З.Энхжаргалын хэлсэн медиа салбарыг хөгжүүлэх онцлох 10 эшлэл

2019-06-26

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Манай сонины 2019.06.24-ний өдрийн зочноор оролцсон “Максима медиа” ХХК-ний гүйцэтгэх захирал З.Энхжаргалын медиа салбарын хөгжлийг тодорхойлсон онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

-Телевиз үзэлтийн судалгаа медиа салбартаа хэд хэдэн гол үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал, телевиз болон зар сурталчилгаа нийлүүлэгчдийн хоорондын харилцааг зохицуулах буюу адилтгавал Төвбанк шиг зар сурталчилгааны ханшийг тогтоох үүрэгтэй байдаг. Мөн телевизийн салбарын засаглалыг хэрэгжүүлэх, зах зээлийн эрүүл өрсөлдөөнийг бий болгож, тоглогчдын дунд зах зээлийн тоглоомын гол дүрэм болж өгдөг. Түүнчлэн телевиз үзэгчээ ойлгох, программ, контентын бодлогоо сайжруулах чухал хэрэгсэл болдог.

-Нөгөө талаас телевиз үзэлтийн судалгаа нь сурталчилгаа нийлүүлэгчдэд зорилгодоо хүрэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг өгдөг. Монголд энэхүү судалгаа долоон жил гаруй хийгдсэн нь замбараагүй, зохицуулалтгүй явж ирсэн Монголын телевизийн салбарт зах зээл гэдэг утгаараа дэвшил болсон юм.  Зар сурталчилгаа нийлүүлэгчид, тэрдундаа үндэстэн дамнасан, гадаадын зар сурталчилгаа нийлүүлэгчид телевиз үзэлтийн судалгааны мэдээллийг ашиглаж эхэлснээр телевизийн зах зээл дээр зар сурталчилгааны мөнгө хуваарилагдаж эхэлсэн. Нөгөө талаасаа телевизүүд рейтингийн төлөө өрсөлддөг, үзэгчийн зан төлөвийг судалдаг болж, үзэгчийн таалалд нийцсэн контент хийж эхэлсэн нь маш чухал юм.

-Гэтэл одоог хүртэл зар сурталчилгааны “ханшийг”  тогтоох гол үүргээ телевиз үзэлтийн судалгаа гүйцэтгэж чадахгүй л байна. Зар сурталчилгааны үнэлгээ GRP системд орвол телевизүүд контентоо  үнэлүүлж, зах зээлээс илүү мөнгө татах  боломж үүсэх юм. Цаашлаад контентын үнэлэмжийг өсгөж, чанарыг сайжруулах механизм ажиллаж эхэлнэ. Телевиз үзэлтийн судалгааны зохицуулалтын бас нэг үүрэг Монголд огт хэрэгжээгүй. Нэг талаасаа Монголын телевизийн зах зээл жамаараа хөгжсөнгүй. Харин эсрэгээрээ өөрийн далд хүчээр буюу эздийн татаас, улс төрийн нөлөөллөөр   явж ирлээ. Төр, салбарын зохицуулах байгууллага нь ч  хүртэл энэ салбарын засаглалыг хэрэгжүүлж чадахгүй  байна.

-Улс орнуудын жишээг харахад эхлээд төрийн оролцоо хүчтэй байснаа дараа нь телевиз үзэлтийн хэмжилтийг олон нийтийн байгууллага, холбоод руу шилжүүлэх байдлаар явсан түгээмэл түүх харагдаж байгаа юм. Манай Монголын медиа салбарын нөхцөл байдалд телевиз үзэлтийн судалгааны хэрэглээг хуульчилж үр дүнг нь медиа зохицуулалт, салбарын засаглалын хэрэгжүүлэлт, шийдвэр гаргалтад ашиглах хэлбэр илүү  тохиромжтой юм.

-Медиа зах зээлийн өөрийн зохицуулалтын байгууллага болон төрийн зохицуулалтын байгууллага нь телевизийн зах зээлийн маш чухал субъектууд юм. Салбар дундын холбоо гэдэг нь медиа салбарын бүх оролцогч талууд буюу сурталчилгаа нийлүүлэгчид, телевиз, зар сурталчилгааны агентлагууд, телевизийн цагийг борлуулдаг селлеруудыг төлөөлсөн хороо буюу холбоо юм. Телевизийн салбарынхан өөрсдөө хүсч хичээвэл хөгжих, чанаржих боломжтой. Гэтэл зах зээлийн тоглогчид, тэр тусмаа телевизүүд өөрсдийгөө л аргацаадаг системдээ дасан зохицож, тэндээ тухлан оршин тогтносоор байна.

-Монголд анх удаа 2017 онд Харилцаа холбооны зохицуулах хорооны захиалгаар “Максима Консалтинг” ХХК медиа зах зээлийн багтаамжийн судалгааг хийж, салбарын мөнгөн зардлыг гаргаж зарласан. Монголын нийт медиа зах зээлийн бодит мөнгөн хэмжээ буюу бартер болон бусад жинхэнэ мөнгөөр тооцогдоггүй үзүүлэлтийг хасахад 2017 оны байдлаар 47 тэрбум төгрөгт хүрсэн. Телевизийн  салбар 28.9 тэрбумаар тэргүүлж, нийт медиа зах зээлийн 60 хувийг эзэлж байгаа үр дүн гарсан.

-2015 оноос хойшхи телевизийн зах зээлийн бодит мөнгөн дүн өөрчлөгдөөгүй, гэтэл телевизүүдийн тоо нэмэгдэн 75 хүрч,  12 сая ам.долларын багтаамжтай зах зээл дээрээ оршин тогтнож байна. Энэ бол үнэндээ сайн контент хийж, хүнд юм үзүүлж чадах 3-5 телевизийн л мөнгө. Байдал ийм байхад сайн контентын асуудлыг ярих боломжгүй.

-Манай байгууллагын судалдаг зар сурталчилгааны зах зээлийн өнцгөөс харвал өнөөгийн телевизийн салбар маш хүнд, бүх оролцогч нь ”хожигдсон” систем болж,  дампуурлын байдалд орсон . Үндэстэн дамнасан зар сурталчилгаа нийлүүлэгчид Монголын телевизийн зар сурталчилгааны зах зээлээс гарч байгаа нь  хэт олон сувагтай, салбарын стандартгүй, рекламны нэг блокод зөвшөөрөгдсөн хэмжээгээ барьдаггүй хэт замбараагүй сурталчилгаа явуулдаг. Мөн чанаргүй контент, сурталчилгааны үнэ хэт хямд үнийн бодлогогүйтэй холбоотой.

-Харин  зах зээлийн бүтцийн өнцгөөс харах юм бол дэлхийн орнуудын жишгээр мэргэжлийн хараат бус, хэд хэдэн төрлийн тоглогчид салбарт байх ёстой . Сурталчилгааны агентлагууд Монголд байгаа боловч мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй, гадаадын зар сурталчилгааг телевизүүдэд дамжуулахдаа зөвхөн үнээр өрсөлдөн ханш буулгах л ажил хийж байна. Харин телевизүүдийн эрх ашгийн үүднээс ажилладаг селлерүүд зах зээл дээр байхгүй. Телевизүүд нь ч үүнийг ойлгохгүй, хүлээж авахгүй, одоогийн  “дампуу” системээ эвдэх сонирхолгүй. Нэг талаас зар сурталчилгаа нийлүүлэгчид болон сурталчилгааны агентлагууд нөгөө талаас телевизүүд болон селлерүүд мэргэжлийн түвшинд ажиллаж байж л зар сурталчилгааны зах зээл талаасаа тоглоомын дүрэмтэй болж, үнийн бодлого өөрчлөгдөж, бүх оролцогчдод ашигтай болж эхэлнэ.

-Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн телевиз үзэгчийн судалгааг  бид Английн “Кантар медиа” компанийн телевиз үзэлтийн хэмжилтийн “Peoplemeter 5000” системээр хийдэг. Энэ бол айл өрхүүдэд суурилуулсан телевиз үзэлтийн хэмжигч төхөөрөмж, үзэлтийн датаг хүлээж аван боловсруулах төв сервер, зохих программ хангамж бүхий бүрэн автомат нэгдсэн систем юм.  Судалгааг бид Улаанбаатар хотод, төвийн зургаан  дүүрэгт хийдэг. Ингэхдээ өрхийн гишүүн бүрийн үзэлтийг тус тусд нь хэмждэг.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ