Ариусахуйн сэтгэлийн болор орд

2019-06-14

(уянгын эссэ)

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, орчуулагч Бадарчийн ХИШИГ-УНДРАЛ

Зуу зуун жил хаашаа одном… хэмээн өөрийн дотоод хүмүүн заяатайгаа хуучлан удаан бодсоноо сая л нэг мэдэрнэм… Сэрхүйн гэрэлт агшин надад учрал мэт ийнхүү солигдох мөчид анир чимээгүйхэн, зүрх сэтгэлээс минь огторгуйд цойлох пуужин лугаа сүрлэгээр мэдрэмж төрөхүйд би бээр нүдээ анихад сэтгэлийн толинд “Ариусахуйн сэтгэлийн болор орд” төсөөлөгдөөд явчих ваа.

Хотын дээр бороо зөөлөн шивэрсээр л… Эртний буурал түүхийн чулуу замаар намайг ийнхүү намдуухан алхаж явахад “өвгөдийн задлаагүй нууцхан захидал шиг, “өнө эртний өнгөрсөн түүхийг халуун амьсгалтай нь хадгалан” буй сүрлэг “Манба-Дацан” хийд нүдний өмнө амилаад босоод ирэх нь тэрээ! Хийдийн дээр бөөгнөрөх чонон саарал үүлсийг мандах нарны туяа хэдхэн хормын агшнаа үлдэн хөөхөд амар амгалангийн язгуур өлгий Манба-Дацан хийд бүхэл бүтэн буйгаараа сүрлэгээр оршином.

Эртний сайхан ерөөлөөр эрмэг Монголчуудад заяасан энх мэндийн учрал дүүрэн Манба-Дацан хийд хэмээн миний бие авгайлан уулга алдан залбирлаа. Залбирал маань замбуулин хорвоогийн бас нэгэн тусгал шүү дээ гэж газарт сөгдөн гурвантаа мөргөнөм. Эргэн тойрон чив чимээгүйхэн… Хийдийн хоёр талд сүрлэг хүрэн хадан уул мэт бат бөхийн бодьгал ч юм уу эсвэл харуулын хоёр хөлөгт баатрууд шиг дүнхийсэн хос байшингууд орших нь сүрлэгхэн санагдана.

Өнгөрсөн одоо ирээдүй гэх энэ гурвын дундах төв цэгт миний бие сэтгэлийн алтан залбиралдаа сүслэн нар зөв тойруулан мөргөмүй. Нүдний чиг баримжаагүй байсан харанхуй цаг дор өвгөдийн өргөн боловсрол холч алсыг харсан язгуур мөн чанараараа эрүүл Монгол хүмүүнийг өдгөө цаг үе хүртэл гэрэл сүүдэр дундуур авч явж эрдэм ухаан авьяас билгээ уламжлуулсан өвгөд минь, өвгөд минь өндөр өндөр уулс болсон та нартаа хорин нэгдүгээр зуунд амьдарч байгаа хонгорхон сэтгэлтэй яруу найрагч ахин дахин залбирахыг минь зөвшөөрнө үү.

Он цаг урсах тусам оройн дээд залбирал болсон энэ эрхэмсэг хийдийг буй болгоход ороод өнгөрөх бороотой адилхан амархан байгаагүй нь ойлгомжтой. Түүхийн халуун хүйтэн салхин дунд бодьгал шинжээрээ оршисоор байсан уу, үгүй юу. Сэтгэлд буй судар номынхоо хуудсыг санаа алдах амьсгалынхаа чинээгээр эргүүлэн сөхөн үзвээс “Манба-Дацан” хийд нь Монгол улсад уламжлалт, анагаах ухааны сургалт, эмнэлэг, эмийн үйлдвэр, өв уламжлал, түүх соёлыг цогц байдлаар нь орчин үеийн хөгжилтэй нь уялдуулан хөгжүүлж байгаа Монголын анхны томоохон байгууллага гэдэг мэдээлэл төдийнхнөөр явсан миний бие язгуур бүхнийг нүдээр харж зүрхээрээ мэдрэх алтан боломжтой учрах нь тэрээ! Учир хэмээвээс түүх бүхэн өөр өөрийн гэсэн хувь заяатай байдаг нь хэзээний билээ.

Эл бүхнийг тодруулан тольдох аваас уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, сургалт, эмчилгээ явуулж байсан Манба Дацангуудыг 1938 оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеэр устгасан түүхтэй бүлгээ. Тухайлбал тэр үед III Богд Ишдамбийнямын 1760 онд санаачлан Их хүрээнд байгуулсан “Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд”ийг цаг үеийн тоглоом болсон хэдэн хүмүүс устгажээ. Тиймээс тус хийдийг дахин сэргээх, өмнөх хийдийн уламжилж ирсэн сургалт номын үйл ажиллагааг тэр хэвээр нь эрхлэх нүсэр ажлыг оюун бодол, эрдэм ухаан, зүрх сэтгэлдээ ачаатай тэмээ шиг үүрч явах заяагдмал хувь ерөөл гагцхүү Монгол Улсын Хүний Гавьяат эмч, эрдэмтэн, доктор профессор Хамба лам Д.Нацагдорж абугайд судрын ёсоор өвгөд минь даатгасан мэт санагдана. Эл гэрэлт үеийг зурхайн зуралгаар зурж үзвээс тэрээр энэхүү буянт үйлсийг 1990 онд эхлүүлсэн түүхтэй. Манба Дацангуудын нийгэмд үзүүлж байсан үйл ажиллагаа олон жил хаалттай байсныг дахин сэргээснээр уламжлалт анагаах ухааны хөгжлийн шинэ үеийн алтан хуудсыг нээсэн гэж хэлж болох бүрэн үндэстэй юм.

Ардчилалын салхи сэвэлзсэн 1990 онд Монгол оронд шинэчлэлийн нөлөөгөөр ард иргэдийн шашин шүтлэг, уламжлалт анагаах ухааны сургалт, эм эмчилгээ, өв уламжлал, зан заншил дахин шинээр сэргэн хөгжих улс төр, нийгмийн хувьд таатай нөхцөл торгоны хээ нийлэх шиг эртний ерөөлөөр бүрэлдсэн билээ. Өөртэй минь ийнхүү бодлын сэжүүрт хөтлөгдсөн тагтаанууд гүвтнэн ахиад л нам гүмхэн үргэлжилнэм… Миний зогсож буй энэхэн орон зай бол гурван чанарын язгуур амин холбоос буюу. Учир хэмээвээс хоймор зүгт Манба-Дацан хийд, зүүн талдаа Оточ Манрамба их сургууль, баруунтаа талд нь Манба-Дацан эмнэлэг оршином. Өөртөө оноогдсон энэ орон зай, цаг хугацааг ахин дахин мэдэрхүй дор далай дундах бяцхан арал мэт. Эсвэл эргэн тойрон дахь харгис зэрлэг металын урсгалаар хүрээлэгдсэн аугаа их “Ариусахуйн сэтгэлийн болор орд” хэмээн Манба-Дацан хийдийг нэрлэвээс зохилтой буй за. “Амин хувийн ашиг өвсний шүүдэртэй адил, ард олны ашиг өндөр тэнгэртэй адилыг хорин нэгдүгээр зууны Монгол түмэнд мэдрүүлэхийн төлөө зүтгэж сэтгэл зүрх, оюун бодол, эрдэм ухаанаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа Монгол Улсын Хүний Гавьяат эмч, эрдэмтэн, доктор профессор Хамба лам Д.Нацагдорж танаа бахархахыг минь зөвшөөрнө үү.

“Эрүүл явбал улсын наадам үзнэ” хэмээх эрхэмсэг итгэлт үгийг таны амидаа болсон их зохиолч Д.Нацагдорж таниар дамжуулан хорин нэгдүгээр зууны оюуны талхыг барьж хүнд ачааг нь үүрэх өнөөгийн Монгол түмэнд хүргэх эртний сайхан ерөөлтэй байжээ. Анир чимээгүй ариусахуйн сэтгэлийн орд болсон Манба-Дацан хийдийн эрхэм дээд бурхдад гурвантаа мөргөн гадаалахад дотоод сэтгэл минь өөрийн эрхгүй ариусан гэрэлтмой. Өөрөөс тань цацарсан гэрэл бүхэн өрөөл бусдыг гийгүүлэх болтугай хэмээн дулдуйтахгүйгээр бахархан бичихийг яруу найрагч миний бие хүсэж байна. Монгол хүн монголын баялаг болохоор Манба-Дацан хийд рүү цуврах ардын зам балрахгүй ээ дээ хэмээн нарлагхан зуны энэ өглөө гэгээн бодолд хөтлөгдөн сэтгэлийнхээ чавхдсыг хөглөн зогсоход юутай сайхан юм бэ…

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ