Энэ жилийн наадмын гоёлд “шар” өнгө зонхилно

2019-06-24

П.ДОЛГОРСҮРЭН

Наадам ойртож буй энэ өдрүүдэд иргэд наадмын гоёлоо хэдийн аваад эхэлсэн байна. Сүүлийн жилүүдэд монголчууд Үндэсний их баяр наадам, Цагаан сар зэрэг баяраар монгол уламжлалаа хадгалсан үндэсний брэнд хувцасаа өмсөхийг  эрхэмлэх болжээ. “Нийгэм хөгжихийн хэрээр хувцасны загвар дизайн хувьсан өөрчлөгдөж байна. Түүнчлэн өнгөрсөн жилийн үндэсний трэнд загвар хүннү захтай торгон дээл байсан. Тэгвэл энэ тухайд ямар загварын дээл зонхилох талаар сонирхож манай сурвалжлагын хэсэг загварын болон үндэсний дээл үйлдвэрлэгч хэд хэдэн газраар орсон юм. Энэ жилийн хувьд задгай энгэртэй, бие барьсан эсвэл сул загварын даавуун болон силкэн дээл наадмын өнгө төрхийг илэрхийлэх шинжтэй байна” хэмээн Metromall дэлгүүрт байрлах  Үндэсний брэнд “Lustre” дэлгүүрийн захирал Н.Мөнгөнцэцэг хэлсэн юм. Тэр “Өнгөрсөн жил цайвар өнгийн хүннү захтай шулуун загварын дээл голлож байсан. Энэ жилийн тухайд эсрэгээрээ илүү орчин үеийн загварлаг хэт бариун эсвэл хэт сул загварын торон ханцуйтай дан дээл зонхилж байна. Тод шар өнгө болон зарим завсрын өнгөнүүд эрэлттэй байна. Хэт бариун хувцас тухайн хүний бие галбирыг гаргаж, эмэгтэйлэг байдлыг илтгэж, эгэм гарсан зэрэг задгай загварууд гарч байна. Үнийн тухайд 49-249 мянган төгрөгийн үнэтэй” гэсэн юм. Тус дэлгүүрийн байнгын худалдан авагч Р.Оргилмаа “Би Lustre брэндээс гурав дах худалдан авалтаа хийх гэж байна. Анх авахдаа үнийн хувьд өндөр байна гэж бодож байсан бол үнэ дагаж чанар гэдгийг харуулсан газар хэмээн боддог. Энэ жилийн хувьд бие барьсан загварын өвдөг давсан шар өнгийн дээлийг сонирхож байна” хэмээв.

Мөн бид хувиараа үндэсний хувцас оёдог Б.Мөнгөнгэрэлтэй уулзсанаар сурвалжлага маань үргэлжилсэн юм. Б.Мөнгөнгэрэл “Оёдлын захиалга гурван хоногийн өмнөөс эрчтэй нэмэгдэж байна. Энэ жил тод өнгөтэй сул загварын дээл эрэлттэй байна. Мөн даавуун материалтай дээл зонхилж байгаа. Тухайлбал, даавуу халуунд сэрүүхэн салхи нэвтэрдэг.  Нэг гэм нь үрчийж, “бөөсрөх” гээд байдаг. Энэтхэг, Турк, Солонгосын даавуу сайн. Үйлчлүүлэгчид материалаа өгч оёулснаар бусад үнэтэй брэндийн дэлгүүртэй харьцуулахад хувиараа оёулах нь хямд тусдаг. Мөн загвараа өөрөө гаргаж өгдөгөөрөө онцлог. Жишээлбэл, оёдол эсгүүрээс хамаарч 50-100 мянган төгрөгийн хооронд оёдог” гэв.

Дараа нь бид “Хархорин” захын худалдаа эрхлэгчээс дотоодод үйлдвэрлэдэг үндэсний хувцасны талаар сурвалжилсан. Тэр “Иргэд баяр наадам дөхсөнтэй холбоотой худалдан авах эрэлт хэрэгцээ өсч байна. “Хархорин” худалдааны зах дээр зарж байгаа дээлний үнэ өнгөрсөн жилийхээс нэмэгдээгүй. Материал загвар хийцээсээ хамаарч 85-250 мянган төгрөгийн хооронд байна. Тухайлбал, эмэгтэй дан дээл 100-250 мянга, эрэгтэй дээл 85-250 мянга, хүүхдийн дээл 25-120 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн сүүлийн жилүүдэд иргэд хосоороо гангарах болсон. Хос дээл 250-500 мянган төгрөг байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ