Э.Цогбаяр: Нүдэндээ нулимстай мэргэн цол хүртлээ

2019-07-13

Б.БАЯРЖАВХЛАН

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Сур харваанд 40 сумнаас 39 онож Монгол Улсын “Мэргэн” цол хүртсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Э.Цогбаяртай ярилцаа.

-Хэзээнээс сурын спортоор хичээллэх болсон бэ.  Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Би одоо 30 настай. 2008 оноос эхэлж сурын спортоор хичээллэх болсон. 2007 онд Төв аймгийн үндэсний сурын “Зуун мэргэн холбоо”-ны харваачидтайгаа наадмын бэлтгэлд гараад тэр цагаас хойш хичээллэж байна.

-Бэлтгэл сургуулилалт гээд ажил амьдралаа хэрхэн зохицуулж байна?

-Би хувиараа бизнес эрхэлдэг. Улирлын чанартай буюу өвөлдөө ажилладаг. Тиймээс зундаа бэлтгэл сургуулилтдаа анхаарч чаддаг.

-Энэ спортод таныг хөтөлж оруулсан хүн хэн бэ?

-Монгол Улсын гоц мэргэн С.Өлзийсайхан найз маань энэ спортоор хичээллэх гол шалгаан болсон. Дээр хэлсэнчилэн Төв аймгийн багийхантай найзыгаа дагаж тэдний бэлтгэлийг сонирхсоноос үүдэлтэй. Багш нар минь гэвэл Монгол Улсын Дархан мэргэн Х.Оюунчимэг, Монгол Улсын гоц харваач Л.Сүхбат  багш нарынхаа удирдлага доор бэлтгэл сургуулилтаа хийж байна

-Өмнөх амжилтууд болон түрүүлсэн сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-2009 онд 40-32 онож спортын мастер цол, 2012 онд аймгийн мэргэн цол, 2013 онд Улсын баяр наадамаас мөнгөн медаль хүртсэн. Энэ олон жилийн дараа түрүүлсэндээ сэтгэл маш их хөдөлсөн. Монгол Улсын мэргэн төрлөө гэхэд нь өөрийгөө гэж мэдээгүй байсан. Нэрийг минь дуудах агшинд нүдэнд минь нулимс дүүрээд ирсэн. Багш нар болон, найз нөхөд гэр бүлийхэндээ маш их баярлалаа. Энэ бүхэн та нарын минь хүч хөдөлмөр, ач гавьяа юм шүү.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ