 284.000-1.600.000 төгрөг, энгийн түрээсийн доод үнэ 137.550 төгрөгийн ханштай байгаа юм. Үүнд НЗДТГ, НОСК-ийн зүгээс ямар нэг нөлөө ороогүй ба Хөгжлийн банкнаас баталсан журмын дагуу тогтоосон үнэ юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.22  ДАВАА  №144  (6111)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ