Полит анализ: АТГ-ын сэжигтэн, яллагдагч нар мэдүүлгээ ном болгож хэвлэдэг болов

2019-07-11

Б.Дамдин-Очир

Монгол Улсын иргэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Энэ эрхийг Үндсэн хуулиар олгосон юм.

Харин МАН-ын хүндэт стратегич , энэ намын сонгуулийн “PR-чин”-аар олон жил ажилласан Санжийн Баяр энэ эрхийг өөр өнцгөөс олж харж хэрэглэжээ.

Товчилбол, С.Баяр ном бичжээ. Түүнийг нь Баабарын хэвлэх үйлдвэр хэвлэж түмэнд түгээв.

Гэвч тэр ном нь өдгөө шүүхэд шилжих гэж буй Оюутолгойн гэрээний хэрэгтэй нь шууд холбоотой болж таарав. Учир нь С.Баяр өөрөө Оюутолгойн гэрээг санаачлан батлаагүй, энэ хэрэгт холбогдсонд нь нэр бүхий хүмүүс буруутай, мөн Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоног тамлагдсан гэж номдоо бичсэн байна.

Тухайлбал, Оюутолгойн гэрээг Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбохдоо “…Оюутолгойн төслийг ОХУ-тай биш барууны компанитай хамтарч хөдөлгөсөн учраас Орос ах нарын аазгай хөдөлсөн гэж тэр бодсон биз. Хэрэв тийм бол Оюутолгойгоос юм авсандаа биш, Оюутолгойг Оросуудад өгөөгүйн улмаас бид энд суусан болж таарч байна. Тэгж бодсон Х.Баттулга андуурчээ. Оюутолгойн төслийг Оросууд сонирхож байгаагүй, энэ орд газарт хөрөнгө оруулаач, бидэнтэй хамтарч ажиллаач гэж ОХУ-ын албаны болон бизнесийн нөхдөд санал болгож явсан хүмүүсийн нэг нь би өөрөө. Оюутолгойн лиценз гаднын компанийн биш Монголын Засгийн газрын мэдэлд байх 2002 онд ОХУ-д суугаа Элчин сайдын хувьд Оросын том бизнесийн нөлөөллийг нутагтаа урин залж, энд тэнд дагуулан явж байсан түүх надад бий. ОХУ-ын албаны болон бизнесийн хүмүүс нь Оюутолгой төсөлд бид оролцох боломжгүй байна, энэ төсөл бидэнд арай томдоно, хөрөнгө мөнгөний хувьд, техник технологийн хувьд ч гээд тэр үед шулуухан татгалздаг байв” гэсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг буруутгаад ч байгаа юм шиг, аль эсвэл Ерөнхийлөгч Х.Баттулгаас өршөөл эржээ гэж харагдаж буй.

Энэ мэтээр бичсэнийх нь хариуд С.Баярын Засгийн газрын ЗТБХБ-ын дэд сайд, одоогийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх цахим хуудсаараа дамжуулан хариуг өгсөн байна.

Ерөөсөө тэрээр  “…Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг ашиглан Оюутолгойн гэрээний хэрэг, оффшорын хэргээс мултрахаар оролдоод эхэллээ.

Тиймээс С.Баяр шалгагдаж байгаа асуудлаараа АТГ-т өгсөн мэдүүлгээ энэ “ном”-доо бичсэн байна.

Түүнд одоо олон түмний дэмжлэг хэрэгтэй гэж үзсэн бололтой юм. Энэ бол арга. Гэхдээ С.Баяр шиг хүнээс гарах ухаан. Гэхдээ загасчны морьгүй усгүй гэдэг шиг С.Баяр энд андуурсан байна.

Монголчууд хэдэн удаа сонгууль өгсөн, хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болчихсон гэдгийг тэр мартсан байна. Бас Улаанбаатарт болж байгааг байтугай дэлхийн явдлыг тэр дор нь мэддэг болчихсон техникийн дэвшлийг нийтээрээ хэрэглэх болсныг С.Баяр бас тооцоолсонгүй.

Ер нь бол С.Баярын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Оюутолгойн гэрээг байгуулчихаад индэр дээрээс хэлсэн үг, дараахан нь “өвчний учир” ажлаа өгөөд одсон, удалгүй буцаж ирээд улс төрд оролцох болсон, Оюутолгойн гэрээний хариуцлагыг хар толгойгоороо хариуцна гэж мэдэгдсэн, Америк дахь хауснууд нь илэрсэн, охидынх нь оффшор баригдсан, Англид элчин болсон, буцаж ирсэн, эрүүгийн хэрэг үүсгэгдсэн, баривчлагдсан, 60 хоног “суугаад” өвчний учир суллагдсан, зусландаа голдуу амрах болсон, удалгүй улс төрийн томилгоонд оролцох болсон, ном бичсэн, хэрэг нь прокурорт шилжсэн, хамгийн гол нь Оюутолгойн гэрээ өнөөдөр ашиг өгөх бус өр нэмсэн гэдгийг монгол хүн бүр мэдэж байгаа гэдгийг тэр огт бодсонгүй.

Тиймээс С.Баярын номын нээлтэд оролцсон хэдэн хүнээс бусад нь юу гэж үзэж байгааг энд нурших нь илүүц юм.

Сүүлийн үед М.Энхсайханы “бодрол”, С.Баярын “ном” хоёроос хойш шинэ жишиг тогтсон тухай ярьж байна. Тэр нь юу юм гэхээр албан тушаал хашиж байсан этгээдүүд шалгагдаж байгаа хэргийнхээ талаар олон нийтэд мэдээлэл өгдөг байдал улам төгөлдөршиж, мэдүүлгээрээ ном хүртэл гаргадаг болов.

Ингэснээр тэдний авлигын хэргийг асар их зардлаар мөрдөн шалгасан, мөрдөгчдийн жилээр тогтохгүй хөдөлмөрөөр олж илрүүлсэн нөхцөл байдлын үнэ цэнэ ямар нэг байдлаар буурч, мохоогдож байгаа юм. Гэвч АТГ, бусад хууль хяналтын байгууллагын зүгээс загас адил дуугүйхэн харсаар суугааг ойлгоход бэрх. Хэрэвзээ С.Баяраас өөр жирийн нэг иргэн холбогдсон хэргээ цайруулахаар ном бичих байтугай нэг хэвлэлийн хурал зарлахад л мөрдөн байцаалтын нууц задруулсан бас нэг хэргээр тэр өдөртөө “Ганцхудаг”-т заларчихсан байх нь ойлгомжтой. Харин С.Баярт ийм хууль үйлчлэхгүй.

С.Баяр болж байгаа юм чинь АТГ-т шалгуулж байгаа бусдад нь ч энэ халдварлаад эхэлнэ. Жишээ нь,  С.Баярцогт “Хорин мянган хувьсагч буюу Оюутолгойн гэрээ”, М.Энхболд “Хотын газар мину”, Б.Хурц “Элбэгдоржоос авсан эх орны даалгавар буюу эрүүдэн шүүлт” гэдэг ном бичиж өөрийгөө хамгаалж, олон түмний өрөвдөлт, дэмжлэгийг горьдоход гайхах зүйл алга. Эхнээсээ С.Баярын жишгээр номоо бичээд эхэлсэн мэдээлэл бий. Удахгүй бас нэг этгээдийн номын нээлт ёслол төгөлдөр болох байх.

Ийм л сонин хачин жишиг Монголын хуулийг гууль болгон шарлуулж байна. Өөрөөр хэлбэл, АТГ-ын сэжигтэн, яллагдагч нар мэдүүлгээ ном болгож хэвлэдэг боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ