Авсан зээлээ төлдөггүй “Монгол драй милк” Хөгжлийн банкийг дампууруулах нь

2019-06-26

Хөгжлийн банкны чанаргүй зээл хэрээс хэтэрсэн. Нэр бүхий  улстөрчдийн ивээл дор байдаг  компаниуд зээлээ эргүүлэн төлөхгүй байгаагаас болж дээрх банкны  үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар таван дэд ажлын хэсэг гаран батлагдсан удирдамжийн дагуу Хөгжлийн банкинд шалгалт хийсэн байдаг. Хяналт шалгалтаар  хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн. Хоёр ч компанийг авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авчихаад эргүүлэн төлөхгүй байгаа, ноцтой зөрчилтэй есөн компанийн нэрийг олон нийтэд ил болгосон. Эдгээрт “Хөтөл” ХХК, ТОСК ТӨҮГ, МАК цемент ХХК,  “КьюЭсСи” ХХК, Бэрэн групп, Эрэл ХХК, “Монгол драй милк” ХХК, Монгема ХХК-ууд орсон билээ. Тэгвэл “Өдөр тутмын сонины  эрэн сурвалжлагч нэгдэл”-ээс уншигч та бүхэнд Хөгжлийн банкнаас зээл аваад эргүүлэн төлөхгүй байгаа  есөн компанийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна.

Бид энэ удаад Монголыг хуурай сүүгээр бүрэн хангаж, гадаадын улс орнуудад бүтээгдэхүүнээ худалдана гэж Хөгжлийн банкнаас  15сая ам.долларын   зээл авсан “Монгол драй милк” компанийн талаар хүргэж байна. Тус компанийн эзэд хэн болох, хэн гэгч улстөрчийн нөлөөгөөр банкнаас их хэмжээний зээл авсан бэ гэдгийг баримттайгаар хүргэж байна.

 

“Монгол драй милк” компанийн зээл авсан түүх

 

“Монгол драй милк” ХХК нь 2016 оны наймдугаар сарын 12-ны өдөр үүсгэн байгуулагдаж, Улсын ерөнхий бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлж, тамга тэмдгээ авсан байна. Дээрх компанийг “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Цоодолын Билэгсайхан, Дэнсмаагийн Энхболд  нар 70, 20, 10 хувь тус тус эзэмшиж байсан ажээ. Хөгжлийн банкнаас зээл авахаас хэдэн сарын өмнө буюу 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдөр  Х.Бат-Эрдэнэийн төрсөн ах Х.Батбаасангийн нэр дээр дээрх компанийн хувьцааг 100 хувь шилжүүлсэн  байна.  Харин Х.Батбаасан  “Монгол драй милк” ХХК-ийг өөрийнхөө нэр дээрээ хэдхэн хонуулаад Энхболдын Эрдэнэбилэг гэх 1989 онд төрсөн  залуугийн нэр дээр 100 хувь шилжүүлэн өгчээ. Үүний дараа тус компани нь хуурай сүүний үйлдвэрийг 60 суманд байгуулна. 60 цех барьж, малчдаас сүү худалдаж авч, япон технологиор боловсруулж, хуурай аргаар хатааж, хуурай сүү гаргаж авна гэх төслийг Хөгжлийн банкинд танилцуулсан байдаг. “Монгол драй милк” ХХК нийт 29.2 сая хүртэлх ам.долларыг жилийн 9.75 хувийн хүүтэй зургаан жилийн хугацаатайгаар зээл авах хүсэлт Хөгжлийн банкинд өгсөн байдаг. Хөгжлийн банкныхан ч тус компанийн хүсэлтийг гэрлийн хурдаар шийдэж, 15 сая ам.долларыг 2023 онд барагдуулж дуусахаар зээл  олгох шийдвэр гаргасан байдаг.  Тус  компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад нэр бүхий улстөрчид ил болон далд аргаар нөлөөлсөн нь тодорхой харагддаг. МАН-ын нэр бүхий удирдлагуудын татаас, дэмжлэгээр  банкны бүх шалгуурыг асар богино хугацаанд давсан түүхтэй юм билээ.

 

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Т.Бадамжунай, Л.Баяртулга нар “Монгол драй милк”-ийг зээл авахад нөлөөлсөн үү

 

“Монгол драй милк” ХХК “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Х.Бат-Эрдэнэ, болон түүний ах Х.Батбаасан нартай шууд бусаар холбоотой  болох нь тодорхой байгаа юм. Х.Бат-Эрдэнэ  Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед  хамгийн их эрх дархтэй бизнесмэн байсныг олон хүн хэлдэг. Тиймдээ ч олон асуудалд гар дүрж, түүнийг нь Засгийн газар, салбарын сайдууд дэмжиж байсан гэх мэдээлэл бий. Х.Бат-Эрдэнэ  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай  ойр дотны найзууд гэдэг. Тэд олон жил бизнесийн салбарт нөхөрлөж байгаа юм. Ж.Эрдэнэбат  төрсөн дүүгийнхээ нэр дээр бүртгэлтэй Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байх орд газраа Х.Бат-Эрдэнэ найздаа маш хямдхан үнээр өгч байсан гэх мэдээлэл ч байдаг. Ерөнхий сайд болоод найзыгаа тусгайлан, талбүрээр дэмжиж байсан гэх мэдээлэл ч тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан билээ.

Мөн “Алтайконстракшн” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат,  Т.Бадамжунай нартай  маш ойрын харилцаатай гэдэг. Тиймдээ ч МАН УИХ-ын сонгууль ялалт байгуулсан цаг мөчид  Х.Бат-Эрдэнэ  эрх дарх эдэлдэг гэсэн яриа гардаг болсон. Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Т.Бадамжунай нарын нөмөр нөөлөг, дэмжлэг “Монгол драй милк” ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлөөгүй гэх газаргүй. Үүнээс гадна дээрх компанийг  тухайн үед ХХААХҮ-ийн сайд болон ТНБД Л.Баяртулга нар ихээхэн дэмжсэн байдаг. Тодруулбал, тэд 2017 оны дөрөвдүгээр сарын 10, 14-ны өдрүүдэд Хөгжлийн банк руу албан тоот бичиг илгээсэн байдаг. Албан тоотдоо “Монгол драй милк” ХХК-ийн төслийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлээд. Хөгжлийн банкнаас төслийг нь дэмжиж зээл олгохыг хүссэн байдаг. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкныханд хөндлөнгөөс салбарын сайд, төрийн нарийн бичгийн дарга нар илтэд нөлөөлөхийг оролдсон байгаа юм. Ингэж л хуурай сүүний 60 цех барих төсөл боловсруулсан дээрхкомпани Хөгжлийн банкнаас зээл гаргуулан авсан түүхтэй ажээ. ХХААХҮ-ийн сайд болон ТНБД Л.Баяртулга нар нэгэн компанийг онцолж зээл олгохыг илтэд дэмжих болсон нь мэдээж. Тэднийг албан тоот бичиж, Хөгжлийн банкинд өгөх хүртэл нөлөөлсөн гол  хүн нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байх гэсэн хардлага байна.

 

Засгийн газрын илрүүлсэн зөрчил ба зээлээ төлдөггүй компани

 

Бид “Монгол драй милк” ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авсан нь буруу гэж  байгаа юм биш. Хамгийн гол нь олон зуун компани зээл авах гэж үйлээ үзэж, банкнаас шаардсан бүх л бичиг баримтаа бүрдүүлээд очдог. Харамсалтай нь банк “Танайх шалгуурыг давж чадаагүй” гэсэн шалтгаанаар зээл олгохоос татгалздаг. Тэр тусмаа Засгийн газраас бодлоготойгоор олгож байгаа зээл баргийн аавын хүүд олдоод байдаггүй. Гэтэл  1989 онд төрсөн залуугийн нэр дээр бүрэн шилжиж ирсэн компани олон сая ам.долларын зээл төвөггүй гаргуулаад  авчихсан. Авсан зээлээ эргүүлэн төлөхгүй гүрийдэг, бусад компанид зээл авч,  бизнесээ өргөжүүлэхэд саад болж, улсын хөгжлийг хойш татаж, хорлож байгаад гол учир байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Хөгжлийн банкинд шалгалт явуулахад “Монгол драй милк” ХХК бусад арилжааны банкинд чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан нь илэрчээ. Мөн Засгийн газар, Монгол банк, Төрийн шалгалтын тухай олон хууль журмыг зөрчиж,  авсан зээлийнхээ хүүг төлөхгүй олон сар жилийн хугацаа өнгөрөөсөн. Үүнд нь Хөгжлийн банкнаас тодорхой арга хэмжээ авалгүй хаацайлж, толгойг нь илж эрхлүүлсэн нь илэрчээ.  Гэрээнд заасны дагуу Хөгжлийн банкнаас дээрх компанийн зээлийг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл болон гэрээнд заасан бүх төлбөрийг эргүүлэн төлөхийг шаардах бүрэн боломжтой ажээ. Тус компани зээл авахдаа хэд хэдэн  үнэ бүхий зүйл барьцаанд тавьсан байдаг ажээ. Үүнийг нь банк хураан авч, хохирлоо барагдуулах бүрэн боломжтой гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа.

 

15 сая ам.доллар салхинд хийсч, малчид бурууг нь хүлээх үү

 

“Монгол драй милк” ХХКхуурай сүүний 60 цех сумдад барина гэж зээл авсан байдаг. Тэгвэлтэд “15 сая ам.доллараа хуурай сүүний тоног төхөөрөмж Японоос худалдан авахад зарцуулсан. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 2017 онд зургадугаар сард нэг үйлдвэр барьж ашиглалтад оруулсан. Мөн ирэх жил гэхэд 40 суманд цехээ бүрэн барина. Тоног төхөөрөмжийг нь оруулаад ирсэн” гэх мэдээллийг бидэнд өгч байлаа. Өдгөө долоон үйлдвэр барьчихсан гэх боловч үйл ажиллагаа нь огт эхлээгүй байгаа. Компанийн зүгээс “Малчид сүүгээ тогтмол өгч чадахгүй байна. Үүнээс болоод үйлдвэрүүд хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа” гэх шалтгааныг Хөгжлийн банкныхан болоод салбар яамныханд мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, “Малчид сүүгээ өгөхгүй байна” гэсэн шалтгаанаар 15 сая ам.доллар салхинд хийсчих магадлалтай байна. “Алтайконстракшн” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэтэй хувь заяа нь холбогдсон “Монгол драй милк” ХХК-ийн Хөгжлийн банкнаас зээл авсан түүх ийм ажээ. Тэд авсан зээлээ төлөхгүй   гүрийсээр Хөгжлийн банкыг дампууруулахаар эргэлт буцалтгүй шийдсэн бололтой.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.26  ЛХАГВА  №129  (6096)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ