Монголын талаарх интернэт хайлт нэмэгдэж байна

2019-07-10

Б.БАЯРЖАВХЛАН

МСНЭ-ээс Зүүн Ази-Латин Америкийн сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалтыг  өчигдөр зохион байгууллаа. Уулзалтад Мьянмар улсын Радио, телевизийн орлогч захирал Ми Ин Нвет, Бразил Улсын сэтгүүлч Дуарте Кардосо Луиза, Индонез Улсын сэтгүүлч Ахяри Хананто, Филиппиний сэтгүүлч Камино Алфер хүрэлцэн ирсэн байв. Тэдний ярьсан гол сэдэв нь цахим сэтгүүлзүйн хөгжил болон хамтын ажиллагааны боломжийн тухай байсан юм. Цахим орчны хэрэглээгээр Бразил, Индонез, Филиппин тухайн бүс нутагтаа тэргүүлдэг байна.  Хэрэглэгчид нь голдуу  инстаграм, фэйсбүүк, болон твиттер ашигладаг гэв.  Манай улсад телевиз, сонин сэтгүүл уншдаг хүмүүс  ховордсон.  Энэ асуудал нь тухайн орнуудад ч тулгамдаж буй ажээ. Уулзалтын үеэр Индонезийн сэтгүүлч Ахяри Ханато “Манай улсын тухайд 2017 онд нэг иргэн 6-7 минутыг сонин сэтгүүл уншихад зориулж, 6-7 цагийг интернэтээс мэдээлэл авахад зарцуулдаг байсан. Бидэнд Монгол Улсын талаарх мэдээлэл хомс байдаг. “THE HU” хамтлаг олон улсад уран бүтээлээ хүргэж эхэлсний дараагаас Монголын талаар интернэт хайлт манай улсад нэмэгдсэн. Иймээс хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол Улс цахим сүлжээг ашиглан улс орноо бусад улсад сурталчилаасай гэж хүсч байна” гэв.  МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаатар “Орчин үеийн сэтгүүлзүйн салбарт өөрчлөлтийн цаг үе ирлээ. Технологийн дэвшлээс үүдэн уламжлалт сэтгүүлзүй өөрчлөгдөж байна.  Үүнийг дагаад цахим орчинд хуурамч мэдээлэл их болсон. Хуурамч мэдээлэл болон үнэн бодит мэдээллийг иргэдэд хэрхэн хүргэх, шинэ мэдээллийн хэрэгслийг уламжлалт сэтгүүлзүйтэй хоршуулан хүргэх талаар голлон ярьж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.10  ЛХАГВА  №139  (6106)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ