Хүй долоогоос л үүнийг мэдэрч болно

2019-07-12

 

Б.НАМУУНТАМИР

Дэлгэсэн торго шиг ногоон талд танан цагаан гэрүүд айлсаж, дэлхийд цуутай хурдан хүлгүүд хүүхдийн гийнгоонд уяа нь эвлэж, айраг үнэртсэн хөдөө талаас эр бор харцага шуранхайлж адууны хийморьтой монголчууд хулсан хусуураа зэхэж Ардын хувьсгалын 98 жилийн ойн их баяр наадамд хурдан хүлгээ сойсон уяачид Хүй долоон худагт гал галаараа буудаллажээ.

Үе үехэн сүүлээ шарваж ялаа үргээчихээд үүргэлэх морьдоо тайвнаар ажиглан харц тогтоож, айраг шимэн суух Дундговь амгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн алдарт уяач Ч.Ганцогтийн хүй долоон худагт байрлах эгэл уяачийн гал дээр хэсэг саатлаа. Уяан дээр хөлс нь бүрэн хатаж амжаагүй гурван морь сойлттой харагдана. Улсын их баяр наадамд гурвуулаа шандасаа сориод ирсэн нь энэ. Тэрбээр морь уяад зургаан жил болж байгаа бөгөөд сүүлийн дөрвөн жил улсын их баяр наадамдаа морио хурдлуулж байгаа аж. Хязаалан насанд уралдсан зээрд үрээ нь 21-т хурдалж, Хээр азарга нь 18-т давхисан байна. Тэрээр хээр азаргаа байн байн санаашран харж, “энэ маань аймаг, бүсийн наадмуудад хэд хэд айрагдсан. Одоогоор улсад айрагдаж амжаагүй ч Говь Шанхийн хурд, Сэлэнгэ аймгийн Атарын 60 жилийн наадамд айрагдсан амжилттай. Миний морьд бүгд Сүхбаатар аймгийн угшилтай адуунууд. Хэзээнээсээ Сүхбаатар аймаг хурдан хүлгүүдтэй гэдгийг хэн бүхэн мэднэ дээ” хэмээн бахархангуй хэлж байсан юм. Цааш гэрт нь орвол чамин сийлбэртэй хийцтэй найман ханатай гэрт найр болж буй мэт гэрийн хоёр талаар зассан ширээнд зургаан хүн цомцойн сууна.

Биднийг ороход түүний эхнэр их л уриалгахнаар хүлээн авч айраг аягалангаа унаач хүүхдэд хүйтэн ундаа аягалан, “өлссөн үү, халууцаж байна уу яаж байна” хэмээн санаа тавина. Мөн түүний хурдан хүлгүүд дан ганц Сүхбаатар аймгаас ч биш Дорнод, Хэнтий, Өвөрхангайгаас цугласан хурдан адуунууд бий аж. Ч.Ганцогт “Би зуны амралтаараа бусад сумын төвийн хүүхдүүдтэй адил өвөө эмээ дээрээ очиж тусалдаг байсан. Одоо бодохнээ тэр л зуны өдрүүд намайг өдий зэрэгтэй уяач болгож, моринд хайртай болох замналын эхлэл болсон байх. Жаахан хүүхэд гэж гололгүй өвөө маань эмнэг ч бас сургуулж байсан. Багаасаа л адуунд их хайртай хүүхэд байлаа” хэмээсэн юм. Хурдан морины уяан дээрх морьдын хомоол, хөлсний үнэртэй холилдон хамар цоргим сайхан үнэртэж байв. Эдгээр хүлэг дэлхийн ногоон хөрсийг дөрвөн туурайгаар тамгалж, дээд хөх тэнгэрийг дурдан шаргал тоосоор эмжиж, хөндий талаар хүүхдийн гийнгоо хадааж, уяачийн хулсан хусуур дүүрэн сувдан хөлс бөмбөрч их төрийн есөн цагаан туг монгол түмний босоо цагаан хийморьтой наадмын эгэлхэн уяачийн гал нэг ийм.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ