Ц.Галбадрах: Монгол гэдэг нэрийг дэлхийд тамгална

2019-07-08

Б.НАМУУНТАМИР

Хүннү рок хэмээх цоо шинэ урсгалаар уран бүтээл хийдэг “The Hu” хамтлагийг үндэсний их баяр наадмын босгон дээр нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хангарди” одонгоор шагналаа. Дэлхийн хэмжээний одод гэдгээ батлан “Чонон сүлд”, “Юу вэ, юу вэ” дууны клип АНУ-ын “I Tunes”-ын рок хандалтыг тэргүүлж,” Youtube”-д 19 сая хүний хандалт авсан байна. Тэд Европын 13 улсад 23 удаа аялан тоглолт хийсэн байна. Мөн дэлхийн хамгийн алдартай наадмуудад Монгол Улсаа төлөөлөн урилгаар оролцож, дэлхийд нэрээ цуурайтуулсан. Гавьяат жүжигчин, дуучин, продюссер Б.Дашдондогийн санаачлагаар 2016 онд байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлээ нийтэд хүргэжээ.

Нийслэлийн Засаг дарга Н.Амарсайхан “Эх орондоо төдийгүй дэлхийн олон улсад Монголоо таниулан, соёлын салбарт түүчээ нь болж буй хамтлаг юм. Тиймээс “The Hu” хамтлагийг “Хангарди” одонгоор шагнаж, гаргасан амжилтыг нь үнэлсэн. Энэ хамтлаг хэдий чинээ амжилт гаргана, төдий чинээ улс орны минь нэр дэлхийн тавцанд дуурсагдах болно” гэсэн юм.

Шагнал гардуулах ёслолын дараа “The Hu” хамтлагийн ахлагч Ц.Галбадрахтай цөөн хором ярилцлаа.

Юуны өмнө хүндтэй шагнал авсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Нийслэлийн “Хангарди” хэмээх хамгийн хүндтэй шагнал хүртсэндээ их баяртай байна. Энэ шагналыг их зүйл хийсэн хүмүүст өгдөг. Бид ийм шагнал авна гэж зүүдлээгүй явлаа. Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн авч явах хариуцлага ирлээ гэж бодож байна. Анх байгуулагдахдаа л ардын урлагаа дэлхийд таниулж, Монгол гэдэг нэрийг тамгална гэсэн зорилгоор уран бүтээлээ хийсэн. Өнөөдөр үүний үр шимийг нь хүртэж байна.

Европын орнуудаар аялан тоглолтоо хийгээд ирсэн. Гадаадынхан энэ урсгалыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Европын 13 орны 23 хотод тоглосон. Үүний найм нь дэлхийн алдартай хамгийн том тайз байлаа. Энэ тайзан дээр өөрсдийн сонсож, шүтэж ирсэн гайхалтай уран бүтээлчидтэй хамт гарахад бахархалтай байсан. Олон мянган хүн цуглаад биднийг гайхмаар сэтгэл хөдлөлтэй хүлээж авахыг хараад их урам авсан. Бидний тоглолтоо хийсэн бүх хотод тасалбар дууссан, хүлээлт үүссэн байдалтай угтаж авсан. Дуугаа дуулаад дуусахад мянга мянган үзэгч “Хү Хү” хэмээн нэгэн зэрэг уухайлахад үнэхээр сайхан мэдрэмж төрөхийн сацуу омогшиж байлаа.

-Аялан тоглолтын хугацаанд сэтгэлд тань тод үлдсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Германы 75 мянган үзэгчтэй тайз байлаа. Хязгаар нь үл харагдах үзэгчид зэрэг алга ташиж “рок эргэлт” хийж байсан. Манай нэг дуун дээр тийм үзэгдэл хийсэнд бид их цочирдож, баярласан. Бидний дуун дээр тэгж сэтгэл хөдлөл гаргана гэж төсөөлөө ч үгүй байсан юм л даа.

-Дараагийн аялан тоглолтоо хаана хийхээр төлөвлөсөн бэ?

-Бид есдүгээр сараас Хойд Америкаар аялан тоглолтоо хийнэ. Америк, Канад, Мексикт гурван сарын хугацаагаар аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа. Мөн есдүгээр сарын 13-нд “Гэрэг” нэртэй анхны цомгийнхоо нээлтийг хийнэ.

-Хоёр ч дуу “ITunes”, “Youtube”-ын рок дууны хандалтыг тэргүүлсэн. Энэ үзүүлэлт алдарт “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхиж тэргүүлсэн нь үнэхээр бахархмаар байсан?

-Мэдээж гайхалтай. Энэ бол бидний мөрөөдөл байсан. Олон жилийн турш бид үүний төлөө суралцсан. Манай хамтлагийн залуус 10-20 жил сурч урлагийн мэргэжил эзэмшсэн. Бидний олон жилийн нөр их хөдөлмөр өнөөдрийн энэ өндөрлөгт  авчирсан болов уу гэж бодож байна.

-Хамтлагийн нэрний утгыг тайлбарлавал?

-“Hu” гэдэг чинь Хүннү, хүмүүн, хүүхэд, хүү гэсэн монгол үгний гарал. Хүннү үеэс гаралтай хүн гэсэн утгатай үг юм. Мөн англиар hu­man гэдэг шүү дээ. Ерөнхийдөө хүмүүн гэсэн утгатай.

Эх сурвалж www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ