Танд хэрэгтэй зөвлөгөө: Ходоодны шингээлтийн хүч хэвийн бус үед амнаас эвгүй үнэр гардаг

2019-06-22

Н.ДАЯН

Хүн бүрийн ходоодны шингээлт хоорондоо харилцан адилгүй бөгөөд ходоодны шингээлтийн хүчиндээ тохирсон хоол хүнсийг нас, цаг, улиралдаа тохируулан хэрэглэх нь эрүүл, урт удаан наслахын гол үндэс болдог. Тухайлбал, өвөл, намар ходоодны шингээлтийн хүч их, хавар дунд, зун бага байдаг талаар эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Ходоодны шингээлтийн хүч нь амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хорт зуршил, эмийн хэрэглээнээс үүдэн эмгэг байдлаар ходоодны шингээлтийн хүч ихсэж, багасан хүний биеийн бодисын солилцоо анхдагчаар хямарч ходоодны архаг, хурц, үрэвсэл, ходоодны хатингаршил, ходоодны хорт хавдар үүсэх гол үндэс нь болдог. Ходоодны шингээлтийн хүч хэвийн үед бие махбодийн бодисын солилцоо тэнцвэртэй, биеийн тамир тэнхээ сайн, сэтгэл санаа тогтвортой, хоолны дуршил хэвийн байна.

Харин хэвийн бус үед хоолны дуршил буурах, амнаас эвгүй үнэр гарах, ядрах, сэтгэл тогтворгүй болох, өтгөн хатах, биеийн жин нэмэх, ой тогтоолт буурах шинж тэмдэг илэрдэг. Хүн бүр ходоодны шингээлтийн хүчиндээ тохирсон хоол хүнсийг хэмжээ, цаг, улиралдаа зохицуулж хэрэглэх нь хамгийн чухал. Ходоодны шингээлтийн хүч ихэссэн үед шингээлт сайн, амархан өлсдөг, хоолны дуршил ихсэж, исгэлэн, хурц амтанд дурлах, цээж гашуун оргих, өтгөн хатах шинж илэрнэ. Харин багассан үед хоолны шингээлт муу, хоолны хэмжээг хэтрүүлбэл аюулхай орчим цанхайх, гэдэс дүүрэх, хоолны дуршил багасан амтлаг амтанд дурладаг.

Сүүлийн үед ходоодны эмгэг зонхилон тохиолдож, олон төрлийн эмчилгээ гарч байгаа ч хамгийн үр дүнтэй арга нь хувь хүн өөрийн ходоодны шингээлтийн хүчийг хоол хүнс болон амьдралын хэв маягаараа тэнцвэржүүлэх юм. Хоол хүнс, амьдралын хэв маяг нь үр дүнтэй, аюулгүй эмчилгээний төрөл ба ямар ч эмгэгийг эмчлэхэд чухал суурь нь болдог байна.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ