“Polit”-ийн нэг өдөр: Залуус шинэ чадварт суралцахаар номын дэлгүүрийг зорьдог болсон

2019-06-21


Т.НАМУУН

Хөлөөрөө туулж барахгүй амьдралыг оюунаараа туулах боломжийг гагцхүү ном бидэнд олгодог. Хорвоо ертөнцийг танин мэдэж, мэдлэг оюунаа тэлэх оюун ухааны тэжээл нь бас л ном. Гэвч сүүлийн үед залуусыг ном уншихаасаа илүү ухаалаг гар утастайгаа нөхөрлөж цагийг дэмий өнгөрөөж байна хэмээн хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ шүүмжлэл хэр бодитой болохыг мэдэхийн тулд “Интер” номын дэлгүүрт нэг өдрийг өнгөрөөсөн юм.

Зорьсон газрынхаа хаалгаар дөнгөж ороход зохиолч Д.Гүн-Үйлсийн “Солонгон хөндий” номын нээлтийн зар нүднээ тусав. Шинэхэн номын танилцуулгыг уншчихаад авч унших юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдсөөр дотогш орлоо. “Интер” номын их дэлгүүрийн нэгдүгээр давхар. Нам гүм чимээгүй орчин биднийг угтав.  Уран зохиол, түүх, яруу найраг, хүүхдийн ном энэ давхарт байдаг. Олон хүн амарч, оюуны ядаргаагаа тайлахдаа адал явдал, хайр дурлалын тухай уран зохиолын ном уншихыг хүсдэг. Гунигласан, ганцаардсан үедээ ч хүч, урам зориг өгөх ном уншиж хэсэгхэн хугацаанд ч атугай аз жаргалыг мэдрэх гэсэн хүмүүст нам гүм чимээгүй орчинд ном уншин тухтай суух боломжийг энэ номын дэлгүүр олгодог байна. Дэлхийн болон Монголын утга зохиолын ертөнцөд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг уран зохиолын номнуудыг эгнүүлэн өрсөн тавиурын ойролцоо номоо унших сандал байрлуулсан нь хамгийн сайхан зүйл. Олон хүн “Интер” номын дэлгүүрийг зорих шалтгаан нь энэ байдаг болов уу.

Шинэхэн долоо хоногийн пүрэв гариг ажлын өдөр хэдий ч номын дэлгүүрт хөл хөдөлгөөн үл тасарна. Нэг хүн гарахад өөр нэгэн зөрж орж ирнэ. Орж ирсэн даруйдаа номоо шууд худалдан авах нэгэн байхад олон номон дундаас алийг нь авахаа мэдэхгүй хэд хэдэн номыг ээлжлэн сөхөж, эргүүлж тойруулан, санаа алдан зогсох нэгэнтэй энд тааралдана. Харин өглөөнөөс орой хүртэл ном уншиж энэ дэлгүүрт суудаг нэгэн байдаг бололтой. Үүнийг номын амтанд орох гэнэ. Нэг эхэлбэл дуусахаас нааш санаа амардаггүй, оюун бодлоос огт гардаггүй сайхан зохиол байдаг. Тийм зохиол нэгийг барьж аваад энэ дэлгүүрийн өнөөх сандал дээр суувал дуусгахаас нааш өдөр, шөнө болж буйг огт анзаарахгүй биз ээ. Өнөөдөр бид яг ийм охинтой таарсан. Уншиж буй ном нь телевизийн алдарт “Опрагийн шоу”-ны хөтлөгч, сэтгүүлч эмэгтэй Опра Уинфригийн амьдралын тухай өгүүлэх “Миний сайн мэдэх зүйлс” байлаа. 10:00-17:00 цаг хүртэл тэр тэнд сууж энэ номыг уншиж дуусгачихаад баяр хөөртэйгөөр инээмсэглэн гарч явсан. Анх гунигласан, хөлөө зөөж ядан алхсаар орж ирсэн санагдана. “Интер” номын дэлгүүрт нэг өдрийг өнгөрөөхөд олон хүнтэй таарч, номын сонголтоор нь тэдний сэтгэл зүйг тааварлан суусан юм.

 

Хүүхэд бүр даруу төлөв, гоц авьяастай байх албагүй

 

Номын дэлгүүртэй тухтай танилцахаар шийдэн цааш  явбал  гарын алганд багтахуйц, хаана ч авч явахад боломжтой жижигхэн номуудыг эгнүүлэн тавьжээ. Нэгийг авч гарчиглавал сургааль үг, онч мэргэн үгс гэсэн байх агаад нэгийг бодож хоёрыг тунгааж болохуйц олон сайхан зүйр үгийг багтаажээ.  Алгын чинээхэн энэ номонд бүхэл бүтэн ертөнц багтсан гэмээр. Өхөөрдөм хөөрхөн гүнж, хүн аалзны зурагтай олон өнгөөр солонгорох зурагт номууд нүднээ тусах нь хүүхдийн тасагт орж ирснийг гэрчилнэ. Энэ тасагт гурван настайгаас эхлээд өсвөр үеийнхэнд зориулсан монгол, англи номууд байдаг. Номын тавиурын хажууханд хүүхдүүд суугаад ном уншихад зориулсан жижигхэн ширээ сандал байрлуулжээ. Тэр сандал цаг үргэлж эзэнтэй байх нь гайхмаар. Энэ сандал бүтэн өдрийн турш бяцхан уншигчдад “дарагдсан” юм.

“Тэрслүү хүүхдэд зориулсан бяцхан хүүхдүүд” номын хуудсыг эргүүлэхэд доторх мэдээлэл нь үнэхээр таалагдав. “Хүүхэд бүр даруу төлөв, гоц авьяастай байх албагүй. Харин сэргэлэн цовоо, өөртөө итгэлтэй өөрийн гэсэн бодолтой байх нь хүүхдэд байх ёстой нэгэн чадвар” хэмээн энэ номонд бичжээ. Хүүхдийн хүмүүжилд ном томоохон орон зай эзэлдэг. Тиймдээ “Тэрслүү хүүхдэд зориулсан бяцхан хүүхдүүд” номыг хүүхдэдээ уншуулахад хүүхэд өөрийгөө таньж мэдэхээс гадна авьяасаа нээн илрүүлэхэд нь туслах юм байна хэмээн бодогдсон юм. “Хүүхэд багачууд өсч томрохтой зэрэгцэн тэдний ертөнцөд тааруулан цаг үргэлж шинэчлэл хийх нь хүүхдийн номын тасгийн нэг онцлог” хэмээн тус дэлгүүрийн маркетингийн менежер Ц.Долгорсүрэн хэлсэн юм. Тус дэлгүүрийн нэг давхарт номоос гадна тэмдэглэлийн дэвтэр, даавуун цүнх, чихмэл, үзэг, номын хавчуурга гэсэн сонирхолтой зүйлийг худалддаг юм билээ.

“Интер” номын дэлгүүрийн хоёрдугаар давхар. Хувь хүний хөгжлийн болон нарийн мэргэжлийн ном энэ давхарт байдаг. Хүмүүс өөрийн сонирхсон номоос сонголтоо хийгээд буйдан дээр тухлан сууж унших боломжтой. Сүүлийн үед хүмүүсийн хамгийн их шимтэн уншдаг болсон хувь хүний хөгжлийн ном энд төрөл төрлөөрөө байна. Хамгийн их зарагдаж байгаа бестселлер номонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн эхнэр Мишель Обамагийн “Becoming” буюу “Миний түүх”,  “Сингапурын хөгжил” гэсэн ном багтжээ. Энэ үеэр буйдан дээр тухлан сууж ном унших 62 настай А.Уламнэмэхээс номынх нь талаар лавласан юм. Тэрээр “Миний хувьд түүхийн болон хувь хүний хөгжил, ухамсрын ном их уншдаг. Одоо Монголын байгалийн үзэсгэлэнт газар, түүх болон танин мэдэхүйн тухай “Орхон түшээ гол” гэсэн номыг сонирхож байна. Таалагдвал худалдаж авна даа” гэлээ.

Харин  залуус гадаад хэл сурахад зориулсан ном болон компьютер график, гэрэл зураг авах, фотошопын программ дээр ажилладаг номыг ихэд сонирхож байгаа харагдав. Энэ нь тэд техник технологи хурдацтай хөгжиж буй цаг үетэйгээ хөл нийлүүлж, өөрийгөө олон талаар хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй болсныг илтгэнэ. Бас нэг сонирхолтой зүйл нь зуны улиралд газрын зураг хамгийн их зарагддаг ажээ. Аялал зугаалгын улирал эхлэхээр авто замын сүлжээний зургийн эрэлт хэрэгцээ ихэсдэг байна. Залуус ном уншихаа больсон бус харин ч унших номынх нь хүрээ улам өргөжиж, уран зохиол гэхээсээ илүү өөрийгөө хөгжүүлэх, шинэ чадварт суралцахад туслах номыг уншдаг болсныг “Интер” номын дэлгүүрт нэг өдөр өнжихдөө мэдсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ