Үндсэн хуулийн асуудлаар МАХН-аас УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлсэн саналууд

2019-06-28

/бүрэн эхээр нь хүргэж байна/

 

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт

 

2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр                                                              Улаанбаатар хот

УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн тул энэхүү хэлэлцүүлэгт УИХ-д суудалтай намуудаас гадна улс төрийн бусад нам, иргэний хөдөлгөөн идэвхтэй оролцох ёстой бөгөөд эрх баригчид ч тэдэнд ингэх боломж бололцоог олгох үүрэгтэй.

МАХН энэхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг МАН дангаараа хийж болохгүй гэсэн байр суурь баримталж байгаа юм.

Хамгийн гол нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийвэл:

1.1992 оны Үндсэн хуульд буруу, дутуу туссан, эсхүл огт тусаагүйн улмаас сүүлийн 27 жилийн турш Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдлыг байнгын хямралт байдалд байлгасан гаж тогтолцоог засах зорилготой зарчмын суурь асуудлуудыг төсөлд зөв тусгаж одоогийн хямралт байдлаас бүрмөсөн гарах,

2.Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь өндөр албан тушаалтнуудад биш харин нийт ард түмэнд буюу хүн бүрт үр өгөөжөө өгөх зорилготой байх,

3.Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнийг буюу сонгуульд саналаа өгөх эрх бүхий хүн бүрийг оролцуулсан өргөн, чөлөөт, бодитой хэлэлцүүлгийн үндэслэсэн нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Эдгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дараах хүрээг хамрах нь зүйтэй гэсэн байр суурь баримталж байна. Үүнд:

1.Монголын ард түмнийг ядуурлаас гаргах, нийгэмд шударга ёсыг тогтоох, ард түмний амьжиргааны төвшинг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр (Байгалийн баялаг ард түмний дундын өмч мөн гэдгийг хуульчлан тогтоох),

2.Монгол Улсад Монгол хүн бүр авьяас чадвараа нээн хөгжүүлэх, нийгэмд тодорхой байр суурь эзлэх, Монгол Улсын хүн амын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн харилцаа мэдлэгт суурилсан байх зэрэг чиглэлээр (Хүн бүр дээд боловсролтой болох, тодорхой мэргэжил эзэмших, түүний улсын их, дээд сургуульд сурах зардлыг төр засгаас бүрэн хариуцах тогтолцоонд шилжих),

3.Монгол Улсын хүн амын тоо цөөн учир Монгол хүн бүр урт удаан наслах, эрүүл саруул байх, бүрэн дүүрэн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр (Хүн бүр улсын эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэхэд түүний эмчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцах тогтолцоонд шилжих),

4.Төр засгийн тогтолцоо ард түмний чөлөөт сонголтонд тулгуурладаг байх, төр засгийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагууд нэг нэгийгээ хянах боломжтой байх чиглэлээр (Төр засгийн бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж нь ард түмэн мөн гэдгийг хуульчлан тогтоож, төр засгийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх засаглалын эрх мэдлийн байгууллагууд харилцан тэнцвэртэй байх зарчмын дагуу гагцхүү ард түмний чөлөөт, ухамсарт сонголтоор байгуулагдаж байхшударга тогтолцоонд шилжих),

5.Шударга ёсыг бат бэх тогтоохын тулд шүүх тогтолцоог ард түмний шууд хяналтанд оруулах чиглэлээр (Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагын шүүгчдийг гагцхүү ард түмний чөлөөт, ухамсарт сонголтоор сонгон ажиллуулж байх шударга тогтолцоонд шилжих),

6.Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь төр засгийн бүрэн эрхийн гол асуудал мөн гэдгийг тогтоох чиглэлээр (Хүний эрхийн байгууллагыг засаглалын нэгэн эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагын хэмжээнд тавих, гагцхүү ард түмний чөлөөт, ухамсарт сонголтоор сонгон бүрдүүлж байх тогтолцоонд шилжих) эдгээр болно.

Эдгээр Үндсэн хуульд зайлшгүй тусах ёстой гол санааг тодруулан тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна.

Нэг. Байгалийн баялаг бол ард түмний дундын өмч мөн

Байгалийн баялаг болох алт, зэс, нүүрс зэрэг нь үл сэргээгдэх баялагт тооцогдоно. Энэхүү баялаг дараах шинжтэй. Үүнд: энэхүү баялагийг бүтээхэд хэн нэгэн хүн, хүмүүс, эсхүл байгууллага оролцоогүй байдаг. Тийм учир эдгээр баялагийг нэг хүн, байгууллага, эсхүл тодорхой тооны хүн, байгууллага өмчлөх нь ямагт маргаан үүсгэдэг.

Хүн төрөлхтний түүхийг эргэн харахад байгалийн баялагийг хэн нэгэн хүн, эсхүл байгууллага бүтээгээгүй тул түүнийг өмчлөх санаархал нэг хэсэг хүмүүс, эсхүл байгууллагуудад төрдөг. Энэ нь мөн адил тийм санаа бодолтой хүмүүс, эсхүл байгууллагуудын хооронд зөрчил маргаан үүсгэдэг, улмаар зөрчил маргаан нь бүр дайн дажин болж хувирдаг ажээ.

Тухайлбал, Дэлхийн I дайны дараа Германы нутаг дэвсгэрт буй Рурын нүүрсний ордыг Франц Улс аван эзэмшиж байсан жишээтэй. Эрдэмтдийн судалж тогтоосноор хүн төрөлхтний түүхэнд цуст мөрөө үлдээсэн томоохон зөрчил мөргөлдөөн, дайн дажиныг өдөөсөн хүчин зүйлийн нэг нь яахын аргагүй байгалийн баялагийн төлөөх өрсөлдөөн байсан аж. Тухайлбал, Америкийн хувьсгалын цаад учир шалтгаан Англи, Франц хоёрын хоорондын байгалийн баялаг болон худалдааны замыг хяналтандаа авах гэсэн өрсөлдөөн байсан гэж үздэг. Түүнчлэн АНУ-ын иргэний дайн нь боолчлолыг халах, эсэх тухай асуудал байсан нь үнэн боловч энэ нь олон боолыг АНУ руу олзлон авчирч тэдний хөдөлмөрийг хөвөнгийн талбай буюу бас нэгэн төрлийн байгалийн байлагийг ургуулан хурааж авах хүнд хүчир хөдөлмөрт амьдралд нь хүрэлцэхүйц урамшуулалгүйгээр морь нохой мэт зарж ажиллуулах эсэх тухай асуудал байсан юм. Өөрөөр хэлбэл бас нэгэн төрлийн байгалийн баялагтай холбоотой асуудал байжээ.

Англи Энэтхэгийг колоничлохдоо юуны түрүүн энэ орны байгалийн баялагийг өөрийн мэдэлд авах зорилготой байсан нь тодорхой. Английн эзэн хааны нэрийн өмнөөс Энэтхэгийн хэрэг явдлыг “Ийст Индиа Компани” хэмээх худалдааны компани хариуцаж байсан нь дээрх дүгнэлтийг баталж байгаа баримт мөн. Энэ компани Энэтхэгээс Дундад зуунд алтнаас илүү үнэд хүрч байсан халуун ногоо, үнэт чулуу зэрэг байгалийн баялагийг их хэмжээгээр Англи руу гаргаж байсан бөгөөд худалдааг бүрэн монопольчилсон байжээ.

ЗХУ болон Финляндын хооронд болсон 1939 оны дайн ч никель хэмээх байгалийн баялагийн төлөөх зөрчил мөргөлдөөн байсан гэж үздэг. 1941 онд Гитлерийн Герман ЗХУ руу довтолсон нь Герман Улс ЗХУ-ыг байгалийн баялагийн их нөөцтэй улс орон мөн гэж үзэж, тэр баялагийг эрх мэдэлдээ авах зорилготой байсан нь тодорхой.

Мөн 1990 онд Ирак Кувейт руу довтолсон нь Кувейтийн байгалийн баялагийг эрх мэдэлдээ авах зорилготой байсан. Түүнчлэн эрдэмтэд Хятад, Вьетнам, Филиппин гурван улсын хооронд өрнөж буй Номхон далайн арлуудын асуудал хэмээх зөрчил, Англи ба Аргентины хоорондох Фолклэндын арлын төлөөх зөрчлийн цаана тэр нутагт байгаа байгалийн баялагийг эрх мэдэлдээ авах гэсэн өрсөлдөөн байгаа гэж үздэг.

Тэгэхээр байгалийн баялаг хэний ч оролцоогүйгээр буй болсон баялагийн хувьд хамгийн их шунал хөдөлгөдөг баялаг мөн тул түүнийг өмчийн хувьд оновчтой тогтоож ашиглах нь юу юунаас илүү чухал юм.

1962 оны 12 сарын 14-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей “(Улс түмнүүд)Байгалийн баялагаа байнга эрх мэдэлдээ байлгах” тухай 1803 (XVII) тоот тогтоол баталсан байна. Энэ тогтоолыг батлахад 87 орон дэмжиж, 2 орон эсэргүүцэж, 12 орон түдгэлзсэн байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэхүү тогтоолыг батлахдаа улс түмэн өөрийнхөө тусгаар тогтнолын асуудлыг өөрсдөө мэдэн шийдвэрлэх эрхтэй байдгийн нэгэн адил аливаа ард түмэн улс орныхоо нутаг дэвсгэрт байгаа байгалийн баялагийг байнга эрх мэдэлдээ байлгаж түүнийг хэрхэн ашиглахыг өөрөө шийдвэрлэдэг байх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байгалийн баялаг бусад төрлийн өмчөөс юугаараа ялгаатай байдаг вэ? гэхээр:

нэгд, түүнийг буй болгоход ямар нэгэн хүн, хүмүүс, эсхүл байгууллага оролцоогүй байдаг,

хоёрт, байгалийн баялаг дотроо сэргээгдэх ба үл сэргээгдэх хэмээн хоёр хуваагддаг зэрэг билээ.

Түүнчлэн байгалийн баялаг, ялангуяа үл сэргээгдэх байгалийн баялаг голдуу газрын гадаргууны доор буюу газрын хэвлийд оршиж байдаг тул өмчлөлийн асуудал дараах дөрвөн хэлбэрээр зохицуулагддаг. Үүнд:

нэгд, газрын гадаргууны өмчлөл,

хоёрт, газрын хэвлийн өмчлөл,

гуравт, газрын хэвлийн баялагийг газрын гадаргуу дээр гаргаж ирсэний дараа ашигт малтмал хэмээгдэх баялагийн өмчлөл

зэрэг асуудал байдаг билээ.

Зарим оронд эдгээр өмчлөлийг янз янзаар шийдсэн байдаг. Тухайлбал, газрын гадаргууг хувь хүн, компанийн өмчлөлд өгдөг. Харин газрын хэвлий, түүний баялагийг төрийн өмч зэрэг өмчийн өөр хэлбэрт байлгадаг. Нөгөө талаар газрын гадаргуун дээр гаргасан ашигт малтмалыг хувийн өмчид тооцдог гэх мэт.

Эхний үед эрдэмтэд, ялангуяа эдийн засаг судлаачид байгалийн баялагийн өмчлөлийн асуудлыг шийдэхдээ бусад өмчийн нэгэн адил хувьд очиж болно гэж үзэж байсан байдаг. Хэсэг хугацаа өнгөрөхөд зарим эрдэмтэн байгалийн баялаг бол хэний ч оролцоогүй бүтсэн баялаг мөн учир түүнийг цөөн хүнийг баяжуулах өмчлөлийн хэлбэрээр биш харин бүх хүн үр шимийг нь хүртэх өмчлөлийн хэлбэрээр ашиглах нь зүйтэй хэмээн үзэж газрын гадаргууг хувийн өмчинд шилжүүлсэн ч газрын хэвлий, түүний баялагийг төрийн өмч зэроэг өмчлөлийн өөр хэлбэрт шилжүүлэн авч үлдэх нь зүйтэй гэж үзсэн байдаг.

Дээр үед, ялангуяа төр засаг ба ард түмний хоорондын харилцаанд төр голлох үүрэгтэй, төр ард түмнийг төлөөлнө, төр ард түмний төлөө гэхээсээ илүү ард түмэн төрийн төлөө гэсэн ойлголт хүчтэй байсан үед байгалийн баялагийг төрийн өмчид авч үлдэх нь ард түмний өмчлөлд байлгахтай адил хэмээн тооцогддог байжээ. Гэтэл тэр үеэс хойш өнгөрсөн цаг хугацаанд төр засаг ба ард түмний хоорондын харилцааны тухай ойлголт улам гүн гүнзгий, нарийн болсон бөгөөд “төрийн өмч” хэмээх нь “ард түмний өмч” гэдэгтэй яв цав нийцэхээ больсон байна.

Ялангуяа аливаа өмчийн харилцаанд тухайн өмчийг захиран зарцуулах шийдвэрийг хэн гаргах вэ? гэдгээр нь авч үзвэл төрийн өмчийг захиран зарцуулах шийдвэрийг төр засаг буюу тухайн үеийн өндөр албан тушаалтнууд гаргана, хувийн өмчийг захиран зарцуулах шийдвэрийг тухайн өмчийг өмчлөгч этгээд гаргана гэдэг нь ойлгомжтой болсон байна. Тэгвэл өндөр албан тушаалтнууд төр засгийн өмнөөс төрийн өмчийг захиран зарцуулах шийдвэр гаргахдаа ард түмний эрх ашгийг бодолгүй харин өөрсдийнхөө, өөрсдийн найз нөхдийн эрх ашгийг бодсон шийдвэр гаргадаг нь манайд сүүлийн 27 жилд төр засгаас байгалийн баялгийн талаар гаргасан томоохон шийдвэрүүдээр батлагдаж байна.

Ийм эмгэнэлтэй байдал зөвхөн Монголд байгаа биш, байгалийн баялагтай олон улс оронд байгалийн баялгийг төрийн өмч хэмээн тодорхойлж, улмаар өндөр албан тушаалтнууд байгалийн баялгийг захиран зарцуулах шийдвэр гаргахдаа ард түмний эрх ашгийг хамгийн сүүлд боддог, эсхүл огт боддоггүйн жишээ олон байна. Тэд нар ийнхүү буруу шийдвэр гаргахдаа эхлээд газрын хэвлийд байгаа байгалийн баялагийг төрийн өмчид авсан мэтээр хуулиа гаргаад дараа нь тэр баялаг газрын гадаргуу дээр гарсны дараа ашигт малтмал болж хувирна, ашигт малтмалыг төр засаг өмчлөхгүй харин хувийн өмчлөлд шилжүүлэх ёстой гэсэн үндэслэл гарган хүмүүсийн толгойг эргүүлж, өөрсөддөө, эсхүл найз нартаа ашигтай зархиран зарцуулах шийдвэр гаргана. Манайд ч байгалийн баялагийн асуудал яг ийм хүнд хэцүү, ойлгомжгүй байдалтай байгаагаас болоод цөөн хэдэн хүн, гэр бүл хагартлаа баяжиж, нийт иргэд байгалийн баялгаас үр шимийг нь хүртэхгүй байгаа нь нийгмийн ихээхэн бухимдлыг төрүүлж байна.

Тэгэхээр байгалийн баялагийг бүхий л шатанд нь буюу газрын хэвлийд байхад нь ч, газрын гадаргуу дээр гарч ирсэний дараа ашигт малтмал болж хувирсан үед нь ч хэний ч оролцоогүй буй болсон баялагийн хувьд нэг хүн, эсхүл нэг хэсэг хүний өмчлөлд шилжүүлж болохоор томъёолохыг больж, харин нийт “ард түмний дундын өмч” хэмээн томъёолох нь хамгийн оновчтой томъёолол болно гэж үзэж байна.

Тухайлбал, одоогийн Үндсэн хуулийн 6.2.-т байгаа “газрын хэвлий, түүний баялаг нь төрийн өмч” мөн гэсэн заалтыг заавал өөрчлөх ёстой бөгөөд өөрчлөхдөө шинэ Дээд хуулийн төслийн 8.8-д тогтоосны дагуу “байгалийн баялаг, ашигт малтмал нь ард түмний дундын өмч мөн” хэмээн шинээр томъёолох нь хамгийн зөв бөгөөд шударга томъёолол болно гэсэн байр суурьтай байна.

Харамсалтай нь МАН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд байгалийн баялаг “төрийн өмч” хэвээр байхаар бататган тогтоож байгаа нь энэхүү тодорхойлолтын өмнө нь, эсхүл хойно нь ямар ч гоё сайхан үг бичээд нөгөө л өндөр албан тушаалтнууд байгалийн баялагийг захиран зарцуулах шийдвэр гаргадаг байх гаж тогтолцоо хэвээр хадгалагдан үлдэж байна гэж үзэж байна.

Тухайлбал, 2009 оны намар “Оюу толгойн ХОГэрээ”-г байгуулсан тухайн үеийн төр засгийн өндөр албан тушаалтнууд ард түмэн, улс орондоо ашигтай сайн гэрээ байгуулсан мэтээр тайлбарлаж байсан боловч үнэн хэрэгтээ “Оюу толгойн ХОГэрээ” бол Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт ноцтой хор хохирол учруулсан гэрээ болсныг дотоод, гадаадын судлаачид тэмдэглэн шүүмжилж байгаа.

Тэгэхээр байгалийн баялагийг зөв зүйтэй ашиглах, хамгийн гол нь үр өгөөжийг нь нийт ард түмэнд ижил тэгш хүртээмжтэй байлгах, чинээлэг дундаж давхаргыг бий болгох, ирээдүй хойч үеийн сайн сайхан амьдралын баталгааг буй болгохын тулд түүнийг “ард түмний дундын өмч” гэж томъёолон Үндсэн хуульд тусгахаас өөр гарц байхгүй байгааг тэмдэглэж байна.

Ингэснээр байгалийн баялаг газрын хэвлийд байхдаа ч, газрын гадаргуу дээр гарч ашигт малтмал болохдоо ч “ард түмний дундын өмч” мөн гэсэн өмчлөлийн хэлбэрээ хадгалахаар зохицуулах юм. Нэгэнт байгалийн баялаг “ард түмний дундын өмч” болох тул түүнийг захиран зарцуулах шийдвэрийг ямар нэгэн албан тушаалтан, эсхүл байгууллага биш гагцхүү ард түмэн өөрөө санал асуулгаар гаргана гэсэн ард түмнээс хамаарал бүхий харилцаа бий болно. Ингэснээр төр засгийн өндөр албан тушаалтнууд байгалийн баялагийн талаар өөрсөддөө, эсхүл найз нартаа ашигтай шийдвэр гаргах явдлыг таслан зогсоож чадна. Байгалийн баялагийн лиценз олгох, ашиглах зэрэгтэй холбоотой хээл хахууль, авлигын асуудал гарах нөхцлийг бүрмөсөн арилгаж устгана.

Харин байгалийн баялагийг олборлох оператор компанийн ажлыг хувийн компани, гадаадын хөрөнгө оруулалттай компани, эсхүл төрийн өмчийн компанийн аль нь ч хийж болно.

Байгалийн баялагийн эзэн буюу өмчлөгч нь ард түмэн болсноор:

нэгд, Монгол хүн бүр бусадтай нэгэн адил ижил тэгш байдлаар энэхүү өмчийн эзэн байна гэдгийг хуульчлана,

хоёрт,  Монгол хүн бүрийн нэр дээр өмчлөгчийн гэрчилгээ олгогдоно,

гуравт, Монгол хүн өмчлөгчийн гэрчилгээгээ бусдад арилжаалахгүй байх, ингэснээр байгалийн баялагийн өмчлөгчийн эрх цөөн хүний гарт төвлөрөхгүй байх нөхцлийг хангана,

дөрөвт, Монгол хүн бүр байгалийн баялагийн өмчийн эзэн болсон байх тул тэр гэрчилгээний дагуу улсын их, дээд сургуульд үнэгүй сурах эрхтэй байх болно,

тавд, Монгол хүн бүр байгалийн баялагийн өмчийн эзэн болсон тул тэр гэрчилгээний дагуу улсын эмнэлэгт үнэгүй үзүүлэх, эмчлүүлэх эрхтэй байх болно,

зургаад, Залуу гэр бүл анхны хүүхдээ төрүүлмэгцээ, 5 ба түүнээс дээш олон хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл дунджаар 50-60 ам дөрвөлжин метр талбай бүхий орон сууцыг улсаас үнэгүй авах эрхтэй байх болно,

долоод, Байгалийн баялгийн орлогоос “Хуримтлалын сан” бий болгож, тэнд хуримтлагдсан мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, ашгийн тодорхой хувийг томоохон бүтээн байгуулалтад зориулан захиран зарцуулах, нөгөө хэсгийг нь хуримтлалыг нэмэгдүүлэх эх үүсвэр болгох зэргээр зөвхөн өнөө үеийнхний сайн сайхан амьдралаар зогсохгүй ирээдүй хойч үеийн сайн сайхан амьдралыг цогцлоон байгуулахад зарцуулагдах хөрөнгө мөнгө босгох сайхан боломж нээгдэнэ.

Ийнхүү “байгалийн баялаг бол ард түмний дундын өмч мөн” гэж хуульчлан тогтоосноор нийт 3 сая гаруй иргэдэд шууд хамаатай, бүгдэд нь ашигтай чухал зохицуулалт болно.

Хоёр. Дээд боловсролын төлбөрийг төр засаг бүрэн хариуцна

Сүүлийн үед олон улсад хүний сурч боловсрох эрхийг заяагдмал эрхийн нэгэн адил үзэх болсон байна. Учир нь хүн хүн шиг амьдрахын тулд юуны түрүүн өндөр боловсролтой, тодорхой мэргэжилтэй болох ёстой аж. Тэгэж баймааж сая хүн эрүүл саруул зуршилтай байх, гэр бүлээ бүрэн бүтэн байлгах эрмэлзэлтэй байх, нийгэмд хүлээх үүрэг, эдлэх эрхээ сайн мэдэх, сонгох эрхээ зөв зүйтэй эдлэх, эрхээ хамгаалах чадвартай байх, хариуцсан ажлаа сайн хийх зэрэг давуу талтай болдог байна.

Өнөөдөр “Бүх нийтээрээ дээд боловсролтой болох” хэмээх ойлголт нь өнгөрсөн цаг хугацаанд “Бүх нийтээрээ бичиг үсэгтэй болох” гэж байсан зорилгыг орлох тулгамдсан том зорилго болсон байна. Ялангуяа Монгол Улс шиг хүн ам цөөнтэй улс оронд хүн ам олонтой бусад том улс оронтой өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжүүлэх, аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалаас хоцрохгүй байхын тулд Монгол хүн бүр дээд боловсролтой болох, тодорхой мэргэжил эзэмших боломжтой байх нь орших, эс оршихын асуудал болжээ.

ХБНГУ, Швед Улс, Финлянд Улс, Дани Улс, Норвеги Улс зэрэг улс орнуудад дээд боловсролыг хүн арддаа үнэ төлбөргүй олгодог боловсролын тогтолцоотой байна. Эдгээр улс орныг Монгол Улстай харьцуулвал хүн амын орлогын төвшин өндөр, тухайлбал хамгийн багаар бодоход ХБНГУ-ын нэг хүнд оногдох ДНБ 45,0 мянган ам.доллар, Шведэд 55,0 мянган ам.доллар, Финляндад 46,0 мянган ам.доллар, Данид 56,0 мянган ам.доллар, Норвегид 76,0 мянган ам.доллар тус тус байна. Тэгвэл Монгол Улсын нэг хүнд оногдох ДНБ 4,0 мянга орчим ам.доллар байна. Тэгэхээр дээрх улс орны иргэд их, дээд сургуульд сургах хүүхдийнхээ сургалтын зардлыг өөрсдөө даан хариуцах боломжтой гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ эдгээр улс оронд дээд боловсролтой болох асуудал нь зөвхөн тухайн хувь хүний асуудал биш харин нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой нийтийн өмчийг буй болгож буй нарийн үйл явц мөн хэмээн үздэг тул их, дээд сургуульд сурах зардлыг төр засаг нь бүрэн хариуцдага байна. Гэтэл эдгээр улс орноос хөгжлийн төвшин, хүн амын орлогоор 10-аас 15 дахин хоцрогдож байгаа, ядуурлын төвшин нь 30 гаруй хувьтай улс орон болох Монголд ядуу айлын хүүхдүүд их, дээд сургуульд өөрсдийн зардлаар сурах ямар ч бололцоогүй бөгөөд ийм эмгэнэлт байдал Монгол Улсын хөгжлийн хурдыг улам сааруулах, хүн амын өрсөлдөх чадварыг улам дордуулах, Монгол хүний үнэлэмжийг улам доошлуулах сөрөг хүчин зүйл болоод байна.

Тухайн хүний боловсрол зөвхөн тэр хүний өмч гэж үзэх нь өрөөсгөл болох бөгөөд тухайн хүн нийгмийн харилцаанд орохдоо олсон боловсролоосоо бусадтай зайлшгүй хуваалцах шаардлагатай байдаг тул тухайн нийгмийн хүмүүсийн боловсрол нийлээд нийтийн өмч мөн гэж үзвэл буруудахгүй. Нэгэнт дээд боловсрол нь нийтийн өмч мөн тул түүнийг олгох асуудлыг тухайн хүн өөрөө ганцаараа өөрийн хөрөнгө мөнгөөр шийдвэрлэх нь шударга бус болно.

Нөгөө талаар хөгжилтэй улс орон хөгжиж байгаа улс орны хоорондын гол ялгаа дээд боловсролтой болсон, тодорхой мэргэжил, ялангуяа инженер техникийн мэргэжил эзэмшсэн хүний тоонд оршдог аж. Хөгжилтэй улс оронд дээд боловсролтой болсон, тодорхой мэргэжил эзэмшсэн хүний тоо илүү олон байна. Хөгжилтэй улс оронд их, дээд сургууль төгссөн багш, эмч, төрийн албан хаагч, инженер, эрдэмтэн зэрэг нарийн мэргэжлийн хүмүүсийн идэвхи, оролцоо тухайн улс орныг хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад жинтэй хувь нэмэр оруулдаг байна.

Тэгээд ч өнөөгийн ертөнцөд аливаа улс орон амжилттай хөгжихийн тулд нийгмийн харилцаа, ялангуяа эдийн засгийн харилцаагаа мэдлэгт тулгуурласан шинжтэй болгох зайлшгүй шаардлагатай болсон байна. Түүнчлэн мэдээллийн технологи, биотехнологи, нанотехнологи, сансрын технологи, генийн инженерчлэл, аж үйлдвэрийн 4дэх хувьсгал гэх зэрэг өндөр боловсрол, нарийн мэргэжилтэй боловсон хүчин шаардагдсан цаг үед дээрх мэргэжлээр боловсон хүчнээ бэлдэж чадсан улс орон бусадтай өрсөлдөхдөө давуу тал олох боломжтой гэдэг нь Дэлхийн банк зэрэг олон улсын томоохон байгууллагуудын хийсэн судалгаагаар батлагдаж байна.

Харамсалтай нь манай улсад дээд боловсролыг үнэ төлбөртэй болгосноор дээд боловсролоор бизнес хийх зорилготой чанаргүй олон их, дээд сургууль бий болох, чанаргүй их, дээд сургуулиудын олгосон диплом, өгсөн мэдлэг боловсрол үнэлэгдэхгүй байх, чанаргүй их, дээд сургууль төгссөн залуучуудад ажлын байр олдохгүй байх, хүүхдүүдээ их, дээд сургуульд сургахын тулд зээл авсан эцэг, эхчүүд өрийн сүлжээнд баригдаж, түүнээс мултран гарч чадахгүй байх, ядуу айлын хүүхдүүд авьяас чадвартай, хүсэл эрмэлзэлтэй ч их, дээд сургуульд сурах боломжгүй байх, дээд боловсролгүй бол ядуурлаас гарах боломжгүй байх ба ядуу учир дээд боловсрол эзэмших бололцоогүй байх гэсэн чөтгөрийн тойрогт олон арван мянган өрх гэр, залуучууд татагдан орсон байгаа зэрэг нь манай өнөөгийн нийгмийн үнэн бодит нүүр царай юм.

Энэ бүхнийг харгалзан үзвэл Монгол Улсад Монгол хүн бүр авьяас чадвараа нээн хөгжүүлэх, нийгэмд тодорхой байр суурь эзлэх, Монгол Улсын хүн амын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн харилцаа мэдлэгт суурилах шаардлагын үүднээс Монголын залуучууд улсын их, дээд сургуульд дээд боловсролыг эзэмшихэд төлбөрийг нь төр засгаас бүрэн хариуцах зохицуулалт зайлшгүй хийх шаардлага бодитойгоор бий болсон байна.

Эрх баригчдын боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд дээд боловсролын талаар нэг ч үг, өгүүлбэр ороогүй байгаа нь тус нэмэлт өөрчлөлт нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудалд хариу өгөөгүй, эсхүл өгөхийг эрмэлзээгүй, олон хүний эрх ашгийг хамарсан шинжтэй биш, гагцхүү цөөн хүн, ялангуяа албан тушаалтнуудын эрх мэдлийг шинээр хуваарилах, тэдний өндөр албан тушаалд ажиллах цаг хугацааг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн гэж дүгнэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна.

Тийм учир одоогийн Үндсэн хуулийн 16.7.-д заасан заалтын “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэснийг шинэ Дээд хуулийн  төслийн 15.3-т заасан “Төрийн өмчийн бүх шатны сургалтын төлбөрийг төр засгаас бүрэн хариуцна” гэсэн заалтаар солих нь зүйтэй гэж үзэж байна.

Энэхүү зохицуулалтыг хийснээр жил бүр хамгийн наад зах нь 250,0 гаруй мянган залуус их, дээд сургуульд төлбөрийн талаар санаа зоволгүй суралцах боломжтой болно. Түүнчлэн тэдгээрийн аав ээж, ах дүү, хамаатан садныг 1:1 гэсэн итгэлцүүрээр авч үзвэл дор хаяхад 250,0 гаруй мянган хүн банкнаас өндөр хүүтэй зээл авах, өмч хөрөнгө, байр орон сууцаа зарж хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх эх үүсвэр бий болгох гэж хөөцөлдөх шаардлагагүй болно.

Гурав. Эрүүл мэндийн эмчилгээний төлбөрийг төр засаг бүрэн хариуцна

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний зардлын асуудал жирийн иргэдийн хувьд бухимдалын нэгэн шалтгаан болсон байна. Дэлхийн улс орнуудад эрүүл мэндийн үзлэг, эмчилгээний зардлыг дараах аргуудаар шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.Тухайн орны төр засаг эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг бүрэн хариуцах (Англи, Канад гэх мэт),

2.Тухайн улс оронд эрүүл мэндийн үзлэг, эмчилгээний зардлыг гагцхүү эрүүл мэндийн даатгалын эх үүсвэрээр нөхөн төлдөг байх (ХБНГУ гэх мэт),

3.Тухайн улс оронд эрүүл мэндийн үзлэг, эмчилгээний зардлын ихэнх хувийг эрүүл мэндийн даатгалын орлогоос төлөх, үлдсэн хэсгийг төр засгаас хариуцах гэсэн санхүүжилтийн хоёр эх үүсвэрээс бүрдүүлдэг байх (Франц гэх мэт)

эдгээр болно.

Эрүүл мэндийн үзлэг, эмчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцах, эсхүл эрүүл мэндийн даатгалын эх үүсвэрээр төлөх, түүнчлэн үзүүлж, эмчлүүлж байгаа хүнээр өөрөөр нь төлүүлэх зэрэг санхүүжилтийн тогтолцооны өөр өөр хувилбар байдаг. Үүнд:

Эрүүл мэндийн үзлэг, эмчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцахын сайн тал:

-Тухайн улс оронд эрүүл мэндийн үзлэг, эмчилгээний зардлыг хямд байлгана,

-Бүх эмнэлэг, эмч нар нэг стандартын эрүүл мэндийн үйлчилгээг бага зардлаар үзүүлнэ,

-Эрүүл мэндийн даатгалтай холбоотой захиргааны зардлыг хэмнэнэ,

-Урьдчилан сэргийлэх үзлэг их хийгдэх тул хүмүүс хүндээр өвдөх, хүнд өвдөж эмчлүүлэхийн тулд өндөр зардал шаардагдах явдал цөөн тохиолдоно,

-Нярай хүүхэд, ер нь хүүхдийн үзлэг, эмчилгээ илүү өргөн хийгддэг тул эрүүл мэндтэй холбоотой нийгмийн асуудлууд ирээдүйд хүндрэх аюул заналыг багасгана,

-Хүн амын эрүүл мэндийн боловсролд ихээхэн анхаарал тавигдах тул хүмүүс эрүүл саруул зуршил, эрүүл амьдралын хэв маягтай болох магадлал илүү өндөр байна,

-Эрүүл мэндийн зардлыг төр засгаас бүрэн хариуцдаг улс орны Засгийн газар тамхи, архи мэт эрүүл биш хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгах чиглэлээр олон янзын арга хэмжээавах, тухайлбал эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төрийн монополь тогтоох зэргээр хяналтаа сайн тогтооно

эдгээр болно гэж үздэг.

Эрүүл мэндийн санхүүжилтийн аль нь зөв, аль нь буруу болохын тухай маргалддаг ч эцсийн эцэст энэ нь эрүүл мэндээ хамгаалах, хамгаалуулах нь хүний суурь эрх мөн эсэхтэй шууд холбоотой гэж хэлж болно. Хэрэв тухайн улс оронд эрүүл мэндээ хамгаалах, хамгаалуулах нь хүний суурь эрх мөн гэж үзвэл тэр улсад төр засаг нь эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг бүрэн хариуцах үүрэг бүхий харилцаа үүснэ. Харин эрүүл мэндээ хамгаалах, хамгаалуулах нь хүний суурь эрх биш гэж үзвэл тэр улсад эрүүл мэндийн үйлчилгээний зардал нь хувь хүний нуруун дээр бууна.

Тэгвэл тэртээ 1948 онд ДЭМБайгууллага эрүүл мэндээ хамгаалах, хамгаалуулах нь хүний суурь эрх мөн гэж зарлан тунхагласан байна. Харамсалтай нь Монгол Улсад эрүүл мэндээ хамгаалах, хамгаалуулах нь тухайн хүний өөрийнх нь асуудал гэсэн ойлголт ноёрхдог тул эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний зардлын төлбөрийг хувь хүний төлж байгаа эрүүл мэндийн даатгал болон хувь хүний өөрийнх нь төлбөр хоёроос гаргадаг гаж тошгтолцоо тогтсон байна. Ингэснээр ядуучууд эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний зардлыг өөрсдөө дааж чадахгүй сөрөг байдал үүсэж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн нэгэн том асуудал болсон байна.

Монгол Улсад хүн амын тоо цөөн, Монгол хүний дундаж наслалт бага, Монгол Улсын хөрш зэргэлдээ орнуудын хүн ам хэдэн зуу, хэдэн арав дахин их зэрэг бодит байдлыг харгалзан үзвэл манайд эрүүл мэндээ хамгаалах, хамгаалуулахыг хүний суурь эрхийн асуудал мөн хэмээн үзэж, улмаар хүний эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний зардлыг төр засаг бүрэн хариуцах тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзэж байна. Харамсалтай нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд эрүүл мэндийн асуудлыг огт тусгалгүй орхигдуулсан байна.

Тийм учир одоогийн Үндсэн хуулийн 16-р зүйлийн 6 дахь заалтын “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно” гэснийг Дээд хуулийн төслийн 13-р зүйлийн 26 дахь заалтын “Хүн эрүүл мэндээ хамгаалах, хамгаалуулах эрхтэй. Төрийн өмчийн эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж, үйлчлүүлсэн … иргэний эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний бүх зардлыг төр засгаас бүрэн хариуцна” гэсэн заалтаар өөрчлөн солих хэрэгтэй гэж үзэж байна.

Ийм зохицуулалт хийснээр жил бүр эмнэлгийн үйлчилгээ авч, эмнэлэгт эмчлүүлж байгаа нийт иргэд болон тэдний гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс бүгд хожих бөгөөд тэд эмнэлэгт үзүүлэх зардлыг төлөхийн тулд өндөр хүүтэй зээл авах, өмч хөрөнгө, орон сууцаа зарж эмчилгээний зардлыг нөхөх эх үүсвэр босгох шаардлагагүй болно.

Дөрөв. Төр засгийн бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж нь Монголын ард түмэн мөн гэдэг суурь зарчмыг хөдөлбөргүй тогтоох

Үндсэн хуулийн төслийг боловсруулах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн эрх зүйн онолын дагуу хийж баймааж сая Үндсэн хуулийн шинэчилсэн төсөл, эсхүл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл нийгмийн ээдрээтэй харилцааг зөв зүйтэй зохицуулах чадвартай болно. Тэгвэл энэхүү онолын дагуу орчин үеийн аливаа улс орны Үндсэн хууль бол тухайн орны ард түмэн ба төр засаг хоёрын хооронд байгуулсан гэрээ мөн гэж үздэг билээ. Энэхүү гэрээнд зайлшгүй тусах ёстой суурь зарчмууд байдаг. Аливаа улс орны Үндсэн хуульд хамгийн эхлээд тогтоох ёстой суурь дараах зарчмууд байдаг билээ. Үүнд:

нэгд, төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж хэн бэ?

хоёрт, төр засгийн бүрэн эрхийг хэн ямар хугацаанд өөртөө хадгалах вэ?

гуравт, ард түмэн төр засгийн үйл хэрэгт яаж, ямар арга хэлбэрээр, ямар хугацаанд оролцох вэ?

эдгээр болно.

Эдгээр суурь зарчмыг тодорхой, бүрэн гүйцэд тогтоогоогүй Үндсэн хуулийн суурь буруу, эсхүл дутуу тавигдсан байна гэж үзнэ. Улс орнууд өөр өөрийн онцлогт тохируулан дээрх асуудлуудыг Үндсэн хуульдаа тусгасан байдаг гэж хэлж болно. Тухайлбал, исламын шашинд тулгуурласан Саудын Арави Улсад “Төр засгийн бүрэн эрх Эрхэм Дээд Аллахын Ном, Түүний Элчийн сунна сургаалд суурилах бөгөөд энэхүү Үндсэн хууль болон төр засгийн байгууллагуудын батлан гаргах аливаа хууль, хууль тогтоомж, шийдвэр Эрхэм Дээд Аллахын Ном, Түүний Элчийн сунна сургаалд үндэслэнэ.” гэж тогтоосон байдаг.

Харин ардчилсан төр засагтай улс орнууд, тухайлбал Францын Үндсэн хуульд “Үндэсний төр засгийн бүрэн эрх ард түмний мэдэлд байх бөгөөд тэрээр энэхүү эрхээ өөрийн төлөөллийн этгээдүүдээр болон санал асуулгаар дамжуулан хэрэгжүүлнэ” гэжээ. Түүнчлэн ардчилсан тогтолцоотой Өмнөд Солонгосын Үндсэн хуульд “БНСолонгос Улсын тусгаар тогтнолыг тээгч нь, төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж нь гагцхүү ард түмэн мөн” гэсэн байна. Тэгэхээр ардчилсан төр засгийн тогтолцоотой улс оронд юуны түрүүн “төр засгийн бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж, түүнийг байнга хадгалагч нь ард түмэн мөн, түүнчлэн ард түмэн төр засгийн бүрэн эрхийг шууд болон өөрийн төлөөллийн этгээдээр дамжуулан хэрэгжүүлнэ” гэсэн зарчмыг юуны түрүүн тов тодорхой тогтоодог байна. Ингэснээр:

нэгд, төр засгийн бүрэн эрхийн эх сурвалжийг тодорхой тогтоон заана,

хоёрт, ард түмэн төр засгийн бүрэн эрхийг өөртөө байнга хадгална гэдгийг цаг хугацааны хувьд тогтооно,

гуравт, ард түмэн төр засгийн бүрэн эрхийг шууд болон төлөөлийн этгээдүүдээр дамжуулан хэрэгжүүлэхийг тогтооно.

Манай улсын одоогийн Үндсэн хуульд төр засгийн бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж ард түмэн мөн гэдгийг тодорхой тогтоогоогүй, төр засгийн бүрэн эрхийг ард түмэн өөртөө байнга хадгална гэдгийг ч мөн адил тодорхой тогтоогоогүй байна. Ингэснээр төр засаг ба ард түмний хоорондын харилцаанд хэн анхдагч нь тодорхой биш, ард түмэн төр засгийн эрхийг шууд хэрэгжүүлэх буюу ард түмний санал асуулгыг зохион байгуулах аргыг нэг ч удаа хэрэглээгүй, ард түмэн төр засгийн бүрэн эрхийг өөртөө байнга хадгална, ингэснээр итгэлийг нь алдсан албан тушаалтан, байгууллагатай хариуцлага тооцох эрхээ өөртөө авч үлдсэн байх зарчим тодорхой тусаагүй учир энэ зарчим хэрэгждэггүй, ард түмэн төр засгийн үйл хэрэгт гагцхүү сонгуульд санал өгөх байдлаар төлөөллийн этгээдүүдийг сонгосон болж оролцдог, үнэн хэрэгтээ тэд ард түмнээс биш харин ард түмэн тэднээс хамааралтай байх гаж тогтолцоо тогтсон байна. Энэхүү гаж тогтолцоог засаж зөв зүйтэй тогтолцоог хуульчлан тогтоогоогүй цагт Монгол Улсад төр засаг буюу төр засагт янз янзын аргаар шургалан орсон этгээдүүд  ямагт хариуцлагаас зугтсан байдалтай байсан хэвээр байна.

Харамсалтай нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд энэ талаар тодорхой санал тусаагүй байгаа нь энэхүү гаж тогтолцоог засах хүсэл эрмэлзэл байхгүй байгааг нотолж байна. Тийм учир Үндсэн хуулийн 3-р зүйлийн 1 дэх заалтын “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж дутуу, тодорхой бус заасныг Дээд хууль (ДХ)-ийн төслийн 4-р зүйлийн 2 дох заалтын “Монголын ард түмэн БНМУ-ын төр засгийн бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж мөн.”, ДХ-ийн төслийн 4-р зүйлийн 3дахь заалтын “Төр засгийн бүрэн эрх гагцхүү ард түмний мэдэлд байнга байна.”, ДХ-ийн төслийн 4-р зүйлийн 5 дахь заалтын “Монголын ард түмэн төр засгийг эмхлэн байгуулахдаа ардчилсан зарчмыг баримтална.”, ДХ-ийн төслийн 4-р зүйлийн 6 дахь заалтын “БНМУ-д төр засаг үйл ажиллагаагаа ард түмний байнгын хяналт дор ардчилсан зарчмын дагуу явуулна.” гэж өөрчлөн солих нь зүйтэй гэж үзэж байна.

Ингэснээр ард түмэн ба төр засгийн хоорондын харилцаанд ард түмэн, түүний эрх ашиг анхдагч байх зарчим баттай тогтож, төр засаг ямагт ард түмний өмнө хариуцлага хүлээдэг байх эрүүл саруул, зөв зүйтэй тогтолцоо бат бөх тогтоно. Зөв зүйтэй тогтолцоо хүн бүрийн болон нийтийн эрх ашигт үйлчлэх тул Үндсэн хуулийн гаж тогтолцоог зөв зүйтэй тогтолцоогоор солих өөрчлөлт нийт 3 сая гаруй хүний эрх ашигт нийцэх нь тодорхой гэж үзэж байна.

Тав. Хоёр танхимтай Парламенттай байна, Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн болно, шүүгчдийг ард түмэн сонгоно. Тэд нэг нэгийгээ хянана

Нэгэнт Үндсэн хуулийн эрх зүйн онолоор төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж нь ард түмэн мөн хэмээн тогтоовол энэхүү суурь зарчимд нийцүүлэн төр засгийн бүрэн эрхийг засаглалын эрх мэдэлд хуваарилан хэрэгжүүлэх ёстой бөгөөд тэдгээр засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд нэг нэгийнхээ ажилд хутгалдахгүй байх, нэг нь эрх мэдлээ хэтрүүлвэл нөгөөдүүл нь хянах бололцоотой байх шаардлага заавал хангадсан байх ёстой гэж үздэг (энэ тухай Монтескьё-гийн “Хуулиудын амин сүнс” бүтээлд тодорхой өгүүлсэн байгаа).

Тодруулвал хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд:

нэгд, ард түмний сонголтоор байгуулагдах ёстой,

хоёрт, нэг нэгийнхээ үйл ажиллагаанд үл хутгалдах ёстой,

гуравт, аль нэг нь эрх мэдлээ хэтрүүлвэл нөгөө хоёр нь хянах боломжтой байх ёстой

юм.

Нөгөө талаар Үндсэн хуулийн эрх зүйд сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг зайлшгүй хангах ёстой гэсэн шаардлага тавигддаг. Эвлэлдэн нэгдэх эрх хэрэгжихдээ:

нэгд, улс төрийн намд эвлэлдэн нэгдэх,

хоёрт, иргэний нийгмийн байгууллагад эвлэлдэн нэгдэх

зэрэг хэлбэрээр хэрэгжиж байна.

Тэгвэл ард түмний сонголтоор  засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагыг бүрдүүлэхдээ намын оролцоог ч, нам бус иргэдийн оролцоог ч ижил тэгш хангах зарчмыг баримтлах нь зөв гэж үзэж байна.

Тийм учир онолын дээрх шаардлагуудад нийцүүлэн төр засгийн бүрэн эрхийг засаглалын эрх мэдэлд хуваарилан хэрэгжүүлэх байгууллагуудыг гагцхүү ард түмний чөлөөт сонголтоор дараах байдлаар зохион байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Үүнд:

Нэгдүгээрт, хууль тогтоох байгууллага буюу парламент Үндэсний Их хуралдай, Улсын Бага хуралдай гэсэн хоёр танхимтай байна.

Улсын Бага хуралдай байнгын ажиллагаатай байна. Улсын Бага хуралдайг ард түмний чөлөөт сонголтын дагуу сонгуулийн пропорционал зарчмаар намын жагсаалтын дагуу сонгож байгуулна.

Үндэсний Их хуралдай байнгын бус ажиллагаатай байна. Үндэсний Их хуралдайг ард түмний чөлөөт сонголтоор сонгуулийн мажоритар зарчмаар, нам бус нэр дэвшигчдийн дундаас нэгийг нь дэмжин сонгох замаар байгуулна.

Улсын Бага хуралдай хууль хэлэлцэн батлах, Үндэсний Их хуралдай Улсын Бага хуралдайн баталсан хууль, хууль тогтоомжийг хянах, хориг тавих эрх эдэлнэ.

Хоёрдугаарт, гүйцэтгэх засаглалын байгууллага буюу Засгийн газрыг мөн адил ард түмний чөлөөт сонголтоор эмхлэн байгуулна. Ингэхдээ ард түмэн Ерөнхийлөгчийг сонгоно, Ерөнхийлөгч Засгийн газрыг толгойлно. Дашрамд хэлэхэд Монтескье “Хуулиудын амин сүнс” бүтээлдээ гүйцэтгэх засаглалыг Хаан (Ерөнхийлөгч) толгойлох ёстой гэж үзэж байсан байна. Ерөнхийлөгчид Улсын Бага хуралдайд суудалтай намууд тус тусдаа, эсхүл дангаараа нэр дэвшүүлж болно. Түүнчлэн 50,0 мянган сонгогчийн гарын үсэг цуглуулсан хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болно. Ингэснээр Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг зөвхөн намуудад олгосон одоогийн буруу тогтолцоог засаж, нам бус байдлаар нэр дэвших боломж бололцоог буй болгоно. Түүнчлэн Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглалын байгууллагуудыг давхардуулсан өнөөгийн гаж тогтолцоо (“давхар дээл өмсөх”)-г өөрчилж өөр өөр засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэгч эдгээр байгууллагыг нэг нэгээс нь салгаж, өөр өөрийн чиг үүргийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж, нэг нэгийгээ хянах нөхцлийг бүрдүүлнэ.

гуравт, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагыг хууль тогтоох, эсхүл гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагуудын оролцоотойгоор шүүгчдийг томилох аргаар бүрдүүлж байгаа өнөөгийн гаж тогтолцоо “хараат хууль, шүүхийн байгууллагын тогтолцоо”-г буй болгож, нийгэмд шударга ёсыг алдагдуулж байгаа тул шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагыг ард түмэн шүүгчдийг чөлөөт сонголтоороо сонгож бүрдүүлэх аргаар байгуулах нь зөв зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр шүүх байгууллага хууль тогтоох, эсхүл гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын өгсөн үүрэг даалгаврыг дагалдан биелүүлэгч биш харин хэнээс ч хараат бус байдлаар ажиллаж, шударга шийдвэр гаргадаг байгууллага болж хувирна гэж үзэж байна.

Харамсалтай нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан саналууд:

Нэгдүгээрт, төр засгийн бүрэн эрхийн онолыг харгалзаагүй,

Хоёрдугаарт, өнөөгийн нийгэмд төр засгийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотойгоор хуримтлагдсан бухимдалыг шийдвэрлэх зөв арга замыг олоогүй,

гуравт, төр засгийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын эрх мэдэл, үйл ажиллагааг давхардуулсан,

дөрөвт, нэг намын дарангуйлалыг тогтоох аюулыг агуулсан(дашрамд хэлэхэд хүн төрөлхтний түүхэнд хар мөрөө үлдээсэн Гитлер хэмээх дарангуйлагч Германы парламентад намтайгаа хамт сонгогдож, хамгийн олон суудал авсан намын даргын хувьд тухайн үеийн Германы олигархуудын дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд болж, улмаар намын дарангуйлал, хувийн дарангуйлал хоёроо тогтоосон түүхтэй),

тавд, албан тушаалтнуудын ажиллах цаг хугацааг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн сунгасан,

зургаад, хууль, шүүхийн байгууллагууд урьдын адил хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагууд, албан тушаалтнуудын үүрэг даалгаврыг биелүүлэхээс өөр аргагүй хараат байдалд хэвээр байхаар тогтоосон,

улмаар өнөөгийн гаж тогтолцоог засах биш харин насыг нь уртасгасан шинжтэй болсныг эсэргүүцэн буруушааж байна.

Тийм учир Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд буруу туссан, эсхүл огт тусаагүй дараах саналыг тусгахыг санал болгож байна. Үүнд:

нэгд, Хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага буюу парламент Улсын Бага хуралдай, Үндэсний Их хуралдай гэсэн хоёр танхимтай байна. Улсын Бага хуралдай байнгын ажиллагаатай байх бөгөөд гишүүдийг нь ард түмний чөлөөт, шударга сонголтоор, Монгол Улс нэг тойрог хэмээн үзэж намын жагсаалтаар буюу сонгуулийн пропорционал зарчмаар сонгоно. Үндэсний Их хуралдай байнгын бус ажиллагаатай байх бөгөөд гишүүдийг нь ард түмний чөлөөт, шударга сонголтоор нам бус зарчмаар сонгуулийн мажоритар тогтолцооны дагуу сонгоно.

хоёрт, ард түмэн Ерөнхийлөгчийг чөлөөт, шударга сонголтоор сонгоно. Ерөнхийлөгчид Улсын Бага хуралдайд суудалтай намууд тус тусдаа, эсхүл хамтдаа нэр дэвшүүлнэ. Түүнчлэн 50.0 мянган сонгогчийн дэмжсэн гарын үсэг цуглуулсан хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болно. Ерөнхийлөгч Засгийн газрыг тэргүүлэх бөгөөд Засгийн газрын гишүүнийг Улсын Бага хуралдайд танилцуулж өөрөө томилж, чөлөөлнө.

гуравт, Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх шатны шүүхийн шүүгчийг ард түмэн чөлөөт, шударга сонголтоор сонгоно. Ингэснээр шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага, шүүгчид хараат бус байдлаар шударга ажиллах үндсэн нөхцөл бүрдэнэ.

Эдгээр зарчмын санааг Үндсэн хуулинд тусгаж, өнөөгийн гаж тогтолцоог халж, төр засгийн бүрэн эрхийг ард түмний мэдэлд эгүүлэн өгвөл хариуцлагатай төр засаг буй болж, төр засгийн байгууллагууд, албан тушаалтнуудын үйл ажиллагаа ард түмний байнгын хяналтанд байх болно. Ингэснээр нийт 3 сая иргэдийн эрх ашиг хамгаалагдаж, нийгэмд шударга ёс бат бэх тогтоно.

Зургаа. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь төр засгийн бүрэн эрхийн гол асуудал байх болно

Аливаа ардчилсан хөгжингүй улс орны Үндсэн хуулийн амин зүрх нь хүний эрх, эрх чөлөөний асуудал байдаг. ХБНГУ, Финлянд зэрэг улс орны Үндсэн хууль хүний эрх, эрх чөлөөний тухай зүйл, заалтаар эхэлж байгаа нь үүний нэгэн нотолгоо мөн.

Ер нь “төр засгийн бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж нь ард түмэн мөн” хэмээх суурь зарчим төр засаг ба ард түмний хооронд байгуулсан гэрээ болох Үндсэн хууль гол нь хүний эрх, эрх чөлөөг хангах асуудалд зориулагдсан байдаг гэдгийг бататган тогтоож байгаа юм.

Монтескье-гийн “Хуулиудын амин сүнс” бүтээлд энэ тухай тод томруун туссан байгаа. Ер нь Монтескье-гийн улс төр-эрх зүйн онолын гол сэдэв бөгөөд үндэслэлтэйгээр хамгаалж байгаа үнэт зүйл нь хүний улс төрийн эрх, эрх чөлөө байдаг билээ. Тийм учир тэрээр бүтээлдээ хүний улс төрийн эрх, эрх чөлөөг хамгийн сайн хамгаалах төр засгийн тогтолцоог олж томъёолсон байдаг.

1948 онд НҮБ-аас “Хүний Түгээмэл эрхийн Тунхаглал” хэмээх чухал баримт бичиг батлан гаргасан нь 20 дугаар зууны хүн төрөлхтний оюун ухааны хамгийн чухал бүтээл болсон гэж хэлж болно.

Харамсалтай нь манай улсад одоо хүртэл хүний эрх, эрх чөлөөг хамгаалах асуудал төр засгийн байгууллага, албан тушаалтнуудын хувьд албан тушаалтнуудын эрх мэдлийг хуваарилах, тэдний ажиллах хугацааны тухай асуудлаас доогуур тавигдаж ирсэн нь бодитой үнэн юм. Тийм ч учир 21-р зуун гарчихаад байхад Монгол Улсад хүнийг эрүүдэн шүүсэн баримт дэлгэгдэж, иргэд сэрдхийн цочих, айн эмээх, эх орноосоо дайжин зугтах хүсэл тэмүүлэлд автах нэгэн шалтгаан болж байна.

Тэгээд ч 1992 оны Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь заалтад “Мал сүрэг … төрийн хамгаалалтад байна.” гэж заасныг Дээд хуулийн төслийн 15-р зүйлийн 1 дэх заалтын “БНМУ-ын иргэн төр засгийн хамгаалалтанд байна.” гэж тогтоосноор өөрчлөн засах нь эн тэргүүний шаардлага мөн бөгөөд ингэснээр Үндсэн хууль бол ард түмэн ба төр засгийн хоорондын гэрээ гэдэг Үндсэн хуулийн эрх зүйн онолын гол ойлголт амьдралд бодит биеллээ олох юм.

Нэгэнт Үндсэн хуулийн эрх зүйн онолын дагуу аливаа Үндсэн хуулийн гол цөм асуудал хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн ханган хамгаалахад орших тул энэ асуудлаар дагнасан Хүний эрхийн байгууллагын эрх зүйн байдлыг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудтай ижил хэмжээнд тавьж тогтоох онол, практикийн зайлшгүй шаардлага буй болсон байна. Ингэсэн нөхцөлд Хүний эрхийн байгууллагын бүрэлдэхүүнийг засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа бусад байгууллагын нэгэн адил ард түмний чөлөөт, шударга сонголтоор сонгон бүрдүүлж байх нь зүйтэй гэж үзэж байна. Ард түмний чөлөөт, шударга сонголтоор сонгогдон байгуулагдсан Хүний эрхийн байгууллага Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангаж байгааг хянах эрх мэдлийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно. Ингэснээр ард түмний хүсэн хүлээсэн шударга ёс нийгэмд баттай тогтох, Монгол хүний үнэлэмж нэмэгдэх, түүний эрх, эрх чөлөөг бүрэн хангах чухал нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Харамсалтай нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүний эрх, эрх чөлөөг баттай хамгаалахтай холбоотой тодорхой санал тусаагүй байгаа нь эдгээр нэмэлт өөрчлөлт Монгол хүний эрх, эрх ашгийг харгалзаагүй, харин албан тушаалтнуудын эрх мэдлийг хуваарилах, тэдний албан тушаалаа хаших цаг хугацааг уртасгахад чиглэгдсэн шинжтэй болжээ хэмээн дүгнэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна.

Учир иймд төр засгийн бүрэн эрхийг засаглалын эрх мэдлийг хуваарилах онолын дагуу одоогийн Үндсэн хуульд Дээд хуулийн төслийн 5-р зүйлийн 1 дэх заалтын “БНМУ-ын төр засгийн бүрэн эрхийг хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх буюу хууль хэрэгжүүлэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, хянах эрх мэдэл гэсэн байдлаар хуваарилан хэрэгжүүлнэ.” гэснийг нэмж оруулах саналыг тавьж байна.

Энэ саналыг Үндсэн хуульд нэмж тусгаснаар нийт 3 гаруй сая иргэдийн эрх ашигт нийцсэн нэмэлт өөрчлөлтийг хийх болно гэж үзэж байна.

Онцлон тэмдэглэх нь:

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төр засгийн бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж болсон нийт ард түмний өргөн, чөлөөтэй, шударга хэлэлцүүлэгт үндэслэсэн санал асуулгаар шийдвэрлэх ёстой бөгөөд энэхүү хэлэлцүүлэг, санал асуулгыг зохион байгуулахдаа бусад улс төрийн хүчин, иргэний нийгмийнхний тавьж байгаа саналуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор нийт ард түмэнд чөлөөтэй танилцуулан ойлгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Тэдгээр санал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд туссан саналуудаас өөр байвал тухайн нам, иргэний нийгмийн төлөөллийн байгууллагын төлөөлөгчдийг УИХ-ын гишүүд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн гишүүдтэй Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор оруулан мэтгэлцүүлэх боломжоор хангах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналыг сонгож ард түмний санал асуулгаар шийдвэрлэхдээ аль болохоор олон хүн, нийт ард түмний эрх ашигт нийцсэн байх гол шалгуурыг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Та бүхэн МАХН-аас хүргүүлж байгаа эдгээр саналыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд багтаан хэлэлцүүлж батлана гэдэгт найдаж байна. Харин ард түмний язгуур эрх ашигтай холбоотой эдгээр саналыг үл хэрэгсэж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зөвхөн албан тушаалтнуудын эрх мэдлийг хуваарилах, тэдний албан тушаалаа хаших цаг хугацааг сунгах зэргээр нэг хоёр намд ашигтай ажил болгон хувиргавал МАХН нь ард түмнийхээ эрх ашгийг урьтал болгон эрх баригчдын өнөөгийн гаж тогтолцоог хадгалан үлдээх гэж байгаа оролдлогыг тууштай эсэргүүцэн тэмцэх болно.

Та бүхэн хувь хүн, намын эрх ашгаа хойш нь тавьж түмэн олны тусын тулд зүтгэхийг уриалж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Монгол Ардын Хувьсгалт Нам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ