Давид Варбуртон: Наадамд Лос Анжелесаас тав дахь жилдээ зорьж оролцож байна

2019-07-11

Б.БАЯРЖАВХЛАН

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадам 13 дахь жилдээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Төрийн шагналт урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал” аялгуугаар сүр дуулиантай эхэлсэн юм. Дээлтэй Монгол наадмын баярын параданд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргүүд, Гандантэгчинлин хийд, бяцхан мисс ОУ-ын Хүүхдийн байгууллага, Нийслэлийн хүрээ амаржих газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшай аймгийн эзнээ хошууны Торгуд хувцас заслын компанийн төлөөлөл оролцож Монгол үндэстэн ястны хувцас гоёл чимэглэлээ гайхууллаа. Мөн хамт олны эв нэгдэл, эрч хүч зохион байгуулалтаараа үзэгч олныг алмайрууллаа. Уг арга хэмжээнд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирсэн байв. Тэдний дунд Лос Анжелесаас ирсэн Давид Варбуртоны сэтгэгдлийг сонслоо. Тэрээр Монгол үндэсний дээл өмсч  энгэрт нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төв болон эрдэнийн очир, хүүхдийн мэс засалын 60 жилийн ойн медалууд зүүсэн байв. Давид Варбуртон Лос Анжелесын хүүхдийн эмнэлгийн профессор бөгөөд өдгөө 70 настай юм байна. Харин наадамд тав дахь жилдээ зорин ирж оролцож байгаа аж.  Тэрээр Монголд эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг. Өргөө амаржих газарт эх нярайн эрүүл мэнд, жирэмсний хяналтын чанарыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулаад байгаа бөгөөд энэ чиглэлээрээ олон үйл ажиллагааг зохион байгуулдаг юм байна.  Дээлтэй Монгол наадмын талаар сэтгэгдлээ хэлэхдээ “Нарийн зохион байгуулалттай их сайхан арга хэмжээ болдог. Би жил бүр оролцдог бүр хүлээдэг болсон байна. Дээлтэй наадмыг үзүүлэхээр Америкаас долоон оюутан нэг профессор эмэгтэй дагуулж ирсэн. Монголын үндэсний морьт харвааны залуус оролцож байгаа нь миний сонирхлыг ихээр татсан шүү. Сайхан наадаарай” гэсэн юм.

Наадмын үеэр төв талбайд  жуулчдад зориулсан дээл, малгай, гутал, толгойн гоёлын асрууд байрлуулсан байв. Үнийн хувьд дээл 100-900 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Арга хэмжээний үеэр Монгол үндэстэн ястаны гоёл чимэглэлээрээ гайхуулахаас гадна уламжлалт тоглоом наадгайн өргөө, эсгий урлалын өргөө, язгуур урлагийн өргөө, бөөгийн өргөө зэргийг барьсан байх бөгөөд энэ нь жуулчдын сонирхолыг ихэд татаж байгаа нь харагдаж байлаа. Гоо үзэсгэлэнгээрээ гайхуулах охид, эр бяр, эрдэм чадал авьяас билгээрээ гайхуулах залуус, зүс ижилсэн гоёсон идэрчүүд энэ өдрийн чимэг нь байлаа.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ