Үүргэвчтэй аялагч Б.Сарантуяа: Иран улсын аялал мартагдашгүй дурсамж үлдээсэн

2019-07-03

Б.ДОЛЖИНЖАВ

“The Nomadic Soul” аялалын компанийг үүсгэн байгуулагч, үүргэвчтэй аялагч Б.Сарантуяаг “Залуус” буландаа урилаа. Тэрээр өнөөдрийн байдлаар 34 улсаар аялаад байна.

-Индонез улсад аялал жуулчлалын чиглэлээр суралцсан гэсэн. Яагаад энэ улсыг сонгон суралцсан юм бэ?

– Би  2014 онд Сити их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Индонези улсын Засгийн газрын Дармасисва тэтгэлэгт тэнцээд Бали арлын Денпасар хотын сургуульд аялал жуулчлалын чиглэлээр 2014-2015 онд суралцсан. Индонезид сурч байх үедээ анхны аялалын гараагаа эхлүүлсэн. Гадаадад урт хугацаагаар амьдарч,суралцах үедээ нүд нээгдэж бусад орны залуучууд өөрсдийгөө залуу, мөнгөгүй гэхгүйгээр олон газар луу аялдаг гэдгийг ойлгосон. Балид хамт сурч байсан Эквадор охин Фатима надад анхны аялалын урам зоригийг өгсөн.  Тэгээд Индонезийн Жава арлаар Фатиматай долоон хоног үүргэвчтэй аялал хийсэн.

– Аялалаар явж байхдаа олон адал явдалтай таарсан байх. Ялангуяа анхны аялал тань хөгжилтэй байсан уу?

– Тэр аялал адал явдалтай байсан. Том усан онгоц, жижиг завинд суухаас эхлээд ачааны машины тэвшин дээр  гээд янз бүрийн тээврийн хэрэгслээр явж үзсэн.Олон сонирхолтой газруудад байрлаж миний төсөөлснөөс илүү гоё шинэ, соргог мэдрэмжийг өгсөн. Аялахын тулд их мөнгө хэрэггүй, өөрөө хичээвэл олон газраар аялах боломжтойг мэдсэн. Сургуулиа төгсөөд Монгол руу буцахдаа Зүүн өмнөд азийн 1-2 улсаар ганцаараа аялъя гэж Фатимад хэлэхэд  “чи чадна” гэж зоригжуулснаар анх Тайланд руу долоо хоног үүргэвчтэй аялсан. Дараа нь Хонгконгоор дамжиж Монголдоо  ирсэн. Энэ үеэс аялалын гарц нээгдсэн.

– Аялал гэхээр бид их мөнгө бодоод хойшлуулаад байдаг. Хоёр сая төгрөгөөр Европын найман орноор аяласан гэхээр итгэхэд хэцүү юм?

– 2015 оноос эхлээд гурван жил гаруйн хугацаанд 34 улсаар аяласан. Нийт 25 аялал хийсэн. Нэг аялалын зардал дунджаар 1-5 сая төгрөгийн хооронд байдаг. Европын найман орноор 2016 оны хавар аяласан. Тухайн үед Италийн Басселгади Пине хотод олон улсын оюутны тэшүүрийн аварга шалгаруулах тэмцээнд олон улсын сайн дурын сэтгүүлчээр ажиллах боломж олдсон. Тэр тэмцээнд долоо  хоног ажиллаад буцаад ирэхээр харамсалтай санагдаад сар гаруйн хугацаанд өөрт байсан хоёр сая төгрөгтөө багтаагаад тойрч аяласан.  Амьдралдааа хэзээ ч уулзаж байгаагүй хамаатныдаа, хуучин ажлынхаа танилын дүүгийнд, бас огт танихгүй айлд хонохоос эхлээд амьдрах байрныхаа мөнгийг их хэмнэсэн.  Зарим үед төөрөөд автобусны буудал дээр хүртэл хонож байсан. Хөгжилтэй зүйл их тохиолдсон.

– Огт танихгүй айлд хононо гэхээр сонирхолтой санагдаж байна. Гэхдээ  эрсдэлтэй биш гэж үү?

– Ихэнх үүргэвчтэй аялагчид couchsurfing гэсэн вэб сайтыг мэдэх байх. Энэ вэбсайт тухайн нутгийн иргэн шиг аял гэсэн уриатай. Үүргэвчтэй аялагч очсон орондоо айлуудад үнэгүй хоноод мөнгөө хэмнэх боломжтой. Аялагчийг гэртээ байлгаж байгаа хүмүүсийн олонх нь өөр өөр орны түүх соёлыг мэдэх хүсэлтэй байдаг.  Танихгүй айлд хоноход аюулгүй байдал маш чухал.  Хонох айлаа, гэртээ байлгах хүнээ би маш сайн судалдаг. Вэб сайт дээр байгаа мэдээлэлээс гадна бусад олон нийтийн сүлжээний хаягийг нь шалгана, ямар пост бичиж байгааг нь судална. Энэ вэб сайт дээр өмнө нь тэр айлд хонож байсан аялагчдын бичсэн сэтгэгдлүүд байдаг. Тухайн айлын талаар нэг  муу сэтгэгдэл байвал тэр нь үнэн гэсэн үг. Учир нь тухайн сэтгэгдлийг устгах боломжгүй байдаг. Тэр сэтгэгдлүүдийг нь бас уншина.

-34 улсаар аялахдаа олон айлд хоносон байх. Хамгийн мартагдашгүй дурсамж үлдээсэн айлыг  дурсвал?

– Хамгийн анх байсан айл их сонирхолтой санагдсан. Москва хотод байдаг Аня гээд 25 настай бөмбөрчин охин байсан.  Тухайн үедээ би 23-тай байлаа. Москвад өөр газар байхаар төлөвлөсөн чинь боломжгүй болсон. Тэгээд Анятай холбогдоод гэрт нь нэг хонохоор ярилцсан байсан юм. Гэтэл би Москвад тав хононо гэсэн чинь “Тэгвэл манайд тав хонооч” гээд их нээлттэй, харилцахад амар охин байсан.  Хөгжмийн сургуульд сурдаг, хичээлийнхээ хажуугаар Англи хэл заадаг, усан спортоор хичээллэдэг гээд их идэвхтэй амьдралын хэв маягтай охин байсан. Чөлөөт цагаараа хотоо танилцуулаад орой нь  хөгжмийн бэлтгэлдээ, тоглолт дээрээ аваачиж олон сонирхолтой зүйл надад үзүүлсэн.

– Гадны үүргэвчтэй аялагчдыг гэртээ хонуулдаг болсон гэсэн. Одоогоор хэдэн орны зочид хүлээж авсан бэ?

– Танихгүй айлуудад хоноход өмнө нь таньдаггүй байсан мөртлөө бүгд надад маш их сэтгэл гаргадаг байсан. Яагаад энэ хүмүүс надад ийм их сэтгэл гаргаад байгаа юм бол, би ачийг нь яаж хариулах вэ гэж бодсон. Баярлалаа гэдгээ илэрхийлээд мөнгө өгөх бол утгагүй зүйл. Дурсгалын зүйл өгөх бас жижигхэн л зүйл. Удаан бодсоны эцэст надтай адил аялж байгаа хүмүүсийг гэртээ байлгаж, хотоор аялуулъя гэж бодсон. Ингэснээр өнгөрсөнд надад тусалсан хүмүүст би эргээд тусалж байгаа юм байна гэдгээ ойлгосон. Тэгээд 2016 оноос үүргэвчтэй аялагчдыг гэртээ хонуулж, хоттой танилцуулдаг болсон. Ихэвчлэн Европын орноос ялангуяа Польшоос олон аялагч ирсэн. Нидерланд, Канад, Хонконг, Сингапур, Германаас олон газраар аялчихсан залуу хүмүүс ирдэг.

– Иран хүн аялах нь байтугай өөр зорилгоор ч очихоос айдаг улс. Гэтэл та яагаад аялах болов?

– Жилийн өмнө Дундад Азийн Израйль, Палестин, Турк, Иран улсаар сар гаруйн хугацаанд аялсан. Энэ улсуудаас  би Ираныг онцолно. Хамгийн анх Иран руу аялна гэдгээ найз нөхөддөө хэлэхэд аюултай, халдлага ихтэй, дайнтай газар яваад хэрэггүй гэж эсэргүүцсэн. Миний хувьд заавал очиж үзэх ёстой газрын нэг гэж шийдсэн тул нийслэл Тегеран, Исфахан хотоор ес хоног аяласан. Бид Иран улсыг хэзээ мэдэхгүй тэсрэх гэж байгаа бөмбөлөг гэж төсөөлдөг. Гэхдээ хүмүүстэй нь дотно танилцаад, найзлахад  буруу дүгнэсэн юм байна гэдгээ ойлгосон. Аялж байх хугацаандаа тайван, айдасгүй байсан. Ард иргэд нь их элэгсэг, найрсаг, сониуч, цайлган сэтгэлтэй хүмүүс байсан. Өөр нууцлаг ертөнцөд орж ирсэн мэт санагдаж, Иранаар аялсан  нь надад мартагдашгүй дурсамж үлдээсэн.

– Залууст хямд зардлаар аялах боломжийг олгох “Nomadic Soul аялалын компани байгуулсан гэсэн?

-2016 онд Европоор аялж байхдаа Nomadic Soul фэйсбүүк хуудас нээсэн. Nomadic Soul  гэдэг нь зогсолтгүй аяладаг хүн гэсэн утгыг илэрхийлдэг.Тухайн үед 23 настай жирийн амьдралтай Монгол охин Европын орнуудаар хямдхан зардлаар аялж байна, аялах боломж хүн бүрт байдаг гэдгийг мэдрүүлэхийг хүссэн. Учир нь аялал гэхээр хүмүүс их мөнгө, цаг хугацаа боддог. Фэйсбүүк хуудсандаа энэ автобусны компани хямдхан байдаг юм байна, энд ингэж бүтэлгүйтлээ гэх мэт аялалынхаа бүх түүхийг бичиж үлдээдэг байсан нь  олон хүнд хүрсэн. “Германд очвол манайд байгаарай, Ромд очвол ийм зүйлийг анхаараарай” гэж зөвлөж, олон хүн надад урам зориг өгсөн.  Аялал дууссаны дараа дараагийн аялал чинь хаашаа вэ, хамтдаа аялж болох уу гэж их асуусан. Яг над шиг  хямдхан зардлаар аялахыг хүсч байгаа хүмүүстэй яагаад хамт аялж болохгүй вэ гэсэн бодол толгойд орж ирсэн. Энэ бодлоо хэрэгжүүлээд компаниа байгуулаад Зүүн Өмнөд Ази болон Кавказын 4-6 орноор хамгийн хямд зардлаар хоёр долоо хоног аяладаг аялал зохион байгуулдаг болсон. Мөн аялалын хөтөлбөрөө гаргаж чадахгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгдөг. Олон улсаар аялахдаа олж авсан туршлагаа Монголдоо хэрэгжүүлж аялалынхаа компанийн үйл ажиллагааг өргөжүүлье гэж боддог.

-Дараагийн аялал нь хэзээ вэ?

-Энэ сарын 8-нд Азербайжан, Гүрж, Казакстан,Туркээр гурван долоо хоногийн хугацаатай аялахаар болсон. Аялалаа үргэлжлүүлж ганцаараа цаашаа Киргизстан, Узбекистанаар аялахаар бүх зүйлээ төлөвлөчихсөн.

– Аялалаа зогсоох тухай бодож байсан уу?

-Олон удаа шантарч байлаа. Эхний нэг жилдээ маш амархан шантарсан. Хүмүүс “Үеийн залуус чинь эх орныхоо төлөө өдөр шөнөгүй ажиллаж байхад чи ганцаараа  хий дэмий аялж зугаалахаа боль. Амьдрал, ирээдүйгээ бод тогтвор суурьшилтай амьдар” гэхэд нь эмзэглэсэн. Юуны төлөө яваад байгаа нь мэдэгдэхгүй, утгагүй санагдаад аялалаа зогсоогоод банкинд ажилд орсон. Хэд хоног дадлагажигчаар ажиллаад уйтгартай, ингэж ажиллах нь миний хэв маяг биш  гэдгийг мэдэрсэн. Миний амьдралынхаа туршид хийх ёстой зүйл бол аялах юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд хоббигоо ажил болгоод явж байна.

-Аялалаар явахад хамгийн чухал зүйл нь юу юм бэ. Аялалаа хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст ямар улс санал болгох вэ?

-Хамгийн түрүүнд аялъя гэсэн чин хүсэл эрмэлзэл байх ёстой. Дараа нь тэр хүслээ зорилго болгох хэрэгтэй. Миний эргэн тойронд хамт аялъя гэж хэлсэн хэрнээ нэг ч аялаагүй олон хүн бий. Шалтгаан нь зорилго, хэзээ хаашаа явахаа тодорхойлоогүй байдаг. Зорилгоо тодорхойлоогүй учраас аялах гэтэл мөнгө хүрэхгүй байна, ээж явуулахгүй, найз хамт явахаа больчихлоо гэсэн жижиг асуудлыг үүсгээд байдаг юм шиг санагдсан. Тиймээс аялъя гэсэн чин хүсэлтэй байж, зорилгоо тодорхойлж, шийдвэртээ үнэнч зоригтой байх хэрэгтэй. Аялана гэхээр их хэмжээний мөнгө бодох нь буруу. Таньд 500 мянган төгрөг байвал Эрхүү, Улаан-Үүд хот руу аялж болно. Сая төгрөгтэй бол Казакстан улс руу арав хоногийн хугацаанд аялаад ирэх боломжтой. Казакстан руу аялахад өртөг хямд, сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа, залуучуудынх нь амьдралын хэв маяг маш сонирхолтой улс шиг санагдсан.  Тиймээс заавал очиж үзээрэй гэж залуустаа хэлмээр байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ