Цэцгэнд дурлагсдын зорих газар “Монгол флора”

2019-06-14

Б.ДОЛЖИНЖАВ

“Цэцэг тарина гэдэг нялх хүүхэд асрахтай адилхан хэцүү зүйл. Хүйтэн болбол хөлдчих вий, хэт халвал наранд шарагдаад хатчих вий гэж үргэлж санаа зовно. Би ч ер нь их хэцүү ажил сонгожээ” хэмээн ярих бүсгүй бол “Монгол Флора Дэвшил” компанийн захирал Л.Дондогмаа юм. Тэрээр 2012 оноос хүлэмжиндээ олон төрлийн цэцэг тарьж ургуулан, хувь хүн, байгууллагуудад борлуулж байгаа.  Өнгө алагласан цэцэг харахаар сэт­гэл догдолдог энэ үеийг тааруулан түүний хүлэмжийг нь зорилоо. Ха­шааны хаалга нээгдэхэд нүд уна­гаж, сэтгэл татам өнгө өнгийн цэцэгс биднийг угтав. Эднийх ха­шаандаа найман хүлэмжтэй аж. Эхний хүлэмжинд орвоос ханыг нь дагуулан улаан, ягаан, цагаан цэцэгсийг өнгө алаглуулан тарьжээ. Харин төв хэсгийн зарим нэг газар улаан цэцэг дэлгэрснийг эс тооцвол бай­­цааны навчис мэт бүхэлдээ но­­гоон навчис эзэлжээ. Гэтэл Л.Дондогмаа навчисыг хараад энэ цагаан цэцэгтэй, тэр нь шар, харин энэ улаан цэцэг гарна. Цаана харагдаж байгаа навч бол өргөст хэмх тарьсан гэж байлаа. Тэрээр “Бид цэцэгнийх нь өнгийг навчийг нь хараад л мэддэг болчихсон” хэмээн бардам хэлж буй нь түүний олон жилийн туршлагыг илтгэнэ.

Харин дараагийн хүлэмжинд савтай нэгэн ижил хөх өнгийн цэцэгсийг эгнүүлэн тавьжээ. Учрыг нь асуувал “Хувь хүн, байгууллагууд савтай нь тариулж, хэсэг арчлуулж байгаад авдаг. Энэ бол  нэг хүний тариулсан 190 цэцэг” гэв. Энэ жил 12 төрлийн 40-өөд сортын 250 мянган цэцэг тарьсан ч зургадугаар сар гарахаас өмнө 60 хувийг нь борлуулаад дуусчээ. “Тавдугаар сар хамгийн борлуулалт сайтай сар байдаг. Энэ жил цэцгээ багадуулчихжээ. Манайх 700 мянган цэцэг тарьж байсан удаатай” хэмээн хуучиллаа. Үнэхээр борлуулалт сайтай байдаг бололтой. Биднийг нэг цаг ярилцаж суухад түүний утас зогсоо зайгүй дуугарахын сацуу ажилчид нь “Нэг хүн 60-хан цэцэг авъя гэнэ. Гялс гаргаад өгчих үү” гэж хэлчихээд гараад явтал өөр нэг хүн хашаагаар орж ирэх жишээний. “Цэцэг тарихад маш их хөдөлмөр шаардана. Зогсоо зайгүй шоргоолж шиг л ажиллах хэрэгтэй. Өдөрт хоёр заримдаа гурав усална. Тайралт, тандалт хийнэ. Агаар, салхи оруулахгүй бол ялзарна. Нар хэт үзүүлбэл хатчихна. Ер нь их хэцүү ажил учраас худалдаж авч буй хүмүүст арчилгаа, усалгааны талаар сайн хэлж өгдөг” гэв. Одоогоор “Монгол Флора” компани зургаан эмэгтэй, таван эрэгтэй нийт 11 ажилчинтай. Бүгд дээд боловсрол эзэмшсэн, зарим нь гадаадад сургууль төгссөн учир ажилдаа хандах хандлага, хариуцлага өндөртэй байдаг аж.

Л.Дондогмаа 1986 онд Поли­техникийн дээд сургуулийг архи­­тектор мэргэжлээр төгссөн. Хөрөнгө оруулалтын газар хяналтын ин­женер, хувийн барилгын компанид нөхөр­тэйгөө ажиллаж байгаад тэтгэвэртээ гарс­наас хойш цэцгийн бизнес эр­хэлж байгаа аж. Тэдний бизнесээ эхлүүлсэн түүх маш энгийн. 2012 онд Голландад аялж яваад нэгэн цэцгийн компани руу орчихжээ. Гэтэл цэцэгнүүд нь таалагдаад үр худалдаж аваад Монголдоо ирж хүлэмжиндээ суулгаад л тариалж эхэлсэн түүхтэй. Хаана сайн чанарын үр байна гэж хайсаар АНУ, Голланд, Чехээс “Алтан зул”, “Сараана” гэсэн тансаг цэцэгсийн үр худалдаж авчээ. Харин шороогоо ОХУ-ын Ленинградаас худалдаж авдаг. Энэ компаниудтай онлайнаар харилцаад л үр болон шороогоо худалдаж авдаг нь түүний боловсролын түвшинг илтгэх мэт. Тэр байтугай цэцгийн компанийнхаа групптээ 30 орчим насны хүмүүсийг Boost хийсэн чинь худалдан авалт сайн байгаа гэж ярьж буйгаас үзэхэд технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж яваа эмэгтэй юм. Монгол шороонд цэцэг 4-5 сар ургадаг бол орос шороонд хоёр сарын дотор ургадаг учир цаг хугацаа, зардал хэмнэдэг аж. Голланд үрийн хун цэцэг, Хятад үрийнхээс эрс ялгаатай, үнэр нь хүртэл сайхан байдаг гэнэ. Тус компанийн тарьсан цэцэг олон давуу талтай. Тухайлбал, Мандарваа цэцгээс бусад нь -5 хэм, намар -7 хэмийн хүйтэнд ч тэсвэртэй байдаг аж. Тэр байтугай өвөл цас ороход цэцэглэхээ болихоос биш навч нь хөлддөггүй. Эрт тариад цас орохоор хүлэмжээ гялгар цаасаар хуччихвал цэцэг нь яах ч үгүй байдаг олон онцлогтой. 2013 онд 100 мянган Лили буюу Сараана цэцэг тарьсан ч 10 мянгыг нь борлуулж үлдсэнг нь хүмүүст бэлэглэжээ. Гэтэл тэр үед хүмүүс “Энэ чинь юу юм, энүүгээр би яах юм” гэж гайхан асууж тэр байтугай “400 цэцэг өгчих. Ууланд л ургадаг цэцэг биз дээ сүртэй юм” гэж хэлж байсныг бодвол хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, цэцгэнд хайртай болсон. Одоо хүмүүс өөрсдөө манайхыг зорьж ирдэг. Холоос зориод ирж байгааг нь хүндлээд цааш нуусан гоё цэцэгнээсээ өгнө. Увс, Өвөрхангай, Замын-Үүдээс ч хүмүүс цэцэг авдаг. Ахмад настнууд тэтгэврээ буухаар таван цэцэг авъя гээд ирвэл би 15-20 болгоод л өгчихдөг. Тэдэнд арай өөр хандах ёстой” гэж ярилаа. “Анх манай компанийг Хятадаас цэцэг оруулж ирж зардаг гэж хүмүүс бод­дог байсан юм билээ. Одоо өөрсдөө ирээд хүлэмжтэй танилцаад, өөрс­дийн хөдөлмөрөөр ургуулж буйг харс­наас хойш захиалга тасрахгүй байгаа” гэв.

Биднийг буцах үеэр Зайсанд айлын гадаа цэцэг тарихаар явсан ажилчид нэг айлд 1000 гаруй нөгөө айлд нь 20 орчим цэцэг тариад иржээ. Шангри-Латай тав дахь жилдээ хамтарч ажиллаж байгаа бөгөөд жилд 2400 цэцэг тариулдаг гэнэ. “Энэ жил өнгийг нь өөрсдөө сонгоорой гэсэн. Ирэх бүтэн сайнд очиж тарина даа” гэв. Ийн тэд ням гаригт Шангри-Ла цамхагийн гадаа ямар цэцэг, хаана нь хэдийг тарих талаараа ярилцсаар үлдсэн юм. Нэг ажлаа дуусгаж ирээд л шууд дараагийн ажлынхаа талаар ярилцаж буй тэднийг хараад үнэхээр энэ ажилдаа дуртай, хөдөлмөрч хүмүүс юм даа хэмээн бодсон юм. Дэлхийн шилдэг сортоор тарьж ургуулсан гоёмсог өнгө, үнэртэй цэцгэнд дурлагсдын заавал зорих газар “Монгол Флора” цэцгийн компанийн хүлэмж яахын аргагүй мөн гэдгийг дуулгая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.14  БААСАН  №121  (6088)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ