“Гэртэй хамт шатаана гээд гараад явсан…”

2019-06-24

Б.НАМУУНТАМИР

Согтуу аавынхаа гарын гарын аясаар хөдөлж нулимсаа барж, эрээн бараанаар дүүрэн энэ хорвоог өөрийн өнгөөр дүрслэх гэж оролдож буй тэрсхэн хоёр жаахан охин бүлтгэнэн, чичрэн хэвтэнэ. Гэр нь ундуй сундуй, энд тэндгүй хагарч бутарсан эд хогшлууд газраар хөглөрнө. Гэртэй минь хамт гаднаас нь шатаана гээд гараад явсан хэмээн хоолой нь зангирч нулимсаа залгин байж хэлэх 20 гаруйхан настай бүсгүйн сэтгэлийн болон биеийн ямар их дарамттай долоон жилийг туулсныг  үгээр илэрхийлэмгүй хэцүүхэн. Заазуур барьж хоёр жаахан охидтой нь хамт ална хэмээн элдэж, хөөж  толгой түрийгүй зодсон байлаа. Нөхөртөө архины мөнгө өгөөгүйгээс болж ийм юм болжээ. Цагдаагийн байгууллагад арай хийн дуудлага өгч өөрийгөө болон хоёр охиноо  аюулаас аварсан  нь энэ.  Өмнө нь удаа дараа ингэж зоддог байсныг дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчид хэлж байлаа. Хэдэн мянган эмэгтэй энэ нийгэмд ийн чимээгүйхэн зовж, тарчилж байгаа бол гэдгийг бодохоос зүрх зүсэгдэх шиг.  Энэ бол Нийслэлийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтэс,  хэвлэл мэдээллийн баг хамтран гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар шөнийн эргүүл хийсэн сурвалжлагын дүр зураг байлаа.

Нийслэлд  дунджаар хоногт гурван эмэгтэй нөхөртөө зодуулсны улмаас цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг  байна. Энэ нь зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо  юм л даа. Нүднээс далд хэчнээн эмэгтэйчүүд  хүүхдүүд ийм зовлон амсч  байгааг таашгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй хэд хэдэн шалтгаан нөхцөл байдаг ч нэгдүгээрт бичигдэх шалтгаан нь архидалт. Тухайлбал баривчлах шийтгэл ногдуулсан 2536 хүний  90 хувь нь өмнө нь эрүүлжүүлэгдэж, үлдсэн хувь нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цагдаагийн байгууллагад 2-36 удаагийн давтамжтай дуудлага ирүүлсэн байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн “Энэ оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 197 мянган дуудлага ирсэн. Үүний 30 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага. 412 иргэнийг архины ардын эмчилгээнд хамруулсан. Эхний зургаан сарын байдлаар 30 мянга орчим хүн эрүүлжүүлэхэд орсон. 12 мянга орчим иргэнд гэр бүлийн хүчирхийлэл, мөн архины ухуулга нөлөөллийн ажлыг цагдаагийн алба хаагчид хийсэн. Энэ нь тэдгээр эрүүлжүүлэхэд зөрчил гаргаад орсон хүмүүст таны энэ гаргасан үйлдэл гэр бүлийн хүчирхийлэл мөн үү биш үү, үүнийг үйлдсэнээр дараа нь ямар хариуцлага үүрэх вэ гэдгийг тодорхой таниулж өгсөн. Ер нь гэр бүлийн маргаан гэж байдаггүй. Гэмт хэрэг эсвэл зөрчил гэж байдаг. Зөрчлийн тухай хуулийн 5.4 т зодох, сэтгэл санаа, хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, албадах, тарчлаах, бие эд эрхтэнд зовиур үүсгэх, бусадтай харилцаа тогтоохыг хориглох зэрэг нь бүгд хүчирхийллийн хам шинж юм.  Гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнээс гадна хамтран амьдрагч, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, мөн салсан эхнэр, нөхөр, өмнө нь хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн энэ хуулийн зохицуулалтад хамаарагдахаар тусгагдсан. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж,  гэмт хэрэгт тооцож ял шийтгэх  зохицуулалтыг бий болгосон. Энэ нь хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох нь  даамжрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна  хүчирхийлэл үйлдэгч ямар ч тохиолдолд хариуцлага хүлээнэ” хэмээгээд бид  цааш Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийг зорилоо. Биднийг очиход оройн 23:00 цаг орчмын байдлаар Сонгинохайрхан дүүрэгт нийт 116 дуудлагатай байснаас гэр бүлийн хүчирхийллийн 16 дуудлага ирсний нэгхэн жишээг дээр дурдсан нь тэр.

 

“Намайг уучлаач, би дахиад хэзээ ч гар хүрэхгүй ээ”

 

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага авуутаа л цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, аюулын зэргийн үнэлгээг тогтоон, аюултай зэрэгт байвал хохирогчийг түр хамгаалах байранд байрлуулдаг аж. Дийлэнх хохирогчид асуудлаа өөрөө шийдэх гэж оролдсоор аргаа барсан үедээ цагдаагийн байгууллагаас тусламж хүсдэг байна. Эмэгтэйчүүд нөхрөө засарна гэж найдсаар сүүлдээ хүчирхийлэлд удаа дараа өртөж, бие сэтгэл, улмаар амь насаараа хохирдог байна. Намайг уучил би ахиж гар хүрэхгүй хэмээн эрүүлдээ хэлсэн үгэнд нь хууртан согтууд нь гарынх нь шүүс болоод байгаа эмэгтэйчүүд архигүй л бол амьдрал нь уг нь жигдрэх мэт санагдана. Гэр бүлийн хүчирхийлэл нь дахин давтагддаг даамжирдаг тасралтгүй цикл хэлбэрээр үргэлжилдэг үйлдэл. Эхний үед хохирогч зүгээр л гомддог. “Арай ч дээ. Надад гар хүрчихлээ”, “Ууртай, уучихсан байсан болохоороо л ийм үйлдэл хийчхэв үү”, “Миний буруу байсан юм болов уу” гэх зэргээр асуудлын голыг олж харалгүй өөр шалтгаануудыг хайж, гомдсон ч уучлаад өнгөрдөг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн “ Хүчирхийлэл үйлдэгдэж байгаа гэр бүлүүдийн нөхцөл байдлыг харахад  эхлээд хүчирхийллийн хохирогч хүчирхийлэл үйлдэгчтэй зохицох гэж хэд хэдэн удаа уучилсан байдаг. Гэвч хүчирхийлэл даамжран хохирогчийн арга барагдан цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Энэ ч утгаараа цагдаагийн алба хаагчид хүчирхийллийн дуудлага, мэдээллийг шалгахдаа онцгойлон анхаарч урьд өмнөх үйлдлүүдийг нэг бүрчлэн нарийн шалгаж баримтжуулдаг. Энэ гэмт хэргийг таслан зогсоохгүй л бол нэгнийхээ аминд хүрэх эсвэл өөрөө амиа хорлох эрсдэлтэй байдаг. Мөн цагдаагийн байгууллагад хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгчхөөд маргааш нь эсхүл тухайн асуудал намжсаны дараа хохирогч гомдолгүй хэмээн хүчирхийлэл үйлдэгчийг хаацайлан, дахин хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг” гэсэн юм.

Хүчирхийллийн явцад хүүхэд хохирдог. Хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хүүхэд ч бас хүчирхийлэгч болдог. Өнөөдөр та хүүхдэдээ, эхнэртээ гар хүрвэл маргааш таны хүүхэд авааль эхнэрээ, хүүхдээ бас зодно. Хайртай охиныг чинь нөхөр нь зодно, өтөлсөн хойноо та өөрөө зодуулна гэдэг үг бий.  Мөн хүчирхийллийг нуун дарагдуулалгүйгээр яаралтай мэргэжлийн байгууллагад хандаж, хэн нэгний алтан амийг авраарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.24  ДАВАА  №127  (6094)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ