МАХН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулах саналаа УИХ-д хүргүүлнэ

2019-06-28

Ч.ЗОТОЛ

Үндсэн хуулийг өөрчлөх  төвөргөөн  улс даяар өрнөж байна. Энэ дунд тодорхой зарчмыг санал болгож, шударга ёсны шаардлагуудыг дэвшүүлж яваа улс төрийн хүчин бол МАХН юм. Тус намынхан гурван жилийн өмнөөс эхлэн  Монгол хүнээ төрийн хамгаалалтад оруулж,  байгалийн баялгаа ард түмний дундын өмч байхаар хуульчилъя. Боловсрол, эрүүл мэндийг үйлчилгээг үнэ төлбөргүй болгоё хэмээн асуудал дэвшүүлж,   Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулж,  21 аймаг, 139 сум, есөн дүүргийг хоёр ч удаа тойрон иргэдэд  танилцуулж  хэлэлцүүлсэн юм. Тэр ч утгаараа өнөөдөр МАХН-ын гишүүд  УИХ-ын түвшинд хэлэлцэх гэж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлд анхааралтай хандаж байна. Тэд энэ асуудлаар  улс төрийн намуудын төлөөлөл, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ажлын хэсгийнхэн, Д.Лүндээжанцан тэргүүтэй хуульч гишүүдтэй  хэд хэдэн удаа уулзаж, санал бодлоо солилцсон. Энэ удаа асуудалд хариуцлагатай бөгөөд  туйлын хянуур оролцож байгаагаа илэрхийлж,  УИХ-ын дарга Г.Занданшатар болон  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт өөрсдийн саналыг албан бичгээр хүргүүлж байгаагаа  мэдэгдлээ. “Үндэсний мэдээллийн төв”-д хийсэн хэвлэлийн хуралд  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн  намын дарга Э.Эрдэнэжамъян, Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан, Сүхбаатар дүүргийн МАХН-ын Мянгатын дарга Д.Дуламсүрэн нар оролцов.Тэдний байр суурийг хүргэе.

 

 Н.Энхбаяр: Байгалийн баялаг төр нэр дээр дарга нарын өмч байж болохгүй

 

Өнөөдөр Үндсэн хуулийг  өөрчлөх гэж оролдож байгаа нэмэлт, өөрчлөлт нь нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй гэж бид үзэж байгаа. Ард түмнээс саналыг нь асуухдаа  санамсаргүй түүврийн аргаар сонгосон гэж хэлээд өөрсдийн доор байдаг, удирдлагад нь байгаа  хүмүүсээ авчраад  зөвлөлдөх санал асуулга хийчихлээ гээд явсан. Үндсэн хуулийг төлөөлөгч хүмүүс биш ард түмний өргөн оролцоотойгоор өөрчлөх хэрэгтэй. Төлөөллийн ардчилал гэж байдаггүй юм. Тийм байвал ардчилал өөрөө завхарна.Иймд одоо хийх гэж байгаа  өөрчлөлт ард түмний эрх ашигт хэрхэн нөлөөлөх тухай үндэслэл гаргаж, одоогийн Үндсэн хуулийнхаа дутагдлуудыг зас. Ард түмэн бол анхдагч, төр засаг хоёрдогч гэдгийг Үндсэн хуульдаа суулгаж өгөх хэрэгтэй юм.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн Үндсэн хуулийн 6.1, 6.2-т  Байгалийн баялаг нь ард түмний болон төрийн өмч байна. Мөн түүнийг ард түмний эрх ашгийн төлөө төр захиран зарцуулах тухай заасан байгаа. Энэ буруу заалт нь ард түмнийг ядууруулж байна. Учир нь төрийн өмч гэдэг нь дарга нарын  өмч болчихоод байна. Байгалийн баялаг төрийн өмч, төр захиран зарцуулах эрхтэй  учраас хүн бүр УИХ-д гарах гэж зүтгэж байна. Гэвч одоо 6.2-ыг   давтаад,энэ зүйл заалтад өөрчлөлт хийхгүй байгаа учраас үүнийг өөрчлөлт гэж үзэхгүй. Өмчийн хэлбэрийг өөрчлөхгүй бол ард түмний сайн сайхны төлөө зарцуулна гэчихээд   дарга нарын өмч  хэвээр  үлдэнэ.

Байгалийн баялаг төрийн өмч байж болохгүй. Зөвхөн ард түмний өмч байж ,иргэн бүр эзэн нь гэсэн гэрчилгээ авах ёстой. Тэр гэрчилгээгээр дамжуулж, баялгаас ашгийн хувиа авч, эмнэлэгт үнэгүй үзүүлж, боловсролыг үнэгүй олгохоор тусгах хэрэгтэй.

 

 Л.Мөнхсайхан: Гаж тогтолцоог засахгүй бол шударга ёс тогтохгүй

 

-Өнөөдөр шүүхийн салбарт ямар асуудал үүссэнийг та бүхэн мэднэ. Ерөнхийлөгч 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүллээ. Шүүгчид    өндөр цалин хангамжтай,  ажлын хөнгөлөлттэй нөхцөлд байлаа ч хүний хүсэл шунал хязгааргүй. Ард түмэн төрийн бодлогын гадуур байдгийн гай нь 17 шүүгчээс харагдаж байна. Шүүгчийг ард түмэн сонгож чаддаггүй.  Гэтэл ард түмэн  хэнийг ямар үүрэг гүйцэтгүүлэхээ сонгодог байх ёстой.Үндсэн хуульд төр засгийн эрх мэдлийг ард түмэн барих боломжийг хангаагүй. Хэн анхдагч гэдэг нь тодорхойгүй байна. Энэ гаж тогтолцоог засах хэрэгтэй.Тэгэхгүй бол шударга ёс тогтохгүй.Иймд Үндсэн хуулиар  суурь зарчмыг баталгаажуулах хэрэгтэй.

 

Э.Эрдэнэжамъян: Өөрчлөлтийг нэг нам, бүлэг хүнд зориулж бус ард түмний хүсэлт хүлээлтэд зориулж  хийх ёстой 

 

– Байгалийн баялаг  ард түмний дундын өмч байх ёстой. Сүүлийн 20 жил байгалийн баялгийг гадаадуудад лиценз нэрээр зарсан. Энэ нь ард түмэнд нөлөөлдөггүй, цөөн хэдэн хүн баяждаг. Үндсэн хуулийн өөрчлөлт уг нь нийгэмд яригдаж байгаа маргааныг шийдэх ёстой. Гэтэл байгалийн баялгийн талаар нэг ч өгүүлбэр оруулсангүй.

Дэлхийн түүхэнд гарсан дайн дажин үргэлж байгалийн баялагтай холбоотой байсан. Өнөөдөр ч улс гүрнүүд байгалийн баялаг дээрээ хэн эзэн суух талаар зөрчилдөж байгаа. 1992 оны Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмэн, төрийн мэдэлд байна гэсэн байдаг. Гэвч байгалийн баялаг бол аль ч төрийн бүтээгүй зүйл бөгөөд, зөвхөн ард түмний өмч.

Ард түмэн л бүхний эзэн байх ёстой. Гэтэл одоо хоцрогдсон маягаар төрд эрх мэдлийг нэмэгдүүлж олгож байна. Үүнийг мэдсээр байж үл анзаарч, өөрчлөлгүй үлдээвэл үндэсний аюулгүй байдал алдагдана. МАН нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа бол сүүлийн 20 жил ард түмний хүлээж байгаа зүйлийг шийдэх ёстой.

 

Д.Дуламсүрэн: Олигархиуд хүүхдээ өндөр боловсролтой болгож, жирийн иргэд  хаягдаж байна

 

-Боловсролын асуудалд шинэчлэл хийх хэрэгтэй байна. Өнөөдөр  дарга нар, эрх мэдэлнтүүд, олигархиудын  хүүхдүүд  өндөр боловсролтой болж, ихэнх жирийн иргэд, ажилчдын хүүхдүүдэд боловсрол дутагдаж байна. Сургалтын төлбөрөө төлөхийн тулд эцэг эхээрээ цалин тэтгэврийн зээл авхуулдаг, эсвэл төлбөрөөс болоод сурч чадахгүй байгаа залуус олон бий. Боловсрол бол хүний заяагдмал эрх юм. Энийг төр хамгаалах үүрэгтэй.Тиймээс төрийн өмчийн сургуулиудын сургалтын төлбөрийг төр бүрэн хариуцах ёстой. Үүнийг үндсэн хуульд тусгаж өгөөгүй нь маш харамсалтай.Өнөөдөр дэлхийн 23 өндөр хөгжилтэй улс оронд их дээд сургуулийнх нь төлбөрийг төрөөс санхүүжүүлдэг. Монгол залуусыг төр дэмжих үүрэгтэй. Энэ тухай Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах хэрэгтэй.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ