Б.Мэргэн: Гишүүдийн халдашгүй эрх парламентын дархлааг хамгаалах ёстой

2019-06-17

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Веритас Партнерс” хуулийн фирмийн захирал  хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнийг урьж ярилцлаа.

 

ҮГ ХЭЛЭХ, ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХ ХАМТДАА БАЙЖ ЧАДВАЛ ПАРЛАМЕНТ  ДАРХЛААТАЙ БАЙНА

 

-Англи, Францад язгууртнууд болоод парламентын хооронд тэмцэл өрнөсөн. Парламент иргэдийн эрх ашгийн үүднээс улсын бодлогыг тодорхойлдог бол хаад ноёд парламентад нөлөөлөх явдал их байснаас тэмцэл эхэлсэн байдаг. Ингэж парламент гэдэг бол ямар нэг байдлаар бусад субьект, институцийн нөлөөнд автахгүй байх ёстой гэсэн үзлийг гаргаж ирснээр парламентын дархлаа анх яригдсан.

Үүнийг одоогийн нөхцөлд буулгавал парламент Засгийн газар, шүүх эрх мэдлийн нөлөөнөөс ангид ажиллах ёстой. Хууль сахиулах байгууллага Засгийн газрын бүтцэд байна. Гэтэл Засгийн газарт хяналт тавьсан парламентын гишүүнийг бүтцийн байгууллагуудаа ашиглаж улс төрийн зорилгоор гэмт хэрэгт холбогдуулан шалгаад эхэлбэл яах вэ. Шүүх үндэслэлгүйгээр яллаад эхэлбэл парламентын хараат бус ажиллах нөхцөл алдагдана. Иргэдийн эрх ашгийг хамгаалахаар сонгогдсон парламент Засгийн газар, шүүх эрх мэдлээс хамааралтай болчихвол бие даан ажиллаж чадахгүй. Тиймээс парламент ямар ч нөхцөлд хараат бус ажиллаж, өөрийн гэсэн дархлаатай байх ёстой.

Гишүүд парламентын бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хэнээс ч айхгүй  үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж  байгаагаар парламентын дархлаа илэрч байдаг. Хэлсэн үг нь хэн нэгэнд таалагдахгүй бол буцаад дарамт ирэх вий гэдгээс айж,  мөн цөөнх нь олон суудалтай намаас эмээдэг бол парламентын дархлаа сул байна гэсэн үг. Түүнчлэн улс төрийн зорилгоор гэмт хэрэгт гүтгэж халдашгүй байдалд нь нөлөөлөх эрсдэлтэй бол мөн л дархлаа сул. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, халдашгүй байх эрх нь хамтдаа байж чадвал парламент  дархлаатай байна гэсэн үг. УИХ-ын гишүүнд  эдгээр эрхийг олгож байгаа нь хувь хүн биш парламентын бие даасан байдал, дархлаатай холбоотой. Парламентын дархлааг хамгаалахын тулд гишүүд улс төрийн зорилгоор эрхээ барьцаалуулах ёсгүй. Гэтэл манай гишүүд халдашгүй эрхийг хувь хүнд олгогдсон мэт аашилдаг нь парламентын дархлааг сулруулдаг.

АТГ, НҮБ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх алба, авлигатай тэмцэх олон улсын байгууллагууд “Танай улсад УИХ-ын гишүүний халдашгүй байдал хэтэрхий өргөн хүрээнд байгаа учраас гэмт хэргийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа. Гишүүд чинь халдашгүй байдлаараа халхавчлаад авлигын хэргүүдийг шалгуулдаггүй. Прокуророос хүсэлт тавиад ч хэрэгждэггүй” гэсэн саналыг удаа дараа тавьж ирсэн. Хууль нь ч саяхныг хүртэл хязгаарлагдмал байсан. УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримттайгаа баригдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах эрхтэй байсан. Бусад үед орон гэр, ажлын байр, машин, гар утас, биед нь нэгжлэг хийж шалгаж болдоггүй. Гэтэл үзлэг нэгжлэг хийхгүйгээр хэргийг илрүүлэх боломжгүй. Дээрээс нь авлигын хэрэг үйлдэл дээрээ баригдах магадлал маш бага. Тиймээс бидний хэсэг хуульчид 2017 онд энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж эрх бүхий байгууллагаас шалгаж байгаа тохиолдолд санал оруулж УИХ бүрэн эрхийг түдгэлзүүлэх зохицуулалтыг нэмсэн. Гэвч прокуророос хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах хүсэлтийг УИХ-д оруулсан ч хүлээж аваагүй. Хууль нь байгаад хэрэгжүүлэхгүй байгаа нь гишүүдийн мэргэжлийн ёс зүй, ёс суртахуун ямар байгааг харуулж байна. Хуульзүй, дотоод хэргийн сайд нь наад хэргийг чинь нь илрүүлсний дараа түдгэлзүүлье гэсэн утгатай юм хэлээд авч үлдсэн. Нотлох баримтаа цуглуулаад хэргийг илрүүлчих юм бол түдгэлзүүлэх ямар шаардлагатай юм.

 

ГИШҮҮН СОГТУУГААР МАШИН БАРЬЖ ЯВААД ТОРГУУЛАХААР БОЛ УИХ-Д БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ТАВИНА

Блиц

Мэргэжил:
Хуульч, өмгөөлөгч

Боловсрол:
2009 он: МУИС-ийн Хуульзүйн сургуулийн бакалавр
2014 он: МУИС-ийн Хуульзүйн сургуулийн магистр

Ажлын туршлага:
2009-2012 он: Хувийн хэвшилд
2012-2017 он: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд ахлах референт
2017-2019 он: “Веритас Партнерс” хуулийн фирмийн захирал хуульч, өмгөөлөгч

-Парламентын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохоос  бусад тохиолдолд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн ганцхан заалт бий. Тэгэхээр гэмт хэрэгт холбогдуулахгүйгээр доромжилж болох юм шиг. Гэтэл гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн бол ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй. Бусад улс оронд бол төрийн албан хаагчтай адил сануулж, цалинг нь бууруулж, үг хэлэх эрхийг нь хасч, ноцтой бол чөлөөлдөг. Иргэний нэр төрд халдлаа гэж үзэх юм бол их хурлын гишүүн бичгээр тайлбар өгдөг. Мөн бүх улс оронд “Та парламентын бүрэн  эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоос бусад бүх үгэндээ хариуцлага хүлээнэ шүү” гэсэн ерөнхий зохицуулалт байдаг. Гэтэл манайд хаана ч юу ч хэлсэн хариуцлага хүлээх нарийн зохицуулалт байхгүй. Хууль хэт ерөнхий байхаар ямар ч байдлаар тайлбарлаж, өөрсдөдөө ашигтайгаар хэрэглэх боломж олгодог. Тиймээс хууль тодорхой, ойлгомжтой, тогтвортой байх нь эрхзүйн хэм хэмжээний шалгуур юм.

Парламентын гишүүний үг хэлэх эрх чөлөөтэй холбоотой ганц заалт нь хэт эрх мэдэл олгосон. Үг хэлэх эрх чөлөө ямар үед хэрэгжих, хэзээ эхэлж дуусах. Дуусгавар болох үндэслэл, хүлээх хариуцлага гээд нарийвчлах ёстой. Манай одоогийн хуулиар бол Их хурлын гишүүн хэн нэгнийг гэмт хэрэгт холбогдуулж гүтгэж, доромжиллоо гэхэд энгийн иргэний адил Зөрчлийн хуулиар цагдаад хандаж болно. Гэтэл Их хурлын тухай хуульд Захиргааны буюу одоогийнхоор бол Зөрчлийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байхад Зөрчлийн хариуцлага хүлээлгэж болохгүй гээд Дэгийн хуульд заачихсан. Уг нь ямар нэг зөрчил гаргасан бол 7-30 хоног баривчлагдах юм уу эсвэл торгуулах хуультай ч өндөр албан тушаалтанд үйлчлэх боломжгүй. Жишээлбэл, Их хурлын гишүүн согтуугаар машин барьж яваад торгуулахаар бол УИХ-д бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавих эсвэл гишүүнийг торгуулахын тулд чуулган хуралдах юм. Зөрчлийн хууль батлагдсаны дараахан дөрвөн гишүүн Төрийн ордны зүүн талд гарцгүй газраар явж байсан зураг нийтлэгдэж  цагдаа ч торголоо гээд өнгөрсөн. Гэтэл тухайн үед ямар үндэслэлээр торгосон нь тодорхойгүй. Яахав тухайн үед гишүүд өөрсдөө торгуулья гээд торгуулсан байж болно. Зөвшөөрөхгүй бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хэрэг гарна. Ийм л нөхцөл байдалтай байна. Дан ганц Их хурлын гишүүн биш Үндсэн хуулийн цэц, ҮАБ-ын Нарийн бичгийн дарга, Дээд шүүх, ШЕЗ-ийн гишүүд бүгд ийм дархан эрхтэй. Гэмт хэрэгтэй холбогдуулж бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэнгүй гээд байгаа ч энэ мэт жижиг мөртлөө “том” асуудлыг яагаад хэн ч ярихгүй байна вэ. Гэтэл Зөрчлийн хуулиар хэдэн зуун үйлдлээр хүмүүс алхам тутамдаа хариуцлага хүлээж байна.

 

НЭГ ТОЙРГИЙН СИСТЕМЭЭР ПОПУЛИСТУУД Л СОНГОГДДОГ

 

-Сонгуулийг нэг тойргоор явуулна гэдэг утгагүй. Ерөнхий зохицуулалт нь нэг тойрог боловч хэрэгжүүлэх нарийн зохицуулалт нь ямар байх вэ гэдэг тодорхой байх ёстой. Хуучин томосгосон мажоритор системд нэг тойрогт дөрвөн хүн сонгогдох боломжтой байхад дөрвөн хүн дугуйлдаг байсан. Нэг тойрогт 76 гишүүн сонгогдоно гэхээр 76 хүн дугуйлах юм уу нэг хүн сонгох юм уу. МАН-ын ярьж байгаагаар нэг хүн дугуйллаа гэхэд 30 гаруй намаас 76 хүн нэр дэвшихэд хэдэн зуун хүн болно. 1000 хүнээс нэгийг дугуйлна гэвэл сонгогчдын боловсрол ямар байгаа билээ. 2008 онд Баянгол дүүргийн бүх айлаар орсон судалгааны багт ажиллаж байхад “Та хамгийн сайн мэддэг дөрвөн улс төрчийнхөө нэрийг нэрлэнэ үү” гэхэд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяраас өөр нэр бичиж чадаагүй хүмүүс маш олон байсан. Гэтэл 1000 хүний мөрийн хөтөлбөр уншиж судлаад, бодсон хүнээ сонгох уу гэдэг эргэлзээтэй.

Хоёрдугаарт,  сайн, муугаараа танигдсан, олон жил улстөрд явж байгаа хүмүүс л сонгогдох магадлалтай. Бусад улс оронд бол 10 мянгаас доошгүй санал авч байж сонгогдох шалгууртай. Гэтэл манай улсад 100 хүний санал авч төлөөлөх юм уу. Сонгуулийн нэг тойргийн ийм жишээ Япон, Солонгос, Тайванд байсан ч бүгд татгалзсан.  Яагаад гэхээр нэг тойргийн системээр ихэвчлэн популистууд  сонгогддог юм байна гээд татгалзсан. Иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудлыг барьж аваад шийдвэрлэхгүй байсан ч хамаагүй эрх мэдэлд хүрч, хөрөнгөтэй хүмүүс рүү дайрдаг хүмүүс бол популистууд.Ямар ч шийдэлгүй, хэзээ ч асуудлыг шийдвэрлэдэггүй, шийдэх ч сонирхолгүй хүмүүс иргэдийн итгэл дээр  тоглож сонгогддог. Дээр нь авлига цэцэглэдэг. Сонгуулийн зардал 10-15 хувиар автоматаар өсдөг гээд бусад улс орнууд нэг тойргийн системээс татгалзсан. Одоо энэ тогтолцоо улс төрийн хамгийн тогтворгүй Афганистан болон 297 мянган хүн амтай номхон далайн өмнөд хэсгийн арал Ванавату гэсэн хоёр улсад л байдаг юм билээ.

Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх аймаг, суманд хүрч ажиллах гэж юу болдог билээ. Гэтэл 1000 хүн 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж чадах уу. Эсрэгээрээ улс даяар нь хамарсан тэр их зардлыг хөрөнгө мөнгөтэй хүн л гаргаж чадна. Бие даагч гарах магадлал маш бага. Нөгөө талаас манай улсад нэг тойргийн системээр явуулах хэмжээний их цаг хугацаа, хөрөнгө мөнгө бий юу гээд асуудал, бэрхшээл их бий.

 

ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ УЛИРААН СОНГОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр цэцийн асуудлыг цэгцлэх шаардлагатай. Үндсэн хуульд улс төрийн болон хуулийн өндөр мэргэшсэн хүнийг цэцийн гишүүнээр томилно гэж заасан. Гэтэл цэцийн гишүүнийг томилоход хуульзүйн болон улс төрийн хоёулангийнх нь шаардлагыг хангасан байх ёстой юм уу, эсвэл аль нэг нь байхад болох юм уу гэсэн маргаан гардаг. Томилохдоо аль нэг нь байхад болно гэж тайлбарлаад улстөрч хүн томилдог. Цэцийн гишүүнээр геологич, инженер, түүхч хүн байж л байдаг. Үндсэн хууль баталснаас хойшхи үеийн цэцийн гишүүдийг авч үзвэл хуулийн мэргэжилтэй хүн цөөхөн байж мэднэ. Тэгэхээр цэцийн гишүүд Үндсэн хуулийг зөв тайлбарлахын тулд зайлшгүй хуульч мэргэжилтэй байх шаардлагатай. Мөн цэцийн гишүүнийг улираан сонгохгүй байх хэрэгтэй.  Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхийн ч юм уу “халаасны” хүмүүс томилогдлоо гэхэд дахин сонгогдохын тулд санал болгож томилуулсан субьектдээ үйлчлэхээс өөр аргагүй. Ингэж байж улиран сонгох магадлалтай. Гэтэл цэцийн гишүүнээр нэг л удаа сонгогддог болбол хараат бусаар ажиллах боломж нэмэгдэнэ.

Манайх парламентын засаглалтай мөртлөө нарийн харахаар холимог юм уу Ерөнхийлөгчийн засаглалтай юм шиг тодорхойгүй байдал үүссэн. Цэвэр парламентын сонгодог засаглалтай улс бол  Ерөнхийлөгч парламентаас сонгогдож, Засгийн газар, УИХ-ын эв нэгдлийг хангаж асуудлыг гацаанаас нь гаргадаг. Гэтэл манайд Ерөнхийлөгч хэтэрхий их эрх мэдэлтэй, оролцохгүй зүйл байхгүй. Тиймээс МАН-аас өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж оруулж ирсэн болов уу гэж харсан. Харин Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг өгсөн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан байна лээ. Улсын Их хурал 19 гишүүний саналаар хууль баталж байхад 16 нь сайд байх жишээтэй. Уг нь УИХ Засгийн газарт хяналт тавих ёстой байтал эсрэгээрээ хүчгүй болж байна. Тиймээс бусад улс орнуудтай адил Гадаад харилцаа, Хуульзүй, дотоод хэргийн сайд ч юм уу үндсэн чиглэлийн яамдын сайдууд “давхар дээл”-тэй байж болох юм. Энэ парламентад Үндсэн хуулийг өөрчлөх эрх байна уу гэж яригдаж байна. 57-оос дээш гишүүн буюу хуульзүйн боломж нь бий. Гэхдээ ёсзүй, суртахууны хувьд эрхтэй юу гэдгийг ямар шалгуураар шүүх ёстой зэргээр бодох л ёстой байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.17  ДАВАА  №122  (6089)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ