Долоо хоногийн фото тойм

Л.Батдорж

2019-07-07

Даваа гариг 7 сарын 1

У.Хүрэлсүх АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх, элчин сайд Ж.Болтоныг хүлээн авч уулзав

Талууд харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг стратегийн түвшинд хүргэх, энэ хүрээнд “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, “Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай” замын зураглалыг бодитойгоор хэрэгжүүлэх, шинэ салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессоор батлуулах болон бусад асуудлаар санал солилцов.

 

Даваа гариг 7 сарын 2

Конгресс: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг хоёр дахин нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Монголд анх удаа болж байна. Чуулганд дэлхийн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож хоёр өдрийн турш хуралдах юм.

Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвээр хэлэлцэж, туршлага солилцох юм. Бүс нутгийн хэмжээний энэхүү томоохон арга хэмжээнд оролцож буй төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бусад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагынхан байгаа юм.

Чуулганы үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд ажлын байр, түүний хамрагдалтыг нэмэгдүүлж, олон нийтийг хандлагаа өөрчлөхийг хүсч буйг хөндлөө.

 

Лхагва гариг 7 сарын 3

Ш.Батхүүгийн 98 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн мэдээллийг нууцаас гаргав

АТГ-аас битүүмжилсэн “Жаст групп” компанийн захирал Ш.Батхүүгийн 98 тэрбум төгрөгийн үнэ бүхий 185 эд хөрөнгийн мэдээллийг нууцаас гаргаж байгаа талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.

“Жаст групп” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг “Стандарт” банканд барьцаалсан асуудлыг хуулийн байгууллага шалгаж буй юм. Дээрх асуудлын улмаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас “Стандарт” банканд 40 сая ам.долларын өр төлсөн. Уг хохирлыг эгүүлэн төлүүлэх зорилгоор Ш.Батхүүгийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ мэдээллийнхээ эхэнд онцлов.

 

Пүрэв гариг 7 сарын 4

УИХ-ын дарга Г.Занданшатар “Зууны мэдээ” сонины асуултад хариуллаа

УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Тиймээс Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хаяглаж сониныхоо хуудсаар дамжуулан зургаан асуултыг өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн билээ. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар манай сонины асуултад хариуллаа.

 

Баасан гариг 7 сарын 5

Шинэ нисэх буудалд анхны онгоц газардлаа

Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу хөтлөх хурдны замыг нээлээ. Тэгвэл олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудалд анхны онгоц газардлаа.”МИАТ” ХК-ийн “Боинг 737-800” агаарын хөлгөөр туршилтын нислэг үйлдсэн юм.

Хөшигийн нисэх онгоцны буудлын менежментийг албан ёсоор эхлүүллээ. Ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы зам тээврийн дэд сайд, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, Япон Улсаас манай улсад суугаа элчин сайд нар оролцов.

Монгол Улс олон улсын стандартад нийцсэн анхны хурдны замаа хүлээж авлаа. Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал хүртэлх  32.2 км хурдны авто замыг нээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ