Шилэн технологи ашигласан анхны ЭЕШ эхэллээ

2019-06-18

Б.БАЯРЖАВХЛАН

Монгол Улсын боловсролын салбарын 100 жилийн түүхэнд анх удаа Боловсролын үнэлгээний төв ЭЕШ-д шилэн технологиор бүтээсэн шууд засалтын машин нэвтрүүллээ. Энэ машиныг Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд авсан бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн юм байна.

Шалгалтын хуудсыг тус машин руу оруулахад нууцлалын баганан кодыг шууд уншиж, анхны оноог шууд хэвлэдэг бөгөөд цагт 1800 хуудас унших хүчин чадалтай аж. Энэхүү шалгалтын материалыг шууд засдаг машиныг өнгөрсөн онд Ховд, Орхон аймагт туршсан нь амжилттай болсон тул орон даяар ийн ашиглаж эхэлж байна. Улсын хэмжээнд шалгалтын 32 төвд 64 машин ажиллаж байгаа юм байна.

Боловсролын үнэлгээний төвийн дарга Ж.Ган-Эрдэнэ “Жилд дунджаар 40 мянган хүүхэд ЭЕШ өгдөг бол энэ жил 18130 сурагч шалгуулахаар бүртгүүлсэн. Энэ жилийн хувьд ЭЕШ-ын материалыг газар дээр нь шууд засч байгаагаараа онцлогтой. Өмнөх жилүүдэд шалгалтын дүн оноог 14 хоногийн дараа мэдээлдэг, шалгалтын үйл ажиллагаа ил бус байснаас дүн, оноондоо эргэлзэх асуудал үүсдэг байлаа. Харин одоо энэ шилэн технологийг нэвтрүүлснээр багш нарын ачаалал эрс багасахаас гадна орон нутгаас шалгалт өгч буй хүмүүст санхүүгийн зардал гарахгүй олон асуудлыг шийдэж чадсан юм” гэлээ. Түүнчлэн шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвөөс тусгайлан бэлтгэсэн харандаа баллуурыг ашиглах хэрэгтэй. Хэрэв өөр үзэг, бал ашигаглсан тохиолдолд машин уншихгүй гэдгийг сануулав.

Шилэн технологийг анх удаа улсын хэмжээнд ашиглаж нийслэлийн 23 дугаар сургууль дээр өмнөх оны төгсөгчдийн түүхийн хичээлийн шалгалтаар эхлэв. Шалгалтын хугацаа дуусмагц тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж анхны оноог шалгуулагчдад танилцууллаа. Харин анхны оноогоо мэдснээс хойш 24 цагийн дараа www.eec.mn цахим хаягаар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэмжээст оноогоо мэдэх боломжтой. ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн болон жагсаалтыг  энэ сарын 21-ний 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хаягны “шалгуулагчийн булан” хэсэгт байршуулах юм байна.

ЭЕШ-ын дүн бүхий батламж хуудсыг мөн энэ сарын 24-нөөс тараах юм. Улаанбаатар хотын энэ оны төгсөгчид дунд сургуулиасаа батламж хуудсаа авна. Харин орон нутгийн шалгуулагчид аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс авах юм байна. Батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.17  МЯГМАР  №123  (6090)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ