“Legend” шоу бүсгүйн нулимснаас ургасан Бэр цэцгийг амилуулна

2019-06-27

Б.БЯМБАЖАРГАЛ

Монгол туургатны үндэсний соёл, язгуур урлагийн гайхамшгийг тайзнаа өгүүлэх “Legend” энтертайнмэнт шоу тоглолтын талаар мэдээлэл өглөө.  Энэхүү тоглолт нь ардын урлагийн амин сүнсийг алдагдуулахгүйгээр уламжлалыг баримтлан гаднах хэлбэрээс илүү агуулгыг чухалчлан илэрхийлнэ гэдгийг тоглолтын найруулагч онцоллоо.  Соёл урлагаар дамжуулан эх орноо олон улсад сурталчлах, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой тус тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байгаа аж. Найруулагч Ц.Батнайрамдал “Бид тоглолтынхоо деталь бүр дээр цоо шинэ дэглэлт, хөгжим, хувцасыг урлаж байгаа. 120 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийн баг ажиллаж нэгдмэл нэг уран бүтээл туурвихыг зорьж байна” гэв. “Legend” энтертайнмэнт шоу тоглолт нь аян дайнд амрагаа алдсан бүсгүйн гашуудлын нулимс унасан газар Бэр цэцэг цэцэглэн ургасан домгоос сэдэвлэн ариун хайрын түүхийг тайзнаа өгүүлэх юм байна. Тоглолтын онцлогийг Ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Монгол түмэн  маш их түүх, домогтой. Үүнийгээ бид биежүүлж бүтээл болгон дэлгэх ёстой гэж үзсэн юм. Энэ үүднээс Бямбын Ренчингийн “Бэр цэцэг” зохиолоос сэдэвлэн олон сайхан бүтээлүүдийг үүн дээрээ шигтгэн туурвиж байгаа. Монголчуудын язгуур зан чанар, сэтгэлгээ түүний дотоод сэрэл мэдрэмжийг тусгаж байгаагаараа онцлогтой” гэж ярьсан юм. Тоглолтод МУГЖ Б.Мөнхбаатар, Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан нарын уртын дуучид, хөөмийчид, циркчид болон “Номадик” продакшны балетийн жүжигчид гээд 120 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцох юм. Тоглолт долдугаар сарын 7-12-ны хооронд  “Corporate Hotel & Convention centre”-ийн их танхимд болно.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ