Хошууч генерал Т.Бадралын хэлсэн онцлох 15 эшлэл

2019-06-22

С.САРУУЛ

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа 2019 оны зургадугаар сарын 20-ны өдрийн дугаарын  зочноор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг урьж ярилцсан юм. Гамшгаас урьдчилан сэргийлэх,

– 1990 онд зах зээлд шилжээд 2004-2005 онд энэ салбарт хөрөнгө оруулалт бараг хийгээгүй юм билээ.  Ний нуугүй хэлэхэд 2004 онд гурван байгууллага нэгдэж байхад нэг ширхэг усны хувцас байтугай тийм ойлголт байгаагүй. Чанартай нэг ширхэг усны хувцас 20-30 сая төгрөгөөр л яригдана. Хямдхан нь урагдаад алга болно. Яг одоо бидний хүчин  чадал бол таван усчны гурав нь өмсөх хувцастай, хоёр нь хоосон байна.


-2005 онд манай байгууллагын хөрөнгө оруулалт 90 сая төгрөг байсан. Энэ нь тухайн үеийн ханшаар ОХУ-д үйлдвэрлэсэн нэг ширхэг галын машин авах мөнгө юм билээ. Энэ байдлаар явбал онцгой байдлын алба иж бүрэн техникээр хангагдахад 122 жил шаардлагатай гэсэн тооцоо хийж байсан.


-2017 онд албанд хэрэглэж байгаа болон хэрэглэх ёстой техник  төхөөрөмжийг судлахад ойрын таван жилд 320 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Яг үнэндээ улсаас өгч байгаа мөнгөөр дийлэхгүй. Тиймээс бид улсын төсөв харахгүйгээр бусад бүх эх үүсвэр, боломжийг ашиглая гэсэн ганц л зорилго тавьсан. Одоогийн байдлаар шаардлагатай 320 тэрбумаас Засгийн газар хоорондын зээл, буцалтгүй тусламж гээд олон сувгаас 260 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг гаргаад тавьчихлаа.


-Монгол Улсын өнцөг булан бүрт төрийн үйлчилгээг хүргэх үүрэгтэй. Гэтэл зарим сум аймгийн төвөөс 300 км-ээс зайтай учраас дуудлага аваад шуурхай үйлчлэх хүндрэлтэй. Тиймээс үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд нэгжүүдийг байгуулж эхэлсэн. Гурван жилд 20 гаруй нэгж байгууллаа. 


– Гамшгаас сэргийлэх орчин үеийн систем эрсдэл рүү төвлөрч байна.Гамшгаас хамгаалах хуулийн 50.1-д орон нутгийн удирдлага төсвийнхөө нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулахаар тусгасан. Ийм томъёололтой улс орон дэлхийд цөөн.


-Гамшгаас сэргийлэх системийг бий болгоно гэдэг зөвхөн бүтэц, тоног төхөөрөмжийн асуудал биш юм. Хамаарахгүй салбар байхгүй учраас улс орон, бүс нутаг, аймаг орон нутгийн тогтвортой хөгжлийн асуудал яригдана. Өнөөгийн хөгжлийн ололт, амжилтыг бууруулахгүй байя гэвэл эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг макро түвшинд ойлгож анхаарах ёстой.


-Үндэсний хэмжээнд Гамшгийн эрсдэлийн зөвлөл байгуулж санхүү хөрөнгө мөнгө, дэлхий нийтийн мөрдөж байгаа тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулахаар ажиллаж байна.Гамшиг, ослын дараа улс орны тогтвортой хөгжил гацаж эхэлдэг. Манайд 2009-2010 он дамнасан зуданд 545 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг. Яг тэр үеийн ханшаар хэдэн сургууль, цэцэрлэг барьж болох вэ гээд үзэхээр 150 хүүхдийн цэцэрлэг, 300 хүүхдийн 200-300 сургууль, цэцэрлэг барих хэмжээний хөрөнгийг алдсан байдаг.


-Ядуурал, өвчин зовлон ч мөн адил яах аргагүй гамшигтай холбоотой. Тэгэхээр эрсдэлийг бууруулахын тулд далан, байшин савнаасаа л эхлэх ёстой. Сургууль, цэцэрлэг, зам, гүүр, далан шуудуу барьж байна гэдэг зөвхөн хөрөнгө оруулалт биш эрсдэлийг бууруулж байна гэдгийг албан тушаалтан, төрийн албан хаагчид ойлгох ёстой.  Харин хаана, юу барихаас гадна  дэд бүтэц маш чанартай байх ёстой.


-Төр, ард иргэд ялгалгүй өмч хөрөнгөндөө эзэн болж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Үүний тулд даатгалын асуудал зайлшгүй яригдана. Газар хөдлөлт, гал, тариа, будааны даатгал яригдана. Ган зуднаас болж тариа будаагаа алдлаа гэж төрөөс мөнгө нэхээд  байгаагаас биш уг нь хувь хүний бизнес биз дээ. Бизнес хийж байгаа бол төрд эрхлэх биш эрсдэлээ тооцож, эд хөрөнгөө даатгуулах хэрэгтэй. Даатгалын системийг хөгжүүлээд эрсдэлээ компанид үүрүүлчихвэл асуудал аяндаа шийдэгдэнэ.


– Дэлхий нийтэд ч гэсэн эрсдэлийг шилжүүлэх хамгийн шилдэг систем нь даатгал байдаг. Тиймээс бид Гамшгийн даатгалын хуулийг олон улсын жишгээр боловсрууллаа. Гамшгийн даатгалыг нэвтрүүлж чадвал үндэсний хэмжээний гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах систем шинэ шатанд гарна.


-Сайн дурын ажил дэлхий нийтэд маш өргөн хүрээтэй ойлголт. Манайд сайн дурынхны ажил 1990 оноос өмнө сайн хийгдэж байсан. Харин орхигдчихоод  байсан тэр өөрчлөлтийг хуульдаа тусгаж буцааж сэргээснээр сум орон нутаг, дүүрэгт сайн дурын бүлэг байгуулж  ажиллах суурийг тавьж өглөө. 330 сумын 200 орчимд нь сайн дурын бүлэг ажиллаж байна.


-Байгууллагын удирдлага хүн салбараа бодлогоор чиглүүлдэг бол албаны үйл ажиллагаа аврагч гал сөнөөгчдийн нуруун дээр явдаг. Энэ хүмүүсийн орон сууцтай байх, өсч дэвжих, сурах, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдахаас эхлээд нийгмийн баталгааг зайлшгүй шийдэх ёстой гэж зорьсон. Хэдийгээр 100 хувьд хүрээгүй ч хувцас хэрэглэл, цалин хөлс, онцгой нэмэгдлийг хуульд оруулсан. Бүх алба хаагчаас мэргэжлийн зэргийн шалгалт авч тэнцсэн алба хаагчдад ур чадварын 5-15 хувийн нэмэгдэл олгох зэргээр суурь тавигдаад явж байна. Сүүлийн дөрвөн жилд 500 орчим алба хаагчийг орон сууцтай болгох ажил эхэлсэн.


-Монгол хүн, Монголын нийгэм онцгой байдлын албагүйгээр аюулгүй байдлаа төсөөлөхгүй гэж ярьж байна. Алба хаагчдын маань хийж хэрэгжүүлж буй бүхэн хүндлэх, хайрлах сэтгэлийг бий болголоо гэж бахархдаг. Залуус онцгой байдлын албанд ажиллах гэж өрсөлддөг тийм л соёл, имижтэй болсон гэж бодож байгаа. Цаашид ч өндөр шалгуур өрсөлдөөнөөр ордог, ард түмний хайр хүндлэл хүлээсэн шилдэг алба болно гэдэгт эргэлздэггүй. Нэг их удахгүй дээ.


-Төрийн ажил зарчимтай байх ёстой. Төлөвлөснөө цаг хугацаанд нь хийх үүрэгтэй. Миний ажлын зарчим бол төлөвлөсөн бол хийх ёстой. Ойрын зүйл битгий хар. Алсыг хар гэж залуустаа хэлдэг. Харин зорьсондоо заавал хүр гэсэн шаардлагыг тавьдаг.


-Төрийн үйлчилгээг алагчлалгүй, шуурхай үзүүлэх ёстой учраас хүнийг ажлын хандлагаар нь үнэлдэг. Өсч дэвших гэж тэмүүлсэн адилхан аавын хүүхдүүд тэгш эрхтэй байх ёстой. Энэ салбарт үнэлэмж гэж байх ёстой. Энэ ч утгаараа 2021 он гэхэд онцгой байдлын салбар бүх зүйлээрээ нэг номерт байх болно гэж зорьж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ