Аялж явахдаа ч гадаад хэл суръя

2019-07-10

Б.ДОЛЖИНЖАВ

Гадаад хэл сурах хүсэлтэй, хэлний түвшингээ ахиулахыг зорьж буй хүмүүст зориулан энэ удаа онлайнаар хэл сурах боломжийг олгож буй хамгийн шилдэг сургалтын төв болон аппликейшнийг танилцуулж байна.

 

Гадаад багштай ганцаарчилсан онлайн сургалт

 

Онлайн сургалт нь хүмүүсийн биеэ барих, ярихаас санаа зовох айдсыг арилгаж хичээлийн турш англи хэлээр ярих боломжийг олгодог. Мөн хаанаас, хэзээ ч интернэтээр холбогдон хэл сурах боломжийг олгодгоороо онцлог юм. Аялж явахдаа, ажлаа тараад гэртээ байхдаа ч хэл сурах боломжтой. “English Maestro” сургалтын төв нь 2013 онд байгуулагдсан, Монголын анхны гадаад багш нартай ганцаарчилсан онлайн сургалт явуулдаг сургалтын төв юм. Тус төвийн виртуал анги танхимд дэлхийн өнцөг булан бүрээс багш, сурагчид суралцах боломжтой. Уламжлалт танхимын сургалтын адил бие биеэ харж, сонсож, харилцан ярилцана. Сургалтын хөтөлбөр, материал нь CLT /communicative language teaching/ буюу харилцаагаар гадаад хэл заах аргачлал дээр суурилсан. Энэ аргачлал нь суралцагчдын урам зориг, суралцах идэвхийг нэмэгдүүлж түвшинг хурдан ахиулдаг. Хичээл заах багш болон өдрөө сонгоно. Өглөө, өдөр, оройн цагаар хичээллэх боломжтой. Мэндлэх, өөрийгөө танилцуулах, үзэл бодлоо илэрхийлэх гэсэн өдөр тутмын ярианы чадварыг олгох ерөнхий ярианы хөтөлбөр, түншүүдтэй харилцах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, тайлан тавих гэсэн ажил хэргийн хүрээнд  хэрэглэх ярианы чадварыг олгох бизнесийн ярианы хөтөлбөртэй. Мөн  TOEFL, IELTS-т бэлдэх,  ажилд орох болон гадаадад сургуульд суралцах ярилцлагад бэлдэх сургалттай юм.

 

Гадаад хэлийг соёлтой нь хамт эзэмшье

 

Хэлний чадвараа дээшлүүлэхэд хамгийн чухал нь тухайн улсын хүнтэй харилцан ярих билээ. Гэхдээ энэ боломж тийм ч элбэг олддоггүй. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэж чадсан, сурахыг хүссэн хэлээр тань ярьдаг тухайн улсын иргэнтэй холбодог HelloTalk аппликейшнийг танилцуулья. HelloTalk-ын хувьд сурахыг хүссэн хэлийг тань төрөлх хэл шиг эзэмшсэн нэгнийг хайх, тэдэнтэй холбогдох үйл явцыг олон нийтийн сүлжээ мэт хялбарчилснаас гадна аппликейшн дотроо харилцах чатыг багтааснаараа онцлог. Чат нь орчуулах, чангаар дуудах, хадгалах, засварлах гэх мэт өөр хаана ч байхгүй функцуудтай. Тиймээс аливаа хэлийг орчинд нь байгаа мэт сурахыг хүсвэл HelloTalk хамгийн тохиромжтой.

Аливаа текстийг та хэрхэн дуудахаа мэдэхгүй байвал чангаар дуудах гэснийг сонгоход хангалттай. Гадаад хүнтэй харилцаж байхад мэдэхгүй үг гарлаа гэж бодоход тусад нь толь бичиг гаргаж цаг алдахын оронд орчуулах гэсэн дээр дараарай.  Мөн заримдаа харилцан ярианы дунд дараа хэрэг болох байх гэж бодсон зүйл гарч ирвэл хадгалаад авах боломжтой. Өөр нэгэн “супер” функц нь “засварлах” юм. Таны харилцаж буй хүн монгол хэлээр буруу бичсэн байвал та засварлах гэсэн дээр дараад зөвийг нь бичихэд хоёр текстийг харьцуулан гаргаж ирдэг. Япон, хятад гэсэн ханзаар бичигдэх хэлний зарим үгийг яаж дуудахаа мэдэхгүй байвал “transliterate” гэсэн дээр дараад англиар дуудлагыг нь бичснийг харах боломжтой.

Та өөрийн харилцахыг хүссэн хүмүүсээ даган тэдэнтэй шууд чатлах болон постуудыг нь үзэж танилцах боломжтой. Хүмүүс ихэвчлэн өөрийн орны сонирхолтой соёлуудын талаар зураг постлон түүнийхээ талаар тайлбарласан байдаг нь хэлийг соёлтой, хамт сурах боломжийг олгож байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.10  ЛХАГВА  №139  (6106)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ