Полит-Анализ: Медиа дайнд тэр ялав бололтой

2019-07-04

© РИА Новости / Михаил Климентьев

Иван Данилов

Дэлхийн санхүүгийн хэвлэл мэдээллийн манлайлагч болох Financial Times сонинтой Владимир Путины хийсэн яриа дэлхий дахины мэдээллийн талбарт шуугиан дэгдээв. Санхүүгийн чиглэлийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй улстөрчдийн хийсэн яриаг гол төлөв янз бүрийн улс орны трейдерүүд, санхүүчид, эдийн засгийн яам, байгууллагын түшмэлүүд анхаарч уншдаг бөгөөд харин энэ удаа оросын лидерийн хэлсэн үгэндээ дэвшүүлсэн санаанууд санхүүгийн асуудлын хүрээнээс дэврэн хальж, В.Путины энэхүү яриа барууны маш өргөн олон нийтийнхний хувьд хурц, тод эшлэл болгох эх сурвалж нь байхаар болжээ гэдгийг бүр одоо урьдчилаад зоригтой хэлж болох юм шиг байна. Нэгдүгээрт, оросын лидер орчин үеийн ертөнцөд барууны нэг ч лидерийн гаргаж чадахааргүй улс төрийн бус эелдэг зангийн тийм төвшинг харуулж чадсан. Хоёрдугаарт, Путины яриа “глобал либерализм”-ын эсрэг бүрдүүлсэн буруутгалын актын өнгө аястай харагдаж байгаа нь Баруунд олон хүнийг алмайруулж орхисон. Бас хамгийн гол нь глобал үзэл суртлын манлайллын төлөө өрсөлдөхөд бэлэн гэдгээ оросын ерөнхийлөгч маш хүчтэй илэрхийлсэн. Манай гаригийн сая сая хүмүүс одоо Баруунд хатуу хориглосон сонгодог үнэт зүйлсийг бүрэн дүүрэн номлодог, санаж дурсахыг хориглосон зүйлийн талаар айж ичихгүй ярьж чаддаг улс төрчтэй болжээ.

Баруун олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хариу үйлдлийг (реакцийг) багцалж үзвэл (энэ зурвасыг бичих үеийн байдлаар) оросын лидерийн хэлсэн гурван санаа барууны мэдээллийн талбарт маш өндөр сонирхол татаж байгаа ажээ. Гарчгуудыг уншаад л үүнийг мэдэрч болно. Тухайлбал “Владимир Путин либерализмыг “хуучирсан” гэж хэлээд “авьяаслаг хүн” хэмээн Дональд Трампыг магтав” (Британий The Telegraph), “Путин Трампыг “авьяаслаг” хэмээн үнэлж, либерализмыг “хуучирсан” гэв” (америкийн улс төрийн хэвлэл The Hill), “Тереза Мэйтэй уулзахын өмнө Путин Барууны либерализм хуучирсныг анхааруулав” (Британийн The Guardian).

Олон нийтийн мэдээллийн бараг бүх хэрэгсэл “хуучирсан либерализм”-ын тухай (маш их материал) бичиж байгаа бол Euronews харин ганцаар либерализмын шүүмжлэл, Трампын үнэлгээнээс гадна “Газрын тос олборлолтын асуудлаар хийсэн тохиролцоо дэлхийн зах зээлийг тогтворжуулахад тус дөхөм болсон хэмээн Путин мэдэгдлээ” хэмээн Ройтер агентлагийг эшлэн арай өөр зүйлийг мэдээлжээ.

Энэхүү товч судалгаанаас хоёр чухал дүгнэлт хийж болох юм. Нэгд: Орос улсыг мэдээллээс тусгаарлах, эсвэл Орос улсыг бүс нутгийн хоёрдугаар зэргийн (хэний ч сонирхол татахааргүй) тоглогч болгон хувиргах тухай яриа огт байж болохгүй болжээ. Үнэлгээ, гадаадын хэвлэлтэй хийсэн ярианууд нь бүх тивд тэр даруй топ мэдээ болж тардаг улс төрийн ердөө гуравхан лидер дэлхийн тавцанд бий – энэ бол Путин, Си, Трамп нар. Хоёр дахь дүгнэлт: барууны улс төрийн маргаан мэтгэлцээний эмзэг цэгт оросын лидер өөрийн амаар цохилт өглөө. Орчин цагийн барууны “либерализм”-ын шүүмжлэл үгүйсгэх ямар ч аргагүй болсон сэдэв болж хувирчээ.

Ярилцлагаас Дональд Трампын улс төрийн авьяастай холбоотой хэсгийг хаалтны гадна үлдээвэл барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хоёр эшлэлийг гол төлөв онцолж байна. Тухайлбал “Либерал хэмээн нэрлэдэг орчин үеийн үзэл санаа бий, миний бодлоор, энэ үзэл санаа нэгэнт нэгмөсөн үеэ өнгөрөөжээ. Барууны түншүүд маань энэхүү үзэл санааны мультикультурализм гэх мэт зарим элемент огт бодитой биш гэдгийг хүлээн зөвшөөрцгөөсөн. Дүрвэгсдийн асуудал босч ирсэн үед энэ бол бүтэхгүй зүйл, уугуул хүн амын ашиг сонирхлыг санаж бодох хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн”, мөн “Энэхүү либерал үзэл санаа гэдэг нь ерөөсөө юу ч хийх шаардлагагүй гэсэн хэрэг. Хөнөө, дээрэмд, хүчирхийл – харин чамд энэ хамаагүй, яагаад гэвэл чи бол дүрвэгч, чиний эрхийг хамгаалах хэрэгтэй. Ямар эрхийг хэлнэ вэ? Хэрэг зөрчил гаргасан л бол үүнийхээ төлөө шийтгүүл. Чухам ийм учраас энэ үзэл санаа өөрөө үеэ өнгөрөөж, хүн амын дийлэнх олонхийн ашиг сонирхолтой зөрчилдөж эхэлсэн”. Барууны хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, редакторуудын үзэл бодлын үүднээс авч үзвэл Владимир Путин бол барууны (либерал) ертөнцөд байгаа сайн сайхан, гэрэл гэгээтэй бүхний дайсан гэдгийн нотолгоо нь чухамхүү түүний хэлсэн энэ хоёр эшлэл болох бөгөөд гэхдээ Путины эсрэг барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслийн гаргаж байгаа хүчин чармайлтууд эсрэгээрээ оросын лидерийн имижийг сайжруулахад л үйлчилдэгийг харуулсан тохиолдол гарцаагүй мөн.

Ажил алба, нэр төр, эсвэл бүр эрх чөлөөгөө ч алдахаас айж бэргэн, хэлмээр санагдсан ч хэлж зүрхэлдэггүй Барууны олон хүний санаж бодож явдгийг харин Путин нийтэд сонсогдохоор чанга хэлсэн юм байна гэдгийг нийгмийн сүлжээ хэрэглэгч жирийн хүмүүсийн санаа бодлоос (реакцаас) анзаарч болно. Түүгээр ч барахгүй Оросын Ерөнхийлөгч ийм мэдэгдэл хийж чадах Европын цорын ганц улстөрч болж байгаа бөгөөд тэрээр үзэл бодлоо илэрхийлэхдээ либерал үзэл суртал, түүний үнэт зүйлст ихэнхдээ хүндэтгэлтэй ханддаг Дональд Трампаас (хэдийгээр хачин жигтэй аашилж, хорон муу үг хэлдэг ч гэсэн) ч хол илүү эрх чөлөөтэй хүн гэдгийг нь сонинтой хийсэн яриа харуулж байна. Путин хаана байна, тэнд эрх чөлөө байна гэсэн маш энгийн зарчмыг барууны эгэл жирийн хүн сонинд өгсөн түүний бүхий л ярилцлагаас юуны өмнө тогтоож авах бөгөөд барууны улс төрийн элитүүдийн нүдийг хорсгосон үнэнийг оросын лидер хэлчихлээ шүү хэмээн өөртөө дүгнэх болно.

Баруун шинжээчдийн нийгэмлэг аажмаар шокноос гарах үедээ бүх баруунтны (бас мөн хэт баруунтны), үндсэрхэг үзэлтэн, системийн эсрэг хөдөлгөөнийхний үзэл суртлын зоригжуулагч, эсвэл нууц ноёнтон хэмээн Путиныг буруутгах нь гарцаагүй. Гэхдээ энэ бүхэн Путины олон улсын имижид л ашигтай тусах биз ээ.

Вашингтон, Лондон, Брюсселийн шинжээчдийн оюун санааг шаналган зовоож байгаа улс төрийн феномен үзэгдэлд өөрийнхөө гарцаагүй учир зүйтэй (логиктой) тайлбарыг Владимир Путин өгсөн явдал барууны түншүүдийн маань эмзэглэх хариу үйлдлийн (реакцын) гол шалтгаан болж байна.

Уг нь тэдний ертөнцөд бүх зүйл Фукуямагийн таамгийн дагуу л аль эрт болж дуусах ёстой байтал үүний оронд Брекзит болж, Трамп сонгогдож, Европын холбоо системийн хямралд дарагдаж, Европарламентын ээлжит сонгуулийн дараа цаашид үргэлжлүүлэн оршин тогтнох болсон явдлыг харин жинхэнэ амжилт хэмээн нэрлэж байна. Мэдээж, “борчуулд зориулсан тайлбар”-т итгэхийг олон нийтэд санал болгож байгаа. Жишээлбэл, “оросын хакерууд фейсбукийн зар сурталчилгааг худалдаж авснаас болоод Брекзит үүсч бий болсон” гэх мэт. Гэхдээ шинжээчдийн нийгэмлэгийнхэн өөрөө өөртөө ойлгохын тулд арай өөр ухаалаг зүйл сонсохыг хүсч байгаа боловч тэгэхдээ илэрхий системийн асуудал хэнд ч байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх зориг тэнхээ алга байна. Харин Путины хувьд ийм зориг байна, түүний хэлсэн “Либерал хэмээн нэрлэдэг орчин үеийн үзэл санаа нэгэнт нэгмөсөн үеэ өнгөрөөжээ” гэсэн томьёолол бол үнэн хэрэгтээ орчин үеийн барууны ертөнцийн гол асуудлын зөв хариулт мөн юм.

Барууны улстөрчид, шинжээчид энэхүү тайлбарыг хүлээж авахыг хүсэхгүй байгаа хэдий ч бодит байдал үүнээс болж өөрчлөгдөхгүй. Консерватив, популист хариу авалт гарцаагүй, энэ үйл явц бүх дэлхий даяар аль хэдийн хүчээ авсан, “либерал идеализм” хэмээх (гуманизм буюу хүмүүнлэг ёсыг номлодог мөртлөө өөрсдөө хүнийг зулгааж идэх байдлаар авирладаг) бүдүүлэг үзэл санааны оронд Орос улсад маш ашигтай, Баруунд оросыг үзэн ядагчдын туйлаас дургүй прагматик реализм аажим аажмаар дэлхийн бодлогод давамгайлж эхэлнэ. Энэ бол барууны түншүүд Орос улсыг бүхэлд нь, Владимир Путиныг онцолж хайрлаж эхэлнэ гэсэн үг биш, ингэх хэрэг ч байхгүй. Энэ бол эцсийн бүлэгт жинхэнэ үндэсний үнэт зүйл, ашиг сонирхлыг үзэл суртлаас илүү чухалд үздэг лидерүүд дэлхийн бодлогыг авч хэлэлцдэг байх боломж байна гэсэн хэрэг юм.

Polit.mn сайтад зориулж орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ