Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хадгалах есөн хялбар арга

2019-06-25

Ж.ЦОГЗОЛМАА

Хэтрүүлж ажиллах, хэтэрхий их ядрах, хэт стресстэж, бухимдах зэрэг нь ганцхан удаагийн үйлдлээр бий болдог зүйл гэж үү. Урт хугацаагаар ажиллах, өдрийнхөө хамгийн чухал цагийг нэг л зүйлд зарцуулаад, бие махбодийнхоо амрах хязгаарыг үл хайхран суугаад байвал нэг л өдөр та өөрөө ч мэдэлгүй зад үсрэхэд бэлэн болсон байх болно. Хэзээ хэзээгүй дэлбэрэх галт уул шиг оргилохоосоо өмнө “тормоз” аваад, ажил-амьдралынхаа тэнцвэрийг хангах хамгийн хялбар арга байгаа гэдгийг ухаараад үзвэл яасан юм.

Хиймэл оюун ухаанд захирагдан буй бидний энэхүү дижитал эрин биднээс долоо хоногийн 24 цагт асаалттай компьютер шиг л ажиллахыг шаардаж байна. Хэр их орой болсныг ч үл анзааран ирсэн цахим шууданд хариу бичих, нийгмийн сүлжээгээ онгичих гээд ажлууд ар араасаа биднийг чирсээр. Улмаар сүүлдээ долоо хоног бүр чинь яг л ийм мушгираа замаар урсаж, та ажил тань хэзээ дуусч, жинхэнэ амьдрал хэзээ эхлэхийг ч мартаж орхино. Гэхдээ энд өгүүлэх хэдхэн зүйл танд тэнцвэрээ хадгалж, өөрийгөө дахин “ачааллахад” тань түлхэц өгөх давуу талыг бий болгоно.

Их Британид алдаршсан хамгийн нэр хүндтэй эмч бөгөөд олон нийтэд хэвлэл мэдээллээр дамжуулан зөвлөгөө өгдөг доктор Рожер Хендерсон гэр болон ажил дээрээ хэрхэн сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалах талаар өөрийн туршлагаасаа хуваалцжээ. Энэ аргын хамгийн чухал нь сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн хохирол амсалгүйгээр ажил амьдралаа ззохицуулахад оршиж байгаа аж.

Ажил-амьдралын тэнцвэр гэж юу вэ?

Хамгийн чухал нь ажил болон хувийн амьдралдаа тухтай сайхан орчныг мэдрэх, тийм мэдрэмж авах нь чухал гэдгээр энэ асуултанд ихэнх хүн тайлбар өгөх байх. Гэвч яг чухам үнэн утга нь юу вэ. Ажил-амьдралын тэнцвэр гэгчийн сайн тайлбар гэвэл ажилдаа яг л ажлынхаа тогтсон хуваарьт цагийг зарцуулах гэж ойлгож болох. Гэхдээ таны хувийн амьдрал ажлаас гадуур байх ёстой гэсэн ойлголт юм. Магадгүй энэ нь эдийн засгийн өнөөгийн хүнд бэрх нөхцөл байдалд хэцүү арга шиг санагдаж болох юм. Гэсэн ч заавал ажил, амьдралынхаа үнэт хэсгүүдээр “төлбөр” төлөлгүйгээр тэнцвэрийг хангах есөн боломж байгааг энд нэрлэе.

1.Өөрийнхөө тэнцвэрийг ол

Ажил-амьдралын тэнцвэр хэмээх зүйл нь хувь хүний чанартай, өөрөөр хэлбэл, хүн бүрт өөр өөрөөр тодорхойлогдоно. Ингэхдээ тухайн хүний зорилго, юу хийхээр шийдсэн, хэн болохоор зорьж буйгаас ихээхэн хамаарна. Эн тэргүүнд мартаж болохгүй зүйл бол сэтгэл санаа болоод бие махбодийн хүрээнд таны юу мэдэрч буйгаас гадна зөн совингоо сонсох явдал юм.

Хэрэв танд тэнцвэрийн тойргоос гадна гарсан юм шиг мэдрэмж төрвөл юу болоод байгааг дахин нэг харж, нөхцөл байдлыг дахин дүгнэх цаг яах аргагүй болжээ гэсэн үг. Харин та хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол сэтгэл зүйчтэй ярилцсанаар гарааны зурвасыг олж харна.

2.Адреналины донтолтоос өөрийгөө хамгаал

Адреналин болоод стресс нь таныг богино хугацаанд урт замыг туулах боломж олгоно л доо. Даанч та үүнийхээ дараа сэтгэл гутрах өвчлөлөөр өвчилнө гэдгээ мэдэхгүй уртаас урт замд нэгэнт гарсан байх болно. Хэтэрхий их адреналин таныг хэтэрхий их стресст оруулж, улмаар амарч чадахгүйд хүрээд, дараагийн давалгаа нь нойргүйдэл, түргэн уур хилэн байх болно.

Адреналины донтолтоос хамгаалах, түүний эрсдэлийг бууруулахад яг одоо шаардлагагүй ч хэрэгтэй гэдэг нь тодорхой ажлыг сонгож авах нь тустай. Ингэхдээ тухайн ажлаа системтэйгээр, зохион байгуулалттайгаар төлөвлөж хийх хэрэгтэй. Эсвэл мундаг амжилттай танилцуулга хийж, захирлуудын итгэлийг олсноор сэтгэл хөөрөөд ирвэл гэртээ ямар нэг сайхан зорилго тавиад зөвхөн түүндээ өөрийгөө чиглүүлвэл та хэт их адреналины донтолтоос өөрийнхөө тэнцвэрийг хамгаалж чадна. Хийх зүйлс тань юу ч байж болно шүү дээ. Жишээ нь, хоол хийх, хувцсаа индүүдэх, цэцэрлэгт хүрээлэнд алхах. Гэхдээ хамгийн чухал нь эдгээрийг илүү удаанаар, илүү нухацтай, илүү зохион байгуулалттай хийх ёстой. Ингэснээр та өөртөө тайвшрах цаг хугацаа өгөх бөгөөд улмаар адреналиныг хэвийн хэмжээнд очих галт тэргийг хөдөлгөлөө гэсэн үг.

3.Ажлаас болж бүү шанал

Хэрэв та өөртөө “Хийх ажил зөндөө байна даа” эсвэл “Энд байгаа бүх ажлыг би л хийх ёстой” гэж өөртөө хэлдэг бол сэтгэл санааны болоод бие махбодийн шаналалд автаж, улмаар стресстэх боломжийг өөртөө өгч байна гэсэн үг юм.

Анхнаасаа л өөрийгөө түмэн завгүй хүн шиг өөртөө мэдрүүлээд эхэлэбэл, та яах аргагүй ажлын төлөө шаналсан нэгэн болж хувирна. Бусад хүмүүс нуруун дээр чинь өөрийнхөө ачааг үүрүүлээд, энэ нь таныг улам сул дорой болгож байгаа бол дохиоллоо хангинуулах цаг болжээ гэсэн үг. Та л энэ бүхнийг зогсоохыг хүсэхгүй бол дэлхий эрчээрээ таныг эргүүлсээр л байх болно.

4.Тусламж хүсч бай

Ярилцах нь стрессийг тайлах хамгийн шалгарсан арга гэдгийг та мэдэх үү. Та бүхнийг өөрөө хийж чадахгүй учраас бусадтай ярилцаж, асуудлыг нээлттэй ойлголцох нь жинхэнэ шийдэлд хүргэдэг. Тэгвэл хүмүүс тусламж хүсэхээс зайлсхийж, өөрийгөө стресс бухимдалд живүүлж байдаг нийтлэг шалтгаануудыг дор жагсаав:

-Ажлаараа бахархах, гайхуулах гэсэн санаа

-Өөрөө энэ ажлыг хийж чадахгүй гэж бусдад харагдахыг хүсэхгүй байх

-Бусдад түвэг болохыг хүсэхгүй байх

-Төгс хүн байхыг хичээх.

Дээрх бүх зүйл тархинд чинь хэтэрхий том орон зай эзлээд байна. Тиймээс танд тусламж хэрэгтэй үед яагаад бусдаас тусламж хүсэхгүй байгаагаа ойлгож ухаарах нь зүйтэй. Та үүнийг үнэхээр л шийдэхийг хичээж байгаа бол та тусламж хүссэнээр хамгийн сайн боломжийг атгаж чадна.

5.Заримдаа “хангалттай” гэдэг үнэхээр “хангалттай” л байдаг

Заримдаа тухайн зүйлийг хийчихээд байхад та өөрөөсөө энэ ажлыг ингээд л хийчих байсан уу, эсвэл үнэхээр төгс болгох ёстой юу гэж асуух үе бий. 10 ажлын ес нь л энгийнээр хийгддэг бөгөөд энэ нь төгс зүйл бүтээх гэж хамаг цагаа үрэхээс хавьгүй илүү дээр байдаг. Заавал төгс зүйл хийлгүйгээр нэг цагийн өмнө ч гэсэн гэртээ очоод, амьдралын үнэт цаг хугацаагаа гэр бүлдээ зарцуулна гэдэг чинь хэвийн л зүйл шүү дээ. Ингэснээр та өөрийнхөө юу хийх ёстойг илүү тодоор олж харна.

6.”Үгүй” гэж хэлэхээс бүү ай

Энэ бол бүх зүйлд ингэж ханд гэсэн үг биш. Харин ажил болоод хувийн амьдралдаа илүү хариуцлагатай байхын нэр юм. Та бүх л зүйл “За” гэж хэлэхийг хичээдэг нэгэн бол таны амьдрал үргэлж илүү ачаалалтай, илүү зүйлийг хийхээс нааш санаа амардаггүй тойргуудаар дүүрэх байх болно. Харин та өөрийнхөө бодож байгаагаас илүү ихийг цаг тухайд нь өндөр чанартайгаар хийхийг хүсдэг нэгэн бол “Үгүй” гэж хэлж чаддаг байх ёстой.

Үүнд нэг их шаналаад өөрийгөө буруутгаад байх хэрэггүй. Ердөө л “Үгүй ээ, уучлаарай. Надад үүнийг хийх зав алга” гэж хэлэхэд хангалттай. Та илүү хариуцлагатайгаар ажиллаж эсвэл ямар нэг төсөл дээр чухал цаг хугацаагаа зарцуулж байгаа бол энэ нь шударга хариулт болно.

7.Амралтын өдрөөр зүгээр л амар

4-6 долоо хоног тутамд өөртөө амралтын өдрүүдийг заавал төлөвлөж гаргаарай. Ингэхдээ ажлаас түр зогсолт аваад гэр бүл, найз нөхөдтэйгөө, эсвэл зүгээр л гэртээ ганцаараа байх хугацааг өөртөө бэлэглэ.

Юу ч хийхгүй байх нь тийм чухал зүйл биш. Харин ч хийх ажлын жагсаалт гаргах гэж бал цаас нийлүүлэхгүй байхаас илүү чухал байж болох юм. Өөрөөр хэлбэл, юу ч хийхгүй байх нь хэвийн зүйл бөгөөд түр ч атугай зогсож, өөрийгөө амрааж буй хувилбар юм.

Ийнхүү амарч байхдаа энэ цаг хугацаагаа зөвхөн амрахад л зориулах ёстой гэдгийг бүү мартаарай. Ажил минь яах бол гэж санаа зовж суухын оронд хамгийн борлуулалттай ном уншсан нь хавьгүй дээр. Ингэснээр та өөрт тань заяасан хувь тавиланг бодитоор олж харж, амьдралаа илүү сайхнаар өнгөрөөх цаг хугацаагаа мэдрэх болно.

8.Өөрийнхөө төлөө ямар нэг зүйл хий

Та хэзээ хамгийн сүүлд зөвхөн өөрийнхөө төлөө ямар нэг зүйл хийсэн бэ? Долоо хоногт ядаж ганц удаа зөвхөн өөртөө зориулан цаг гаргаж байгаарай. Ингэснээр та юунд дуртайгаа олж мэдэхээс гадна чухам юуны төлөө ажиллаж байгаагаа дахин ухаарна. Юу ч байж болно. Найзуудтайгаа уулзаж, өмднүүдээ шинэчлэн засварлан оёж, гэртээ дүүрэн устай онгоцонд  хэвтээд дуртай романаа унших эсвэл хамгийн дуртай телевизийн шоугаа амтархан үзэх зэргийг энд нэрлэж болно. Утсаа унтраагаад, цахим шуудангаа шалгахаа болиод, нийгмийн сүлжээгээ “салгаад” зөвхөн өөртөө зориулсан цаг хугацаагаа таашаа. Үүнээс татгалзах хэрэггүй. Яагаад гэвэл та эдгээрийг хүртэх гавьяатай.

9.Үүдэн дээрээ ажлаа үлдээ

Та ажилдаа хэтэрхий их санаа зовоод, хэтэрхий стресстээд байвал мэдээж гэртээ сайхан амарч чадахгүй. Иймээс ажил дээрээ болон гэртээ хийх зүйлсийн жагсаалт гаргаад, тухайн орчинд нь л тухайн ажлаа хийж заншаарай. Өөрөөр хэлбэл, гэртээ хийх ажлыг гэртээ л хий. Ингэж зуршвал гэрийнхээ босгыг давахад л таны ажил үүдэн дээр чинь үлддэг болно.

Эх сурвалж: www.harpersbazaar.com

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ