Зам тээврийн ослоор нас барах хүүхдийн тоо 40 хувиар өссөн

2019-07-16

Б.БАЯРЖАВХЛАН

ТЦА-ны УСХ-н мэргэжилтэн цагдаагын дэслэгч П.Пүрэвхандаас баяр наадмын өдрүүдэд зам тээврийн осол ямар байсан, өмнөх оныхтой харьцуулахад ямар байсан талаар тодрууллаа.

-Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын хэдэн дуудлага бүртгэгдсэн бэ? өнгөрсөн онтой харьцуулбал ямар байна?

-долдугаар сарын 10-14-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 963 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгалаа.

Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны Үндэсний ихбаяр наадмын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад бүртгэгдсэн осол 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

-Ослын улмаас хичнээн хүн бэртэж, гэмсэн бэ?

Нийт бүртгэгдсэн ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 83 хувь буюу 10 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 62,5 хувь буюу 30 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон иргэдийн 8 нь зорчигч хэлбэрээр, 4 нь явган зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүний 28 нь зорчигч, 20 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон байна.

Орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг шалтгаан байгаа боловч 85 гаруй хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт эзэлж байна.

-Өнгөрсөн оныхтой харьцуулбал зам тээврийн ослоор нас барах хүмүүсийн тоо буурсан уу? Нэмэгдсэн үү?

-Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33,3 хувиар буурсан боловч бага насны хүүхэд нас барсан хэрэг 40 хувиар, хүүхэд гэмтсэн осол 26,6 хувиар тус тус өссөн.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох асуудлыг хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Бүртгэгдсэн зам тээврийн осолд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 31,1 хувиар буурсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ