Д.Цэвээндорж: Төрийн албаны шалгалтыг түүхээр авдаг болоё

2019-06-26

Б.БАЯРЖАВХЛАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинжлэх ухааны 20 гаруй салбарын 100 гаруй эрдэмтэн судлаачидтай уулзаж, санал бодлыг нь сонсов.

Энэ үеэр ШУА-ийн Түүх, архелеогийн хүрээлэнгийн салбар хариуцсан эрхлэгч, академич Д.Цэвээндорж “Монголын түүх, соёлын асуудалд анхаарал хандуулах цаг болсон. Монголчууд түүхээ мэдэхгүй болж байна. Оросууд Алтан ордны түүх, Хятадууд Юань улсын түүх, Үзбэкистан Цагаадай ил хааны түүхийг өөрийнх гэж байна. Бидний хүүхдүүд түүхээ мэдэхээ больсныг энэ жилийн ЭЕШ-аас харж болно. Соён гэгээрүүлэх ажил хэрэгтэй. Ирэх жилүүдийг соён гэгээрлийн жил болгож Төрийн албаны шалгалтыг түүхээр авдаг болгомоор байна. Монголын дэлхийд байгаа түүхийн дурсгалт зүйлүүдийг цуглуулж, бүртгүүлэх ажлыг нэн даруй эхлэх хэрэгтэй” гэсэн юм.

Эрдэм шинжилгээний байгууллагуудын дунд тулгамлаж байгаа түгээмэл асуудал нь мөнгө санхүү, техник технологийн асуудал болоод байгаа ажээ.

Шинжлэх ухааны академийн хими, химийн технелогийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, лабаротарийн эрхлэгч, академич Б.Пүрэвсүрэн “Манай салбарын хувьд боловсон хүчингүй болох аюул нүүрлээд байна. Цалин бага, ажлын байр цөөн учраас байгалийн ухааныг сонирхдог оюутан залуус байхгүй болсон. Улаанбаатар их сургууль гэхэд хими физикийн ангид ганц, хоёр хүүхэд сурч байна. Эрдэс түүхий эдийг боловсруулдаг химийн үйлдвэртэй болмоор байна. Ингэснээр кокосжсон нүүрс, будаг цавуу, нийлэг материал зэрэг маш олон бүтээгдэхүүнийг дотооддоо боловсруулах боломжтой. Ажлын байр бий болж залуу боловсон хүчин нэмэгдэнэ. Алс хэтийнхээ төлөвлөгөөнд оруулаад өгөөч” гэлээ.

Шинжлэх ухааны салбараа бусад улс орны хэмжээнд хөгжүүлэхэд эрдэмтэн судлаачид бэлэн. Харин бодитой дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгаа. Харин  мөнгө санхүү болон боловсон хүчний асуудал, тоног төхөөрөмж дутагдалтай байгаад Засгийн газрын тэргүүнээс дэмжлэг хүслээ. Эрдэмтдийн хүсэлтүүдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч ажиллахаа мэдэгдэж ирэх есдүгээр  сард дахин уулзалт товлосон юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ