Ахимаг насныхан илүүдэл жинтэй тэмцэхэд хоолны дэглэмээс илүү дасгал хөдөлгөөн үр дүнтэй

2019-06-14

-Хэвлийн өөхлөлттэй тэмцэхэд хоол сойхоос илүү цагийн хуваарьтай дасгал хөдөлгөөн илүү тус нэмэр болдогийг эрдэмтэд нотолжээ-

Д.ЭНХЭЭ

Нас ахисан хүмүүс илүүдэл жинтэй тэмцэхэд хоол хүнснээс илүү биеийн дасгал хөдөлгөөн илүү тохирно хэмээн ОХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны ахмадын орон тооны бус ерөнхий эмч Ольга Ткачева ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө онцолсон байна.

“Нас ахихад таргалалт ер бусын гэдгийг бүгд мэднэ. Нэг талаас, тодорхой бодисууд ялгаруулж, тэдгээр нь зүрх – судасны өвчлөлийн эрсдэлд хүргэдэг хэвлийн өөхний хэмжээ нэмэгдэнэ, нөгөө талаас, булчингийн масс багасдаг. Тийм учраас нас өндөр болсон хүний хувьд хоол хүнсний ямар нэг хатуу хориг хязгаарлалт биш, харин ч ийм зөвлөмжийг өгөхдөө болгоомжтой хандах ёстой, үүний оронд өөрийнхөө боломжийн хүрээнд биеийн ачаалалтай байх явдал чухал юм”  хэмээн Ткачева тайлбарлажээ.

Амьдрах хугацааг нэмэгдүүлэхэд биеийн тамирын дасгалууд тус дөхөм үзүүлэхийн хамт нас ахихын хэрээр биеийн тэнхээ тамир сулрахаас сэргийлдэг. “Жишээлбэл, “Москвагийн урт наслалт” хөтөлбөрт биеийн ачааллыг нэмэгдүүлэх зарчмыг баримталдаг юм. Энэ утгаараа, Москвад гагцхүү ахимаг насны хүмүүсийн бие бялдрын нөхөн сэргээлтийг  сайжруулах үүднээс л нийгмийн албад эрүүл мэндийн байгуулагуудтай хамтран ажилладаг” хэмээн шинжээч дурджээ.

Түүнчлэн, үндэсний “Хүн ам зүй” (“Демография”) төслийн хүрээнд эрүүл хоол хүнс, бие бялдрын идэвхжлийн асуудлыг тусад нь авч үзсэн ахимаг насны иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх талаар арга зүйн тусгай зөвлөмжийг эмч нар боловсруулж байна хэмээн Ткачева өгүүлжээ.

Тэтгэврийн насны хүмүүсийн хувьд зүрх-судасны өвчлөлийн эрсдэл дагуулдаг хэвлийн өөхлөлтөөс салахын тулд цагийн хуваарьтай дасгал хөдөлгөөн илүү таарч тохирдог болохыг Америкийн ахмад настны нийгэмлэгийн судлаачид өмнө нь тогтоож нотолсон билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ