Х.Баттулга: Түүхийн дурсгалт үнэт зүйлсээ алдсан энэ үйл явдлыг бид мартах учиргүй

2019-06-21

Б.БАЯРЖАВХЛАН

Азийн буддистуудын 11 дэх удаагийн чуулганы нээлт өнөөдөр боллоо. Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд биднийг очиход мандат болон биеийн байцаалтыг шалган оруулж байв. Мандат хаанаас яаж авахыг мэдээгүй сүсэгтэн олон урт цуваа үүсгэсэн байлаа. Дотогш орвол Азийн буддистуудын чуулганд зориулж Засгийн газраас барьсан Батцагаан чогчон дуганд үйл ажиллагаа болж байлаа. Дуган руу сүсэгтэн олны цүнх болон гар утсыг тусгай камераар шалгаж оруулж байсан юм. Тухайн арга хэмжээ өндөр хамгаалалт дор болж байгааг эндээс харж болно.

Олон орноос ирсэн лам нар биднийг угтах бөгөөд хувцас хэрэглэлийн хувьд өөр өөр байсан нь содон харагдав. Энэтхэг, Япон, Лаос, Орос, Шри Ланка, Камбож, Вьетнам болон НҮБ-ын элч төлөөлөгч гэсэн 130 гаруй зочин ирсэн байлаа. Сүсэгтэн олон тун ч цөөн харагдах нь харуул хамгаалалт өндөртэйгөөс болсон биз ээ. Монголын бяцхан ламаас эхлээд ахмад лам нар цөм тэнд цуглажээ. Хурлын нээлтэд зориулж Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрээр “Монголын буддистууд түүхэн дэлгэрэлтийнхээ хугацаанд улс төрийн хэлмэгдүүлэлтэд хүн болон түүхийн дурсгалт үнэт зүйлсээ алдсан энэ үйл явдлыг бид мартах учиргүй. Дахин давтагдах ёсгүй. Төр, засгаас жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчин өдөр хэмээн зарлан тунхаглаж анхааран ажиллаж байна. Энэ өдөр алдаа оноогоо шүүн тунгаадаг, наминчилдаг, амьтай голтой бүхнийг энэрэн хайрлах сэтгэлээр сайн үйлсэд зориулдаг нэгэн өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Төр, засгаас дэмжин ажиллахаа мэдэгдье” гэсэн юм.

Солонгосоос ирсэн буддист Побсон лам “Энэ арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Чингис хааны нутаг, тэдний үр хойчтой хамт байгаадаа мөн тэд тал шигээ уудам тайван сэтгэлтэй хүмүүс юм байна. Монгол, Солонгос лам нарын хувцасны өнгө, загвар өөр боловч бидний зүс царай ялгахын аргагүй ижил юм. Солонгос улсаа төлөөлөөд найман лам, таван гадаад харилцааны ажилтантайгаа ирсэн” гэв.

Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлого хариуцсан дарга, яруу найрагч Ц.Хулан “Аливаа улс үндэстний хувьд хамгийн чухал зүйл бол оюун санаа байдаг. Монголчуудын уламжлалт бурхан шашин бол буддын шашин юм. Одоогоос 350 жилийн өмнөх манжийн дарлалын үеийн ламын шашин бол өнөөдрийн буддын шашин биш гэдгийг ойлгох цаг нь болсон. Бид түүхэн хандлагаа өөрчлөх ёстой болсон. Бусад шашнаас илүү энэрэнгүй, оюун санаа, болон хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн шашин гэж үздэг. НҮБ-ын нийгмийн зөвлөх эрх бүхий байгууллага юм. НҮБ, хүн төрөлхтөн баталчихаад байгаа энэ зүйлийг ирээдүй хойч үе  минь ойлгож ухаарах хэрэгтэй гэж бодож байна” гэсэн юм.

Азийн хамгийн номтой нэр хүндтэй лам нар ирсэн нь энэ үйл ажиллагааны хамгийн том чимэг нь байлаа. Мөн энэ үеэр Азийн буддистуудын өмнөх чуулганаар хэрэглэж байсан улс бүрийн үзмэрийн цуглуулга, Богд хааны эдэлж хэрэглэж байсан хувцас, өмнө нь харуулж байгаагүй бурхадуудын нээлт боллоо.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ