Энхийг сахиулагчлагчдыг төрийн одон, медалиар шагналаа

2019-06-18

Б.БЯМБАЖАРГАЛ

Энхийг сахиулах ажиллагаанд нэр төртэйгөөр үүргээ биелүүлсэн Монгол Улсын цэргийн багийн есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд анх удаа эмэгтэй цэргийн хүчин оролцож байгаагаараа онцлогтой. Ёслолын үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар болон цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

“Монгол Улсын зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, Даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах бэхжүүлэх ариун үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцохдоо манай энхийг сахиулагчид нэгэн зүтгэлээр ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэн ирснийг энэ өдөр онцлон хэлмээр байна. Ажиллагааны газар оронд цагийн байдал амаргүй байсан ч цэрэг хүний ёсоор тэсвэр хатуужил, ур чадвар, бүхнээ дайчлан үүргээ амжилттай гүйцэтгэсэн нийт бие бүрэлдэхүүндээ талархал илэрхийлье. Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай” гэж цэргийн багийн захирагч дэд хурандаа Б.Даваа-Очир хэллээ.

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй УАГБ-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэг хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн есдүгээр ээлжийн нийт 120 цэргийн алба хаагчдыг өнөөдөр шагнасан юм.

“Зэвсэгт хүчин анх удаагаа Афганистанд эмэгтэй цэргийн албан хаагчдаа илгээсэн. Манай баг шалган нэвтрүүлэх цэгийг хамгаалах, орон нутгийн эмэгтэйчүүдийг шалгах үүрэгтэй ажилладаг байсан. Би өөрөө шалган нэвтрүүлэх болон холбогч офицерийн үүргийг давхар гүйцэтгэсэн. Биднийг үүрэг гүйцэтгэж байхад шалган нэвтрүүлэх байранд машиндаа гар хийцийн тэсрэх бөмбөг байж болзошгүй тохиолдол илэрч бид зохих ёстой арга хэмжээг авч ажилласан. Бүх зүйл цагийн хуваарьтай завгүй байдаг учраас зургаан сарын хугацаа хурдан өнгөрлөө” гэж ЗХ-ний 013 дугаар ангийн сэтгэл зүйч,  дэслэгч Н.Мөнгөнчимэг ярилаа.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг бүрэлдэхүүн анх 2002 оноос оролцох болсон. Тэр цагаас хойш 17 жилийн хугацаанд НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд 10430 гаруй цэргийн алба хаагчийг илгээж мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ