Н.Болормаа: Монгол Улс иод дутагдлын асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байна

2019-06-22

А.ЭНХ-АМГАЛАНТУУЛ

НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан  Н.Болормаатай Монгол Улсын хүн амын дундах иод дутлын эмгэгийн талаар ярилцаа.

-Нэг хэсэг иод дутагдлын асуудал нэлээд хурцаар яригдаж байсан.  Одоо ямар болсон бэ?

-Иод дутлын эмгэг нь Монгол Улсын хүн амын дунд 1995 оноос өмнө түгээмэл тархацтай байсан. Хангайн уулархаг, ойн сав газарт ДЭМБ-ын үнэлгээгээр нэлээд хүнд тархалттай гэж үнэлэгдэж байсан. ЭМЯ-ны харьяа бүхий байгууллагуудад нийт хүн амын дунд ИДЭ-ийг хэр зэрэг тархалттай байна вэ гэсэн хамгийн анхны судалгаа байдаг. Үүгээр хүүхэд, эмэгтэйчүүдийн 29.2 хувь нь бамбайн булчирхайн томорсон буюу ИДЭ-тэй  гарсан. Харин одоо 1995 онтой харьцуулахад дөрөв дахин буурчээ. Гэхдээ ИДЭ-ийг устгасан, ангижирч чадсан орнуудын тоонд хараахан багтаагүй.

-Иодын дутагдал нь аль бүс нутгаар илүү тархалттай байна вэ?

-1990-ээд онуудад Сэлэнгэ, Орхон, Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудад ИДЭ-ийн тархалт өндөр байсан. 1996-2010 он хүртэл Засгийн газраас “Иодын дутагдалтай тэмцэх үндэсний хөтөлбөр” гэдэг зүйлийг хэрэгжүүлж эхэлсэн. Давсыг иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай  хуулийг баталж, хэрэгжүүлж байгаа. Өнөөгийн байдлаар тархалт нь үндэсний хэмжээтэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа бүс нутгуудад баруун ба хангайн бүсүүд орж байна. 2017 оны судалгаагаар сургуулийн насны хүүхэд буюу нийт хүн амын дунд бамбай булчирхай буюу иодын дутлын тархалт 7.8 хувь буурсан байна.

-Ер нь шалтгаан нь юу юм бэ?

-Далай тэнгисээс алслагдсан уулархаг нутгийн хөрс, усны иодын агууламж бага байгаа нь иод дутлын эмгэг үүсэх гол шалтгаан болдог. Бидний хэрэглэж байгаа байгалийн органик бүтээгдэхүүнүүд нь иодын агууламж багатай гэсэн үг.

Сүүлийн үед хүмүүс давснаас татгалзаж, хоол хүнсэндээ хэрэглэхээ болиод байна. Энэ нь зөв үү?

-Монгол Улс нь давсны хэрэглээг бууруулах бодлогыг хэрэгжүүлж байгаа. Монгол хүмүүсийн маань давсны хоногийн дундаж хэрэглээ өндөр байна. ДЭМБ-аас хоногт 5 гр-аас доош давс хэрэглэхийг зөвлөдөг боловч манайхны давсны хоногийн дундаж хэрэглээ 11 гр байгаа. Давсны хэрэглээ нь өндөр байгаа учраас давсны хэрэглээг бууруулах нь зүйтэй. Гэхдээ ИДЭ-ээс сэргийлэхийн тулд давсыг бага хэрэглэсэн ч гэсэн бидний хэрэглэж байгаа бага хэмжээний давс нь иоджуулсан байх ёстой.

-Давсыг огт хоолондоо хэрэглэхгүй байсан ч бусад зүйлээрээ нөхөх боломжтой гэсэн үг үү?

-Огт хоолондоо давс хэрэглэхгүй байлаа гэхэд бидний өдөр тутмын хэрэглэдэг талх, бусад боловсруулсан хүнсэнд давсны агууламж байдаг.  Тийм учраас хоолондоо иоджуулсан давс нэмэхгүй ч гэсэн боловсруулсан хүнсээрээ дамжуулаад өөртөө хэрэгцээтэй иодыг авах боломжтой. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй нэгж  нь хууль болон стандартад зааснаар иоджуулсан давс хэрэглэхийг үүрэг болгон хуульчилсан байдаг. Тэгэхээр хүн хоолондоо давс хийхгүйгээр давсгүй хоол идэж болно. Гэхдээ бусад хэрэглэж байгаа бүтээгдэхүүн идэхгүй байгаа хүмүүсийн хувьд үүнээсээ иодоо нөхөх хэрэгтэй.

-Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн хувьд иодын хэрэгцээ ямар байдаг вэ?

-Жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүдийн хувьд иодын хэрэгцээ өндөр байдаг. Зөвхөн хүнс хэрэглээд өөрийгөө болон хэвлийд байгаа ургийнхаа иодын хэрэгцээг хангах боломжгүй байдаг учраас амин дэм эрдсийн бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөг. Энэ зөвлөсөн зөвлөмжийг Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар баталгаажуулсан. Тийм учраас амин дэм, эрдсийн бэлдмэл маань мөн иодыг агуулсан байх хэрэгтэй.

-Иод дутагдсанаас болж ямар сөрөг нөлөө бий болдог вэ?

-Иодын дутагдалд өртөхгүй хүн гэж байдаггүй. Монгол Улсын хувьд иодын дуталтай бүс нутагт бүхэлдээ хамрагддаг. Хөрс усанд агуулагдаж буй иодын хэмжээ хангалтгүй. Тэгэхээр монгол хүн энэ хөрс усанд тарьсан ногоо ургамлаар хооллодог. Энэ хөрсөнд ургасан ус бэлчээрээр хооллож ундаалдаг. Тийм болохоор иоджуулсан давс хэрэглэх хэрэгтэй. Дэлхийн ихэнх улс орнуудад хүн амаа иод дутлаас хамгаалж, сэргийлэхийн тулд иоджуулсан давс хэрэглэх бодлогыг баримталж байна. Иод дутал нь хүний бие бялдар, өсөлт, оюуны чадамж, бамбай булчирхай зэрэгт сөргөөр нөлөөлдөг.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ