Бийр “мушгигч” Франц тамир

2019-06-21

Б.ДОЛЖИНЖАВ

Хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг бийр, бэх, цаас ашиглан илэрхийлдэг калиграфч, зураач П.Тамир-Самандбадрааг “Урлан” буландаа онцоллоо. Тэрээр бие даасан үзэсгэлэнгээ өнгөрсөн сарын 29-нд Францын Мулан хотод гаргаж, энэ сарын 1-нд Европын “Норд Арт” үзэсгэлэнд улсаа төлөөлөн оролцсон юм. Тосон зураг тодорхой дүрс, хэлбэр, өнгө зохицолгоогоор мэдрэхүйг үүсгэж байдаг.  Харин калиграфд цагаан буюу хоосон орон зай нь хар бэхнээсээ илүү чухал. Тунг нь тааруулж цагааныг үлдээж авч хоцорно гэдэг том мэдрэмжийн асуудал байдаг аж. Энэ талаар уран бүтээлч Тамир “Энэ урлагт бийрийг яаж мушгих, бийртэйгээ хэрхэн ажиллах нь чухал. Бийрний өргөлт, даралт, хаана нарийн, хаана нь уусгасан бүдүүн зураас гаргах, бийрний хурд нь калиграфийн техник юм.  Бийрийн жижиг ширхэг хялгасан үс болгоны мөрөөр цагаан орон зайг хараар таглаж байгаа энэ чадварт калиграфийн онцлог оршино” гэж байлаа.

Түүний цагаан цаасан дээр хар бэх ашиглан зурсан зургийн үзэсгэлэн абстракц, хийсвэр, авангард учраас онцлог. Калиграф гэхээр уран бичлэг таны санаанд бууж байна уу. Тэгвэл Тамирын бүтээлд үг, үсэг байхгүй. Тэрээр “Үзэсгэлэнгээс юу ойлгох биш юу мэдрэх нь чухал. Миний бүтээлүүд тухайн мөч, хэдэн хормын дотоод ертөнцийн байдал, дотор орж ирсэн мэдлэг мэдээллийг бийр, бэхийн тусламжтайгаар цаасан дээр үлдээсэн мөр юм. Цэвэр бийрний хөдөлгөөн, эрч хүч, бэхний уусалт яг хөгжим шиг хүний сэтгэлд нөлөөлж байгаа” гэсэн юм. Хүний бие махбодь өөрөө уран бичлэг болохыг ойлгож эхэлснээр биеийн хэлж буй өгүүлэмжийг бийрээр илэрхийлэх болсон. Тэрээр мөн вааран дээр бийрээр зурдаг онцлогтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.21  БААСАН  №126  (6093)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ