“Норовлхамын дүрийг Д.Пүрэвсүрэн шиг бүтээх хүн олдохгүй”

2019-07-08

Б.ДОЛЖИНЖАВ

Монголын дуурийн түүхэнд В.Сүрэнхорлоо, П.Цэвэлсүрэн, Д.Пүрэвсүрэн, А.Загдсүрэн гэсэн Сүрэн нэртэй дөрвөн сайхан бүсгүй, чадварлаг дуучид байсан гэдэг. Зарим нь хорвоогийн жамаар орчлонгоос хальсан ч тэдний нэр одоо ч дуурсагдсаар, үеэс үе дамжин авьяас  билгийг нь бахдан биширсээр байна. Анх 1934 онд их зохиолч Д.Нацагдоржийн зохиол “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийг Төрийн шагналт зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг “Бөмбөгөр ногоон” гэж алдаршсан улсын төв театрт найруулан олны сонорт хүргэж байжээ. Үүний дараа 1942 онд дуурь болгон шинэчилж Юндэнд тухайн үеийн сайхан залуу гэгдсэн гавьяат жүжигчин А.Цэрэндэндэв, Нансалмаагийн дүрд “Бөмбөгөр ногоон”-ны гоёмсог хүүхнүүдийн нэг гэгддэг байсан гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноров, Хоролмаагийн дүрд гавьяат жүжигчин В.Сүрэнхорлоо нар тоглож байв. В.Сүрэнхорлоо гуай “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа болон бүүвэйчийн дүрд 20 гаруй жил дагнан тоглосон түүхтэй төдийгүй “Цуутай Хоролмаа” дүрээрээ алдаршсан билээ.  Харин түүний дараа бас нэгэн гоёмсог, ганган хээнцэр, харсан хүн бүхэн нүд унагам Хоролмаа гарч ирсэн нь гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэн байлаа.  Тэрээр 1942 онд  ХЦДБЧ-д дуучин, 1948 онд Улсын хүүхэлдэйн театрт жүжигчнээр ажилласан. Харин 1960 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж, 1990 он хүртэл дуурийн театрт тоглосон бүх жүжгийн гол дүрийг бүтээв. Хоролмаа, Нансалмаагийн дүрийг хоёуланг нь бүтээж байсан тэрээр “Дүрээ маш сайн судлах хэрэгтэй. Үг, ая цээжилчихээд нүүрээ будаж хувцсаа өмсөөд тайзан дээр гарвал манай ард түмэн мэддэг. Ялангуяа, “Учиртай гурван толгой” дуурь ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон болохоор дүрээ муу бүтээж хэрхэвч болохгүй. УДБЭТ-ын тайзнаа тоглохоос гадна аймаг, сум,багуудад очиж “Учиртай гурван толгой” дууриа тоглодог байлаа. Шарын голд очиж өдөрт гурван удаа тоглоход хамгийн сүүлийнхийг нь шөнийн 12 цагт тоглож байсан” гэж ярилаа.

Мөн  театрын алтан тайзнаа “Хан бүргэд” дуурийн Норовлхам, Халиун, “Үнэн” дуурийн Ядмаа, “Хөхөө Намжил” дуурийн Уянгын дүрийг ч сэтгэлд хоногштол бүтээж байсан чадварлаг дуучин, жүжигчин билээ. Гавьяат жүжигчин Б.Цэцэг “Д.Пүрэвсүрэнгийн “Хан бүргэд” дуурийн Норовлхамын дүр бол үнэхээр гайхалтай. Түүний дүрийг хараад гайхаж биширч явлаа. Д.Лувсаншарав багш “Норовлхамын дүрийг Пүрэвсүрэн шиг бүтээх хүн олдохгүй” гэж хэлж байсан. Бас цүнхэн доторх зүйлс нь тус бүрдээ гялгар ууттай, эмх цэгцтэй байсныг нь яана. Бидний цүнх бол хаана нь юу байгаа нь мэдэгдэхгүй. Тиймээс бид “гялгар уут” Пүрэвээ гэж хочилдог байлаа”  гэж дурсан ярьсан юм. УДБЭТ 1952 онд гоцлол дуурийн есөн хүнтэй анги шинээр нээж байв. Тэр есөн хүний нэг, дуурийн театрын сайхан бүсгүй дөрвөн Сүрэнгийн нэг гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэн энэ жил 90 настайгаа золгож байна. Түүний талаар гавьяат жүжигчин Ж.Цэцгээ “Д.Пүрэвсүрэн эгчийн ёсолгоо, жүжиглэлт, гарын хөдөлгөөн,  биеэ авч байгаа байдал гээд бүх зүйл нь үнэхээр гоё. Хоролмаагийн дүрийг түүн шиг сайхан бүтээх хүн ховор. Нүүр будалт, дээлээ яаж бүслэх, дуулалт дээр хүртэл бидэнд зөвлөгөө өгдөг багш, хүмүүжүүлэгч хүн юм. Үе үеийн дуурийн дуучид түүнээс суралцаж байлаа. Түүнийг тайзан дээр гарч ирэхийг тэсэн ядан хүлээж, дуулж байхыг нь хараад гайхан биширдэг байлаа” гэж ярьсан юм. Монголын дуурийн түүхийг “Учиртай гурван толгой”-гүйгээр, “Учиртай гурван толгой”-г Д.Пүрэвсүрэнгүйгээр төсөөлөхөд хэцүү. Гайхалтай авьяаслаг, амьдралын бүх цаг хугацаагаа дуурийн урлагт зориулсан, дахин давтагдашгүй Норовлхамын дүрийг бүтээж түүхэнд мөрөө үлдээсэн гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэнгээ 90 насны босгон дээрээ Ардын жүжигчин болоорой гэж хүсье. 1960-1990 он хүртэл театрт тоглосон бүх дуурь түүний авьяас билгийн шимээр бусдын зүрх сэтгэлд мөнхөрч, гоо сайхны таашаалыг мэдрүүлж байсныг бид мартах ёсгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.8  ДАВАА  №136, 137  (6103, 6104)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ