Японд ажиллах залууст хэлний өндөр шалгуур тавина

2019-06-18

С.УЯНГА

Японы Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад хоёр өдөр айлчлаад буцлаа. Тэрээр Гадаад хэргийн сайдын хувиар есөн жилийн дараа Монголд айлчилж  байгаа юм. Мөн энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 47 жилийн ой тохиож буйгаараа энэ удаагийн айлчлал онцлогтой болж буйг албаны хүмүүс хэлсэн юм.

Хорт хавдрыг эсийн түвшинд оношилно

 

Японы Гадаад хэргийн сайд Коно  Таро Ерөнхийлөгчид бараалхаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны хүмүүстэй Япон улсын буцалтгүй тусламжаар баригдсан Монгол-Японы сургалтын эмнэлгийн нээлтэд оролцсон юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилсан Японы Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол, Японы сургалтын эмнэлгийн нээлтийн туузыг хайчлав. Эмнэлгийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэн багш нар, доктор, профессорууд, оюутан залуус оролцов.

Энэ үеэр Ерөнхий сайд  өндөр мэдлэг ур чадвартай багш эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмжтэй сургалт, судалгаа оношилгоо эмчилгээний гурвалсан чиг үүрэг бүхий цогц үйл ажиллагааг Япон стандартын менежментээр явуулах болж байгаад талархал илэрхийллээ. Мөн анагаахын сургуулийн эмнэлзүйн сургалтад мэдэгдэхүйц дэвшил гарч, чадварлаг эмч эмнэлгийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж эх орондоо эмчилж чадахгүй байгаа өвчний тоо буурч, гадаад улс орон руу эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар явдаг иргэдийн урсгал багасна гэдэгт итгэж байгааг хэллээ.

Монгол, Японы сургалтын эмнэлэг нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан. Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтод тулгуурласан өндөр хүчин чадал бүхий тархины мэс заслын аппарат, хорт хавдрыг эсийн түвшинд оношлох дуран дүрс оношилгооны иж бүрдэл гэх мэт 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, мэс засал болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлжсөн эрүүлийн мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж сургалт-судалгаа-оношилгоо, эмчилгээний гурвалсан чиг үүргийг хэрэгжүүлэх юм. Тус эмнэлэгт ажиллах 3000 гаруй эмч мэргэжилтнийг 24 удаагийн сургалтад хамруулж бэлтгэжээ.

 

“Чухал улсдаа оройтож айлчиллаа” гэж хэлсэн

 

Японы Гадаад хэргийн сайд Коно Таро Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны уулзалт хийв. Энэ үеэр Японы Засгийн газрын санхүүжилтээр “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн нэгдүгээр шатыг амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглээд, хоёр дахь шатны санхүүжилтийг ойрын хугацаанд олгоход дэмжлэг үзүүлэх. Мөн  “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай иенийн зээл” төслийн дараагийн шатыг хэрэгжүүлэх хүсэлтийг Д.Цогтбаатар сайд тавилаа. Харин Гадаад хэргийн сайд Коно Таро хоёр орны худалдааг хоёр урсгалд тэлэх шаардлагатай болон  энэ удаагийн “Хааны эрэлд 2019” олон улсын хамтарсан хээрийн сургуулилтад Японоос 60 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож буйг тэмдэглэлээ. Уулзалтын үеэр Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах талаар эрчимтэй ажиллахаар тохирлоо.

Түүнчлэн  2020 оны Токиогийн олимп, паралимпийн наадмыг угтаж, соёл, урлаг,  биеийн тамир, спортын солилцоог өргөжүүлэхээр ярилцлаа. Айлчлалын талаар ням гаригийн үдээс хойш Японы Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мицүко Шино өдөр тутмын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Т.Коно сайд маш чухал улсдаа есөн жилийн дараа айлчилж байгаа нь цаг хугацааны хувьд оройтлоо гэдгийг хэлсэн. Японы аж үйлдвэр жижиг, дунд үйлдвэрлэл дээр тогтдог. Хоёр орны экспорт, импортод түлхүү анхаарч байна. Монголоос Япон руу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн технологид анхаарах хэрэгтэй. Монгол-Японы сургалтын эмнэлэг нээгдсэнээр иргэдэд ижил түвшний эрүүл мэндийн үйлчилгээ хүргэдэг болсон” гэлээ.

 

Японд ажиллах залуусаас аравдугаар сард шалгалт авна

 

Япон улс 14 салбарт гадаадаас ажиллах хүч авахаа илэрхийлээд байсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Япон улсад ур чадвартай ажилтан илгээх тухай хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулсан. Энэ талаар Японы Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мицүко Шино “Японы аж ахуйн нэгж байгууллагуудаас ямар салбарт хэдэн ажиллах хүч авах талаарх хүсэлт саналд үндэслэнэ. Одоогоор Монголоос хоёр салбарт ажиллах хүч авах хүсэлт ирсэн. Нөхцлийн хувьд хоёр шалгалт авна. Япон хэлний мэдлэгийн түвшинг тогтоох шалгалт авна. Нөгөөх нь Японд өөрийн мэргэжлээр ажиллах учраас тухайн мэргэжлийн ур чадварын шалгалт авна. Энэ хоёр шалгалтад тэнцсэн хариугаа Элчин сайдын яаманд авч очсноор визний зөвшөөрлийг гаргаж өгнө. Монголыг оролцуулаад есөн улсаас ажиллах хүч авах талаар ярьж байна. Монголын хувьд аравдугаар сараас эхний шалгалтыг авахаар төлөвлөж байна. Ирэх оноос шалгалтын тоог нэмэх байх. Авах ажилчдын тоо одоогоор тодорхойгүй байна. Ажилтан авах хүсэлтэй байгууллагуудын тоо болоод шалгалтад тэнцсэн иргэдийн тоо дүйцсэн тохиолдолд улам нарийвчлан ярилцана.  Япон хэлний шалгалтын хувьд JLPT-г өгсөн ч байж болно. Эсвэл ур чадварын зөвшөөрөл олгох шинэ хэлбэрийн шалгалт өгч болно. Япон хэлний шалгуур N4 буюу ахисан анхан шатнаас дээш байхаар заасан. Энэ нь Японд сурах хүүхдүүдийн өгдөг шалгалтын түвшин учраас тодорхой хэмжээний дүрмийн шалгалтууд орсон байдаг. Харин ажлын ур чадварын зөвшөөрөл авах гэж байгаа хүмүүсийн хувьд Японд ажиллаж, амьдрахад шаардлагатай буюу ажлаа ярилцах, тодорхой хэмжээний мэргэжлийн хэлээр ярилцах зэрэг ойлголцох түвшний хэлний мэдлэгтэй байх нөхцөл тавихаар тооцоолж байна. 14 салбарт хэлний түвшин адил байхаас гадна аль салбарт түлхүү ажиллахаас хамаарч япон хэлний мэдлэгийн түвшин харилцан адилгүй байна. Тухайлбал, сувилагчаар очих гэж байгаа эмнэлгийн чиглэлийн мэргэжлийн үг  хэллэгийг мэддэг байх шаардлагатай” гэсэн мэдээллийг өглөө.

Японы Гадаад хэргийн сайдын албан ёсны уулзалтуудын дараа  гэргийн хамт бэсрэг наадам үзэж, Чингисийн хүрээнд хүндэтгэлийн зоог барьснаар айлчлал өндөрлөж өчигдөр өглөө нутаг буцсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.17  МЯГМАР  №123  (6090)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ