“Polit”-ийн нэг өдөр: “Пөөх ээжээ энд сармагчин явж байна”

2019-06-14


Б.ДОЛЖИНЖАВ

“Пөөх ээжээ энд сармагчин явж байна, хөөх аварга том мэлхий, ямар аймаар юм бэ матар байна” гэж чанга орилон гүйлдэх хүүхдүүдийн чимээ цуурайтсан “Ulaanbaatar zoo and aquarium”-д бид нэг өдрийг өнгөрөөсөн юм. Загас, хулгана, туулай, могой, зараа, тоть, матар, сармагчин гээд тоочоод байвал олон төрлийн амьтан энэ хүрээлэнд байдаг аж. Киноноос харж байсан сармагчингаа анх удаа эндээс бодитоор хараад их баярлав. Торонд буй хоёр сармагчин бол  Мазак-резус буюу Нохой сармагчин юм байна. Бүлтгэр том дугуй хар нүдтэй тул үнэхээр өхөөрдөм харагдав. Тэд хоорондоо зодолдож, хана тааз руу үсэрч ер зүгээр суудаггүй их хөдөлгөөнтэй амьтан бололтой. Торных нь дээд хэсэгт тогтоосон олсноос барьж ийш тийш үсэрнэ, олсон дээрээ тавтай гэгч нь сууж юм иднэ.

Цааш явбал Кайман матар амаа ангайгаад дээш харсан байдалтай байгаа нь үнэхээр аймаар санагдлаа. Урт сүүлтэй, сүүл нь дээд хэсэгтээ арзгартай, хөлийн таван хуруу нь хурц хумстай матар гэх энэ амьтан бидний төсөөлдөг шиг л айдас төрүүлэм амьтан юм байна. Хамгийн сонирхолтой нь хамгийн том Кайман матар нь хоёр, гурван яст мэлхийтэй хамт нэг аквариумд амьдардаг аж. Биднийг ажиглан зогсоход яст мэлхий рүү дайрах шинж үгүй. Харин ч эвтэй нь аргагүй зэрэгцэн хэвтэж байсан юм. Хамт байсан яст мэлхий нь улаан чихт яст мэлхий юм. Нүднийхээ ар талд тод улаан өнгийн толботой тул ийн нэрийджээ. Тохиромжтой нөхцөлд 40-50 жил насалдаг аж. Бүлтгэр том нүдтэй, гахайн хамартай саарал  яст мэлхийний урагш цоройсон том нүхтэй хамар нь л анхаарал татаад болдоггүй. Мөн далайн ногоон яст мэлхий гэж том биетэй хөл болон толгой нь ирвэсэн цоохор, хүрэн бор хад чулуу мэт харагдах хатуу хуягтай юм байна.

Дараагийн танхимд орвол далайд ирсэн мэт олон төрлийн загастай аквариум биднийг угтлаа. Цагаан, саарал, хар өнгөтэй өмнө нь харж байсан энгийн загаснаас эхлээд хайрсгүй, ирвэс мэт хар алаг толботой, толгой дээрээ хэдэн ширхэг эвэр мэт урт зүйлтэй урьд хожид харж байгаагүй сонин загас байлаа. Далавчийг нь хальт харвал чих шиг нь харагдсан тул анх загас биш байх гэж бодсон юм. Гэтэл энэ нь толбот буюу Анголын мэлхий цулбуурт загас юм байна. Эвэр мэт зүйл гэдэг нь амны урд хэсэгт дээр доороо дөрвөн ширхэг тэмтрүүлтэй, үүнийхээ тусламжтайгаар орчин зайгаа мэдэрдэг аж. Усны сээр нуруутангуудаар хооллодог махчин загас Матар хошуут цурхай,  нас биед хүрсэн үедээ хоорондоо тулалдвал нэг дайралтаар нэгнээ устгадаг гэх хутга мэт биетэй Энэтхэгийн хутга загас, Улаан сүүлт Амазоны цулбуурт загас, Аксолотль буюу Мексикийн явдаг загас, Мальгашийн шөнийн аварга загаснаас эхлээд гоёмсог загас ч бас байлаа. Тухайлбал, аквариумын хамгийн гоёмсог загасны нэгт ордог улбар шар өнгөтэй, зээрэнцэг хэлбэрийн биетэй, биеэ тойрсон урт сэрвээ сэлүүртэй Дискус ч энд байлаа. Зарим загасны аквариум дотор хэдэн ширхэг гавлын яс байсан нь гайхам байлаа. Хаа нэг амьтны дэлгүүрт хардаг нэгэн ижил загаснуудаас өөр өвөрмөц өнгө, хачин сонин хэлбэртэй загас олон байдгийг энэ хүрээлэнд ирээд мэдлээ.

Нэг нь үхэхэд нөгөө нь гуниглан үхдэг тавилантай “Хайрын шувуу”

Биднийг орох үед үүдний ширээн дээр нэгэн тоть байсан юм. “Энэ тоть ярих уу” гэж нэг үйлчлүүлэгч асуухад “Ярина гэхдээ Монгол хэл сураагүй. Хятадаар хэдэн үг мэднэ” гэж хэлэхэд өөрийн эрхгүй гайхав. Оюун ухаант хүн бид ч сурч чадахгүй, хэцүү хэмээн зугтдаг хятад хэлийг тоть шувуу сурчихсан байх нь сонин. Тус хүрээлэнд хүний дуу авиа дуурайх чадвараараа эхний 10-т ордог, зааж өгсөн дасгалыг амархан сурдаг сэргэлэн цовоо Долгионт тоть байдаг аж. Тотиноос эхлээд сонин, содон шувуу олон байснаас хосоороо байх “Хайрын шувуу” бидний анхаарлыг ихэд татсан юм. Өдний өнгө нь ихэвчлэн ногоон боловч цээж, толгой, хүзүү, зэрэг зарим хэсэг нь ягаан, улаан, цэнхэр, шар өнгөтэй болохоор солонгон шувуу гэж нэрлэмээр үзэсгэлэнтэй санагдав. Бие биедээ халамжтай, нэг нь үхэхэд нөгөө нь гуниглан үхдэг тул “Хайрын шувуу” гэж нэрлэсэн байна. Хосоороо амьдрах хувьтай нэг нь үхэхэд нөгөө нь хорвоог орхидог эмгэнэлт хувь заяа дан ганц хун шувууных биш гэдгийг мэдэж авсан юм. Дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнт шувуу гэгддэг хөх, ногоон, алтлаг олон гоёмсог өнгөнөөс бүрдсэн өдтэй Энэтхэг тогос энд байлаа. Илбэчдийн үзүүлбэртээ ашигладаг хослон амьдардаг их дөлгөөн тайван Египетийн цагаан хүрэлзгэнэ тагтаа,  Бали арлын Жава бялзуухай, одой алмазан хүрэлзгэн тагтаа, гургуул, тогосон сүүлт буюу Босоо сүүлтэй тагтаа гээд л нэрлээд байвал урьд хожид харах нь байтугай нэрийг нь сонсож байгаагүй хайр татаж, нүд хужирлам шувуу энд олон байсан юм.

Цааш явах тусам хачирхалтай сонин амьтадтай олонтаа таарах тул тус хүрээлэнгээс гармааргүй л  санагдлаа. Тухайлбал, Солонгон хавч, Флоридагийн цэнгэг усны хавч, Говийн дэлдэн зараа, Азийн жирх, өмхий хүрэн, хэрэм, мануул гэсэн сонин содон амьтдыг зөвхөн “Ulaanbaatar zoo and aquarium”-аас харж болно. Солонгон хавч нь Номхон далайн дулаан эрэг болон шүрлэн арлуудын дунд орчимд тархан амьдардаг 10 хос хөлтэй хавч юм. Хөлнүүд нь их буюу цээжинд нь шууд холбогддог. Хамгийн урд талын хос хөлөндөө бахь хэлбэрийн том хумстай. Энэ хавчуурын тусламжтайгаар ан хийж, биеэ хамгаалдаг юм байна. Харин Флоридагийн цэнгэг усны хавч нь урд хөлийн хос хавчаар нь том, эр хавч нь тод өнгөтэй байдаг аж. Говийн дэлдэн зарааны тухайд сэрснээсээ хойшх хэдэн өдрийг гагцхүү идэх юм эрж хайхад л зориулдаг байна. Сибирийн буюу Азийн жирх Евроази тивд байдаг жирхийн овгийн цор ганц зүйл юм. Хойд хөл урд хөлнөөсөө урт, нуруун дээрээ таван ширхэг хар судалтай, гэдэс нь цагаан, сүүл нь саарал өнгөтэй. Хоолны хувьд хушны самар иддэг тул тор нь самарын ясаар дүүрэн байх аж. Мөн энэ хүрээлэнд Зүүн Азийн хамгийн том  могойнуудын нэг болох хоёр метр урттай Амарын гулсуур, рашааны гэсэн олон төрлийн могой байлаа. Хүмүүст Монголд байдаггүй ховор амьтдыг үзүүлж танин мэдэхүйн ертөнцөд нь үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Ulaanbaatar zoo and aquarium”-ийн хамт олонд  талархахын сацуу сонин содон бүхэнд дуртай хэн бүхнийг нэг өдөр энд саатаарай гэж хүсье. Тус хамт олон хүмүүсийн танин мэдэхүйн ертөнцийг тэлэхийн хажуугаар хүүхдүүдийг дэмжсэн үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцдогийг үүдэнд нь өлгөөстэй талархлын бичгүүд батлан харуулсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ