Уран зохиол: “Есенинтэй танилцсан минь”

2019-06-22

Нийслэлийн төв талбайд өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр болсон номын яармаг худалдааны үеэр 1961 онд хэвлэгдэж байсан Сергей Есениний шүлгийн түүврийн оллоо. Оросын нэрт яруу найрагчийн бүтээлийг 59 жилийн тэртээ орчуулан хэвлүүлж байсан хүн нь М.Цэдэндорж найрагч аж. Түүвэрт яруу найрагч, орчуулагч Ш.Цэндгомбо болон Мишигийн Цэдэндорж найрагчийн орчуулсан шүлгүүд багтжээ. Сергей Есениний уран бүтээлийг монгол уншигчдад хүргэсэн яруу найргийн орчуулгын бэсрэгхэн энэ түүвэр өдгөө ховор номын тоонд багтаж байна. Түүврийн оршлыг М.Цэдэндорж найрагч өөрөө бичиж, “Есенинтэй танилцсан минь” хэмээн Оросын уянгын яруу найрагчтай уран бүтээлээр нь хэрхэн, яаж танилцсан тухайгаа өгүүлснийг нь polit.mn сайт бямба гаригийн уран зохиолын булангаараа уншигчдадаа толилуулж байна.

 

***    ***     ***

 

“Есенинтэй танилцсан минь”

 

Энэ гарчгийг уншаад зарим хүн “1925 онд Есенин нас барсан. Тэр үед чи энэ хорвоод сураг ажиггүй байж яаж Есенинтэй танилцах юм бэ” гэж магадгүй. Арван насны зөрөөтэй Есенин байтугай, мянган жилийн тэртээх Фердоуситай хэн маань ч танилцаж болох юм шүү дээ гэж бардам хэлж болно.

 

“Салхи бороонд эвдэршгүй

Сайхан цамхаг босголоо би

Эрин цаг улиран өнгөрөвч

Эрхэм мэргэд маань шүлгийг минь уншина”.

 

Эртний Персийн сонгодог яруу найрагч Фердоуси ингэж дуулж, түүнтэй танилцсан Есенин “Цэнхэрлэн харагдах Фердоусигийн нутаг” шүлэгтээ хариу ийн дуулсан нь:

 

“Хэзээ ч чамайг мартахгүй

Хэрэн хэсэх миний замд

Хэзээд би чамайг ярина

Хэрхэвч би чамайг мартахгүй” гэжээ.

 

Есенинтэй хэрхэн танилцсанаа өгүүлбээс, эн тэргүүн надад Есениний тухай Горький ярьж өгсөн. “Сергей Есенин бол ерийн нэг хүн бус, яруу найргийн тулд угаас заяасан цогцос хэмээн өөрийн эрхгүй надад бодогддог” гэж тэр хэлсэн юм. Оросын алдарт яруу найрагч Александр Блок, хувьсгалын дууч Владимир Маяковский, Словакийн яруу найрагч Милош Крно нараас би Есениний алдрыг бас сонслоо. “Өнөөдрийн Италийн зохиолчид, ялангуяа залуу зохиолчид, Толстой, Достоевский, Чехов, Есенин нарын бүтээлийг уншиж, онгод ордог юм” гэж Италийн дэвшилтэт зохиолч, зураач Карло Леви хэллээ. Ийнхүү олон олон хүнээс Есениний сургийн сонсох бүрий яруу сайхан зохиолтой нь уулзуулах хүсэл бадарлаа.

“Манай эрин үеийн магнай дээр хэсэг яруу найрагчийн гэрэлт нэр дурайж байна. Энэ бол Английн Киплинг, Францын Аполлинер, Элюар, Германы Рилькщ, Испанийн Гарсия Лорка, Оросын Есенин… нар юм” гэж Лүй Аргон  нэмж хэллээ.

Энэ бүгд “Есенин гэж хэн юм бол, юун тухай, яаж бичдэг хүн байгаа вэ” гэж намайг өөрийн эрхгүй гайхууллаа. Ийнхүү 1957 оноос эхлэн Сергей Есениний зохиол, яруу найргийг уншиж, намрын тариа шиг халиурсан алтан шаргал үстэй, цэлмэг тэнгэр шиг цэнхэр давхраатсан нүдтэй, сэргэлэн дүртэй, хурцхан зантай, яруу найргийн эзэн орос хүнийг би таньдаг боллоо. Түүнээс хойш Есениний нэлээд олон шүлэг зохиол уншин танилцсан тухайдаа ер бусын яруу найрагчийн, ерийн амьдралаас өгүүлбэл: Тэрээр 1895 онд Рязань мужийн тариачны гэр бүлд төрсөн бөгөөд өвөг эцэг, эмэг эхийнхээ ивээлд бойжин, тосгоны сохор гуйлгачид тэднийд цугларан диваажингийн орон, бурхас богдсын тухай уншлага дуулахыг чагнаж, эмэг эхийн таягнаас чаргуулдан сүмд даган очих буюу өвгөд хөгшдийн үлгэр дуу сонсож, айлын багачуултай бусдын ногооны хашаагаар бужигналдан өсчээ. Тавтайдаа бичиг сурч, естэйгөөсөө шүлэг бичсэн байна. Арвандөрөвтэйдөө багшийн сургуульд, дараа нь Шанявын их сургуульд сайн дурын сонсогчоор орсон боловч амьдралын гачигдал тохиолдон төгсөж амжсангүй.

Хориодхон жилийн дотор гурван их хувьсгал гарч, олон дайны хөлд нэрвэгдэж, буун дуу тасраагүй орос орны зөрчил Есениний амьдрал уран бүтээлд гүнзгий туссан юм. Орос орны аж байдал шиг Есениний зам бас дүүрэн саад бартаатай байлаа.

 

“Амьдралын маань тухай

Шүлэг найраг минь

Аажуу тайван яриарай” гэж Есенин бичжээ.

 

Есениний намтар түүхтэй танилцъя гэвэл түүний шүлэг найргийг унших хэрэгтэй учраас энд нуршаад яахав. Харин түүний уран бүтээлийн онцлогийн тухай дурвал: Гучин жилийн амьдралаас 15-ыг нь яруу найрагт зориулсан бөгөөд чухамхүү авьяас билэг нь бадарсан үе гэвэл сүүлийн арван жил, ялангуяа 1924-25 он болно.  Дээрх хоёр жилд хорин жижиг найраглал “Анна Снегина” гэдэг уянга туульсын гайхамшигт бүтээлээ туурвисны дээр “Качаловын нохой”, “Перс аялгуу” гэдэг мөчлөг зэрэг 60-аад шилдэг, уянгын шүлэг бичжээ.

Орос орон, оросын хүн ард, тариачдын тухай, ойр дотно төрөл төрөгсөд, эмэг эх, охин дүү, өвгөн аавынхаа тухай, янаг амраг, цэцгийн тухай, оросын байгаль, цагаан хус, мөнгөн сарны тухай тэрээр уяран дуулж, зовсон баярласан, гайхсан зэвүүцсэн сэтгэлээ яруу найргаар илэрхийлдэг байсан юм. Хүний сэтгэлийг тэр аяар нь яруу найргаар уян сайхан гаргаж чадсандаа Есениний уран бүтээлийн онцгой гавьяа оршино. 1920-иод оны үеэр тэр профессор Розановт ярихдаа “… Эх орноо хайрлах эрхэм их хайраар миний уянга бялхан яваа юм. Эх орон гэдэг сэтгэл бол миний бүтээлийн үндэс” гэсэн байна. Үнэхээр ч Есениний бүтээлийн амин сүнс нь орос эх орон юм.

 

-“Овог аймгийн дайсагнал

Ов заль, уйтгар гуниг

Орчлон ертөнц даяар

Оргүй алга болоход ч

Орос гэдэг богинохо нэртэй

Орчлон дэлхийн зургааны нэгийг

Онгон шүлэгчийн бүх цогцосоор

Онцлон магтсаар байх болно” гэж тэр “Зөвлөлт орос” шүлэгтээ бичжээ. Нэгэн үе Есенин бага зэрэг төөрөлдөн хувьсгалын талд шууд оролгүй эргэлзэж, “Имажинизм” гэдэг утга зохиолын урсгалыг толгойлолцон “уймарч туймарч, ууж томоогүйтэж” явсан удаа бий. Гэвч энэ бол хувин сүүнд халбага ус хийхэд харлахгүйтэй адил юмаа. Есениний өвөрмөц дуу хоолой, хүн бүхний дурыг булаасан дөлгөөн уянга, яруухан үг хэл, үнэн сэтгэлийн мөрүүд нь энэ дэлхийд хүн амьтан байгаа цагт хэзээ ч баларшгүй, оросын ардын яруу найргийн оргил болон сүндэрлэн байх юм. Есенинтэй танилцаад 1959 онд би ийм нэг шүлэг бичсэн юм.

 

“Сергей минь чи амьдсан бол

Сэрж хэрэв босдогсон бол

Найргийн хундагыг мэлтэлзүүлэн

Наргин дуулж цэнгэхсэн

 

Эх оронд чинь би очоогүй

Эгч дүүсийг чинь би танихгүй

Эгэл Рязаний хүү чиний

Эрхэм уянгатай золгоод удаагүй

 

Монгол хэлнийхээ эвлэг найргийг

Морин хуурынхаа эгшиг налархайг

Чихэнд чинь хэрэв нэг удаа сонсговол

Чи “Перс аялгуугаа” чамлах байх

 

Сергей чи минь амьдсан бол

Сэрж хэрэв босдогсон бол

Сэнгэнэсэн айраг сөгнөхсөн

Цэнгэнэсэн найраг дуудах сан

 

Монгол газар морь сайтай

Морины жолоогоор шүлэг айзамтай

Таван хушуу малтай

Тараг айраг далайтай

 

Ах таныг ирвэл

Арз хорзоор дайлна

Ариун цагаан сүүгээр

Архи нэрдэг юм шүү

 

“Сүүгээр архи нэрэх ч гэж дээ

Сүүлдээ юу гэгч болдог бол  доо!

Тавилан балар хар орчлон гэж

Та гутаж гунихарч магадгүй

 

Архи нэрдэг гээд сүү гутаагүй

Авсан орсон гээд таныг мартаагүй

Сэтгэлийн дуу тань талаар дүүлж

Сэрүүн тунгалаг Орхон шиг мяралзана

 

Алтан дэлхийд ганцхан юм л дутуу

Архиар сүү нэрж л болохгүй

Алив шидээр таныг босгошгүй

Аялгуу дуу чинь харин гандахгүй”…

 

М.Цэдэндорж. 1961-8-30

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ