Онцгой байдлын салбарт польш улсаас хөнгөлөлттэй зээл олгоно

2019-07-10

Б.НАМУУНТАМИР

Монгол, Польшийн бизнес форум өчигдөр зохион байгуулж, Польшийн хөдөө аж ахуй, хүнс, эм хангамжийн чиглэлийн томоохон компаниудын 30 гаруй төлөөлөгч, манай улсаас 150 гаруй төлөөлөгч оролцлоо. Манай улс Польштой 1950 оноос дипломат харилцаа тогтоожээ. Монгол Улсын гадаад худалдааны эргэлтэд Польш улс чухал байр суурь эзэлдэг. Тухайлбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь харьцангуй хямд байдаг Польш улсаас лаазалсан ногоо, нөөшилсөн жимс, гахайн мах, барилгын материал ихээр импортлох болсон. Сүүлийн гурван жилд хоёр орны худалдаа 40 саяас 100 сая ам.доллар хүртэл огцом өсчээ.

Хоёр улсын бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх хүрээнд дараах асуудлуудыг энэ үеэр хэлэлцсэн юм. Үүнд хагас тэрбум ам.долларын босго давсан Польш-Монголын худалдааны цаашдын хөгжил, чиг хандлагыг тодорхойлох, Монголын баялгийг Польшийн техник технологи, мэдлэг туршлагатaй хэрхэн хослуулж, улмаар хамтын бизнесийн түншлэл байгуулж, экспoрт руу чиглэсэн дотоод үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хоёр улсын бизнесийн хөгжлийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлох зэрэг сэдвээр санал бодлоо солилцсон юм.

Форумын гол онцлог нь Польш улсаас Монголд 46 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах гэж байгаа юм байна.  Энэ нь Засгийн газарт олгож буй урт хугацааны зээл аж. Польшийн хөрөнгө оруулалтаар урт хугацааны зээлүүдийг Монголд санал болгоод байгаа нь эргээд манай улсад хөрөнгө оруулалтыг татах магадлалтай хэмээн үзэж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа. Польш улсын хувьд барилгын материалын үйлдвэр, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд өндөр технологиор үйлдвэрлэгддэг учир боловсруулалтын техник технологийн дэвшлийг өөрийн эх орондоо нутагшуулахын тулд тусламж хүсэх, хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг албаныхан онцолж байсан юм.

БНПУ-ын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн дэд ерөнхийлөгч Кшиштор Сенгер “Форумын үеэр Монголын бизнес эрхлэгчид Польшоос хэрхэн санхүүжилт авах боломж, нөхцөл байгааг хэлэлцэнэ. Польшийн талаас сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тоног төхөөрөмжийн борлуулалт, цахилгаан автобусны салбаруудтай хамтарч ажиллах хүсэлтэй байна. Манай хоёр улсын экспорт, импортын голлох бараа бүтээгдэхүүн бол жимс ногоо, мөн хуурай сүү, бяслаг, хүнсний ногоо гахайн мах байдаг. Харин ирээдүйд үүнийг өргөжүүлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импорт, экспортолж, эдийн засгаа тэлэх хүсэлтэй байна” гэлээ.

 

Худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, зөрүүг бууруулах нь форумын зорилго юм

Манай улс Польш улстай худалдаа аж үйлдвэрийн хамтын ажиллагаатай хэдий ч нийт худалдааны эргэлтийг Монгол Улсаас эхний таван сарын байдлаар 71 мянган ам.долларын бараа экспортлоод байгаа аж. Буцаад Польш улсаас 25 сая орчим ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсан байна. Тэгвэл худалдааны алдагдал 23.9 сая ам.доллар байгаа учир энэ үзүүлэлтээс хамаараад нэгдүгээрт худалдааны зөрүүг бууруулах, хоёрдугаарт Монголоос авч буй бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх зорилтыг манай зүгээс тавиад байгаа аж.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Монголын эдийн засаг сэхэл авч байгаа энэ цаг үед хувийн хэвшлийн ААН, үйлдвэрүүдэд  санхүүгийн урт хугацааны эх үүсвэр хэрэгтэй байна. Бизнес эрхлэгчдэд хамгийн чухал нь урт хугацаатай, бага хүүтэй зээл юм. Манай улсын банк, санхүүгийн байгууллагын зээл 25-аас дээш хувьтай байгаа. Ийм өндөр хүүтэй зээлийг аваад, бизнес эрхлээд амжилтад хүрэхгүй.  Хөрөнгө оруулалтын нөхцөл болоод хоорондоо тохиролцож чадвал хамтарч ажиллах хүсэлтэй ААН-үүд олон  байгаа. Энэ форумын зорилго нь манай улс өөрсдийн эдийн засгийг тэлэхийг хүсэж буйтай адил Польш улс ч бас тийм хүсэлтэй байгаа. Хэрэв энэхүү зээл бүтвэл зээлийн есөн хувийг онцгой байдлын салбарт хөрөнгө оруулна. Харин үлдсэнийг нь эрх бүхий хүмүүс шийдвэрлэх байх” гэсэн юм.

 

Онцгой байдлын алба евро стандартын автомашинаар хүч нэмлээ

 

ОБЕГ-аас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүллээ.  Энэхүү төслийг  хэрэгжүүлснээр Онцгой байдлын байгууллагын гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм. Төслийн хүрээнд  3.0  сая евро буюу  есөн тэрбум төгрөгийн өртөг бүхий  гал унтраах зориулалтын гурван төрлийн 15 ширхэг автомашиныг  өчигдөр онцгой байдлын байгууллагад хүлээлгэн өглөө. Онцгой байдлын алба евро стандартын автомашинаар хүч нэмсэн энэ чухал арга хэмжээнд Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Кишиштоф Бойко, БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд, ноён Мечей Ланг нар оролцлоо.

Гал унтраах зориулалтын эдгээр автомашинуудыг НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад хуваарилахаар болжээ. Польш улсад үйлдвэрлэсэн энэхүү гал унтраах автомашин нь 3.5 тонн устай, секундэд 50 литр ус шахах хүчин чадал бүхий насостой, гал унтраах дунд оврын ангиллын туулах чадвартай. Мөн Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулсанаараа онцлог юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.10  ЛХАГВА  №139  (6106)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ